Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар, Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газар, Хөвсгөл аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооноос хамтран зохион байгуулж буй “САРЛАГ НААДАМ”-2023  арга хэмжээ эхэллээ. Тав дахь жилдээ болж буй энэхүү наадам Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 5 дугаар багийн нутаг “Далан булаг”-т долдугаар сарын 20, 21-ний өдрүүдэд үргэлжилнэ. 

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сум байгаль, цаг уурын хувьд сарлаг маллах хамгийн таатай нутаг бөгөөд 2022 оны байдлаар 34 мянган толгой сарлаг үхэр тоолуулжээ. Сумын малчин өрхийн  орлогын 30 орчим хувийг сарлаг үхрээс гарч буй бүтээгдэхүүн эзэлдэг.

Сарлаг үхрийн ашиг шимийг нэмэгдүүлэх, малчин иргэдийг дэмжих, бүтээгдэхүүнийг зах зээлийн эргэлтэд оруулах, аялал жуулчлалын эвэнт арга хэмжээ болгон хөгжүүлэх зорилгоор 2014 оноос эхлэн “Сарлаг наадам”-ыг зохион байгуулж, гадаад дотоодын жуулчдын сонирхон ирж үздэг арга хэмжээ болж өргөжсөн билээ.

"Сарлаг наадам-2023" арга хэмжээний хүрээнд өнөөдөр (2023.07.20) сарлаг бугуйлдах, сарлагийн сүүтэй үнээ шалгаруулах, сарлаг булгиулах тэмцээнүүд болж буй бол маргааш (2023.07.21) сарлаг үхрийн уралдаан, сарлагийн хөөвөр, ноолууран бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа үргэлжлэх юм.