"Налайхын зам" буюу Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км автозамын хөдөлгөөнийг өнөөдөр нээлээ.

Тус 20.9 км автозамын өргөтгөл, шинэчлэлтийг БНХАУ-ын Засгийн газраас  Монгол Улсын Засгийн газарт олгох урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэн хэрэгжүүлж буй юм.

Нээлтийн үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Хуучин  замын ашиглалтын хугацаа 60-аас дээш жил болсон учир зам бүхэлдээ  эвдэрсэн, хөдөлгөөний аюулгүй байдалд ихээхэн хүндрэл учирсан, осол  гардаг, ачаалал ихтэй зам болсон байсан. Тиймээс энэ замыг шинээр барих зайлшгүй шаардлага байсан. Олон жил ярьсны эцэст бодит ажил хэрэг болж буйд Ерөнхий сайдын хувьд баяртай байна. 

Би 2019 оны нэдүгээр сард холбогдох албан тушаалтнуудад тус замыг шинэчлэх үүрэг өгсөн. Үүргийн дагуу ЗТХЯ, нийслэлийн автозамын газар, нийслэлийн удирдлагууд цаг хугацаанд нь ажлаа сайн хийж биелүүлсэнд талархаж  байна. Замын ажилд оролцсон бүх хүнд талархал илэрхийлье.

Налайх чиглэлд үнэхээр сайн зам тавигдаж буй. Ямар чанартай зам тавьсан нь  удахгүй харагдах байх. Өнгөрсөн зун маш их бороотой, усархаг байснаас 29 өдөр алдсан. Гэвч Хятад, Монголын замчид шаргуу ажиллаж, замыг товлосон хугацаанд ашиглалтад орууллаа. 

Өнөөдөр замын хөдөлгөөнийг нээж буй ч ирэх оны 4 дүгээр сараас замын хоёр  талаар төмөр хашлага, явган хүн, дугуйн зам, суурьшлын бүсүүдэд явган  хүний гүүрэн гарц хийх ёстой. Улмаар 2020 оны 7 дугаар сар гэхэд энэ зам бүрэн утгаараа ашиглалтад орно" гэдгийг онцлон хэллээ.

Замын хөдөлгөөний нээлтээс гэрэл зургаар онцолж байна.