Д.Даваадулам
09 сарын 05, 2023
Өнгөрсөн зун Хөвсгөл аймгийн Хатгал тосгоныхон, тэнд ажил үйлчилгээ эрхлэгчид, Жанхайн аялагчдын бухимдлыг төрүүлсэн нэг асуудал нь Хатгал-Жанхай-Тойлогт чиглэлийн зам байлаа. Энэ чиглэлийн замыг хатуу хучилттай болгож Хөвсгөл нуураа тоос шороо бохирдлоос хамгаалж, аялагч амрагчид, нутгийнхны зорчих нөхцөл байдлыг сайжруулахаар 2022 оны 04 сараас хөрс шороог нь хуулсан ч өнөөдрийг хүртэл хучилтаа эхлээгүй байгаа юм.
Жанхайн даваа уруудахад зам хөндлөн өрж тавьсан мод, чулуунуудтай байн байн таарна. Манантсан шороо тоосыг буруулж, ослоос сэргийлэх гэсэн нутгийнхны мухардсан арга гэх үү дээ.
Азийн Хөгжлийн Банкны суурин төлөөлөгч Шеннон Коулин тэргүүтэй бидний баг ч 08 сарын сүүлээр энд ажиллахад ийм “хурд сааруулагч”-тай хэд хэд таарч тойрч гарав. Харин нутгийнхны зарим нь “зун хаачив” гэж асуугаад байсан замын барилгын ажиллагсад том том техниктэйгээ хэд хэдэн газарт ажиллаж харагдав. Замын барилгын ажил төлөвлөснөөс 4-6 сараар хоцорч байна. Цар тахлын нөхцөл байдлаас гадна цэвдэгтэй замын барилгад хэрэглэдэг бодис, түүхий эд Оросоос ачигдахгүй удааширсантай холбоотой гэсэн мэдээллийг холбогдох газрууд нь өглөө.
“Бээжин Юни-Констракшн групп” ХХК нийт 37.9 километр тус авто замыг 8 зогсоолын хамт барих тендерт шалгарч ажиллаж байгаа нь энэ юм. Замын технологи-техникийн зөвлөх үйлчилгээ, хяналтыг “Эс Ар Пи консалтинг Монголиа” ХХК хариуцаж байна.
БНХАУ-ын төрийн өмчит “Бээжин юник констракшн Монголиа” группийн захирал ЛИУ ВЕЙ:
Ковидын нөхцөл байдал нь бидэнд том сорилт боллоо. Цар тахлаас үүдэн Хятад улсын хил энэ оны 01 сараас нээгдэж мэргэжилтнүүд Монгол улсад ирж ажиллах нөхцөл бүрдсэн. Бетон зуурмаг, асфальт, бутлуурын гээд нийт 4 үйлдвэрээс гадна зам дээр 150 хүн ажиллаж байна. Энэ онд бид гүйцэтгэлээ шахаад нийт 20 км замыг асфальтаар хучихаар төлөвлөж байна.
Энэ намар хэрхэн ажиллахаас ирэх 2024 оны 04 сар гэхэд ажлаа дуусах эсэх нь тодорхой болно. Гэрээгээр энэ хугацаанд бид ажлаа хүлээлгэж өгөх ёстой. Ямар ч байсан ирэх оны 08 сар гэхэд бүрэн дуусна. Мөн цэвдэгт хэрэглэдэг материал ОХУ-аас орж ирэхгүй удааширснаас болж хугацаа алдлаа. Энэ 09 сарын эхээр Монгол руу ачигдаж орж ирнэ гэсэн мэдээтэй байна.
“Бээжин юник констракшн Монголиа” группийн ерөнхий инженер Г.ЧИНГЭС:
Хүйтэн сэрүүн цаг агаартай, цэвдэгтэй бүс нутагт зам барьж байгаа болохоор 37,9 км зам дээр геоторлог хязгаарлагч, гео нэхмэл, полимербитум хэрэглэж байна. Хөдөлгөөн, цэвдгээс шалтгаалан овон товон үүсэхгүй байхаар тооцож шинэ технологийг анх удаа туршиж байгаа нь энэ. Ашхай, Хүзүүвчийн шил гээд цэвдэг ихтэй 5,5 км замд геосел геотор хэрэглэж байна. Үндсэн автозамын трансаар 20см-ын буталсан чулуун хучилт, дээр нь 6 см-ын полимербиет хучилт хийж байгаа. ОХУ-аас зарим материалаа хүлээж байна.
Бид энэ сурвалжилгын дараа, 09 сарын 05-ны өдөр “Эс Ар Пи консултинг Монголиа” ХХК-аас ОХУ-аас шаардлагатай бодис орж ирсэн эсэхийг тодруулахад “Үгүй. Замын хучилтын ажил эхлээгүй. Хүлээж байна” гэсэн хариу өгсөн юм. Нөгөөтээгүүр Мөрөнгөөс Хатгал руу ойртох тусам хатуу хучилттай замын овон товон ихсэж, машин эвдэрч, осол гарах нь ажиглагддаг. Цэвдгээс үүдэлтэй ийм нөхцөл байдал үүсгэхгүйгээр Монголдоо анхдагч шинэ технологийг дээрх замыг баррихдаа ашиглаж байгаа юм байна.
Азийн Хөгжлийн Банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Шэнон Коулин Хөвсгөл аймагт хэрэгжүүлж буй “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл” ийн хүрээний бүтээн байгуулалтуудтай танилцсаны дараа “Цар тахал, Орос Украйны дайнаас үүдсэн тодорхой бэрхшээлүүдийн улмаас Монголд хэрэгжүүлж байгаа төслүүд хугацаа алдсан, саатсан, зардал хэтэрсэн тохиолдлууд байна. Төслүүдээ төлөвлөсөн хугацаанд амжилттай дуусгах нь чухал” гэсэн юм. АХБ-ны 38 сая ам.доллар, Монгол Улсын Засгийн газрын 0.4 сая ам.долларын санхүүжилтээр “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”ийг 2019-2024 онд хоёр тал хамтран хэрэгжүүлж байна. Тус төслийн хүрээнд хийж буй дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтын нэг нь Хатгал-Жанхай-Тойлогт чиглэлийн тус зам юм.
• Хатгал тосгон-Жанхайн даваа хүртэл 30.4 км • Хатгал-Хүзүүвчийн шил хүртэл 5.5 км • Хатгал тосгоноос Нисэх буудал хүртэл 2 км • 8 авто зогсоол |
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.