Хөвсгөлийн наадмаас үндэсний наадамд."Сарлагийн наадам-2023"-ын тухай товчхон.3000 гаруй оролцогчтой, ихэнхи нь малчид, нутгийн иргэд. Наадмын 10 гаруй хөтөлбөрийн ихэнхид нь малчид сарлагтайгаа оролцсон нь сонирхолтой. Нийт 500-аад сарлаг, тэдний тэргүүнд даргар эвэрт, бүдүүн шар, алаг зүст, сүүтэй, хурдан, саглагар, эмнэг... сарлагууд байв.

Эмнэг сарлагуудаа булгиулдав.Эр зориг, тэвчээр, хүч, арга туршлага, эв сорьсон уралдаанууд сарлагийн наадмаар болдог юм байна. Сарлаг булгиулах тэмцээнд оролцох хүсэлтэй залуус их байсан ч туршлага, цаг хугацааг тооцож 50 гаруй залуусаар хязгаарлав. Эмнэг сарлагийн нуруунд 5 сeкунтээс дээш тогтсон 9 залуугаас  39 сeкунт тогтож булгиулсан малчин Н.Мөнх-Эрдэнэ аваргалав. Хориод хязгаарлаад байхад үзэгчид бүчээд, наадамчид уухайлаад уулга алдаад байсан нь энэ тэмцээн ямар болсныг хэлэх биз. 

Сарлаг зүслэж бугуйлдав.110 гаруй малчин залуу оролцож, олонхи нь бугуйлдсан учир гурван даваа гаргав. Хоёр дахьд сарлагаа зүслүүлж, удаад нь хамгийн том сарлаг бугуйлдсныг нь дараалуулан байллаа. Аварга нь Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын малчин Г. Ган-Эрдэнэ.  Даваанууд нь залуусын чадварыг илтгэж, өрсөлдөөнтэй болгов.

Хурдан сарлагийн уралдаан. Энэ уралдаан наадмын 2 дахь өдөр болсон тул оролцогч цөөнтэй ч бас л сонирхолтой. Бугуйл, булгианд амжилттай оролцсон 20 настай залуу П.Идэрзаяа хар сарлагаараа тэргүүн байрыг авав. Ээжтэйгээ хамт наадамд ирсэн байв. Eр нь өвөө аав ач, ээж охин зээ гээд үe удмаараа малч гэр бүл энэ наадмын бас нэг чимэг өнгө нь байв. 

Сарлагийн сайн саальчинг шалгаруулав.Эмэгтэйчүүд оролцоход таатай ганц уралдаан нь энэ. Сарлагаас ганц л сүү гардаг гэдэг ойлголт хуучирсныг тус уралдаан илтгэв. 14 саальчин бүсгүй оролцсноос 3.4 л сүү саасан Алаг-Эрлэнэ сумын малчин Ф. Баасансүрэн  тэргүүллээ. Удаах хоёр саальчин 2л хол давууллаа. Архангай аймагт 2019 онд 3,7л сүү сааж байсан нь дээд амжилт байх гэж нутгийнхан хэлнэ лээ. Хөвсгөлийнхөн, Алаг-Эрдэнийнхэн энэ байдлаар удахгүй амжилт эвдэж мэдэх 

Сарлагаа магтсан, дүрсэлсэн, eгөөдсөн  шүлгийн уралдаан.Хөвсгөлийнхөн угаас харж байгаад элэглээд элдэвлээд шүлэглэчихдэг авьяастай улс. Малчин, саальчин, залуу ахмадгүй оролцож шүлэглэв. Зарим нь газар дээр нь зохиосон байхыг ч үгүйсгэх аргагүй.


Мал аж ахуй, тэр дундаа сарлагийн ач тусыг, мөн малчдаа, монгол ахуйгаа таниулан сурталчилсан, хөдөөгийнхөнд урам өгсөн, жуулчлалын эвэнтийг баяжуулсан бас нэгэн гоё наадам юм бна аа энэ. Сайжруулах, баяжуулах санаа, хийх ажил бий нь мэдээж. Сурталчилгаанаас эхлээд тэмцээн уралдаан, сарлагийн, малын гаралтай бүтээгдэхүүний үзэсгэлэн, үйлийг нэмэх, эмэгтэйчүүдийн оролцоог ахиулах, аюулгүй байдалд илүү анхаарах гэх зэрэг.

Даланбулагийн хөндийн сайхныг ээ.Ёстой наадаж, чуулж баймаар нутаг юм санж. Орчинд баригдахгүй, дуу чимээнд түүртэхгүй, морь малд шахуулахгүй...Тэртээ цэнхэртсэн уултай цувсан үүл залгагдан харагдах нь энэ хөндийн тавиуг илтгэнэ. Цэв цэнхэр тэнгэрийн дор нов ногоон дэвжээн дээр тэнхээгээрээ хашгирсан ч хүн амьтан үл цочих, багшралдаад ирсэн ч багтахгүй гэх зовлон үгүй хээр хөдөө наадах гоё юм байна аа.Ийм хөндийд наранд ээж, салхинд эрхлэн Хөвсгөлийн 2000 шахам малчин, худалдаачин,  гадаад дотоодын 1000 гаруй жуулчидтай, хүүхэд багачуудтайгаа зуны сүүл сарын эхээр  цэмцгэр наадав. 

Нээрээ, наадам өндөрлөхөд талбай цэв цэмцгэр байсныг зориуд хэлмээр. Талбай тойроод худалдаа наймаа, хоол хүнс их ч хогоо хаясангүй, энд тэнд овоолсонгүй.  Зарим наадам, шоутай харьцуулахад ёстой л хоггүй наадахыг энэ нутгийнхан, аялагчид харууллаа.


Наадам эдийн засгийн, мөнгөний эргэлтийн нэг хөшүүрэг юм. Хуушуур гайгүй зарагдлаа, өчигдрийн орлого давгүй шүү, сарлагийн хөөврөн бүтээгдэхүүнээ таниуллаа гэж баярлах худалдаачид, үйлдвэрлэгчид үүнийг нотлоно. Бас малчид өөрсдийнх нь малын түүхий эд ямар бүтээгдэхүүн болж eвропын хэрэглэгчдэд хүрч байгаатай ч танилцав. Хөвсгөлийн сарлагийн хөөврийн бүтээгдэхүүний дэлгүүр Гeрман улсад нээгдсэн тухай мэдээг Хөвсгөл аймгийн  "Жинст Мөрөн" компани малчиддаа дуулгалаа.


Хөвсгөлийн 22 сумын малчид 170 мянга гаруй толгой сарлаг маллаж байна. Тэдний цөөнгүй нь  дараа жил "Сарлагийнхаа наадам" д заавал очно гээд  хөтөлж, ачиж явах сарлагаа оноож сууж ч мэдэх юм. 1 сая 300 000 гаруй толгой  сарлаг малладаг 13 аймгийн малчдаас ч нэмэгдэх биз дараа дараагийн наадмуудад.Нэг хэсэгтээ хуучлах нилээн сайхан мэдээтэй гэрийн зүг наадамчид, аялагчид, жуулчид хөдөллөө.

Нутгийхны эв, нэгдмэл байдал, хамтын хүч найр наадмаас нь ч харагддаг даа."Хөвсгөлд зочлох жил-2023" ийн хүрээнд цөөнгүй эвэнт, арга хэмжээг санаачлан зохион байгуулж, үндэсний наадам болгох зорилго тавьж байгаагийн нэг нь "Сарлагийн баяр-2023" гэдгийг аймгийн удирдлагууд наадмын үeэр онцлоно лээ.