Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар, Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөлтэй хамтран “Нээлттэй Хөвсгөл 2023” арга хэмжээг Улаанбаатар хотноо 2023 оны 10-р сарын 6,7 –ны  өдрүүдэд Сүхбаатарын талбай дээр зохион байгуулах гэж байна.

Монгол Улсын Их хурлаар баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”, Монгол Улсын Ерөнхий сайдын 2022 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 157 дугаар захирамж, Хөвсгөл аймгийн ИТХ-ын2022оны 18 дугаар хуралдааны 11 дүгээр тогтоолоор батлагдсан “Нээлттэй Хөвсгөл” хөтөлбөрийн зорилтыг хангах хүрээндХөвсгөл аймагт амьдрах таатай орчин, давуу тал, боломж нөхцөлийг Улаанбаатар хотын иргэн, аж ахуйн нэгжид сурталчлан,нутагтаа ирж амьдрахыг урьсан шинэ боломж, шийдлүүдээ танилцуулах нээлттэй, цогц арга хэмжээ болох юм.

Хот хөдөөгийн сэргэлтийн бодлогын хүрээнд Хөвсгөл нутагт ажиллаж амьдрах бүх талын дэмжлэг, боломжийг танилцуулах, аймгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, бизнес эрхлэгчид, малчид тариаланчдын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн үйлчилгээг орон даяар таниулан сурталчлах, борлуулах, бизнесийн түншлэлийг тогтоох, шинэ инновац туршлага судлах, дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж нэвтрүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэл, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэж байна.

Энэ үеэр “Хөвсгөлийн ирээдүй” нээлттэй уулзалт, “Нээлттэй ажлын байр”-ны үзэсгэлэн, “Хөвсгөлөөр аялцгаая” үзвэр, мэдээлэл, “Хөвсгөлчүүд дайлж байна” амталгаат худалдаа, “Нээлттэй Хөвсгөл-Нутгаа зорьё” сумдын танилцуулга, “Хөвсгөлийн цуурай” Хөвсгөл аймгийн зураач, урчуудын үзэсгэлэн, “Хөх сувдын орон” урлагийн тоглолт, “Хөвсгөл гоёл” үндэсний хувцасны загварын үзүүлбэр, “3X3” сагсан бөмбөгийн тэмцээн, номын үзэсгэлэн худалдаа болно.

Хоёр өдөр дараалан Сүхбаатарын талбай дээр цогц арга хэмжээ үргэлжилж, иргэд Хөвсгөл нутгийн онцлогтой танилцахаас  гадна урлаг соёлын үзүүлбэр үзэж  Хөвсгөлийн брэнд бүтээгдэхүүнийг худалдан авах боломжтой юм.

“Хөвсгөлчүүд дайлж байна”  хоол хүнсний худалдаагаар Хөвсгөлийн бүтээгдэхүүнээр хийсэн хоолны амталгаат худалдаа болно.  Хөвсгөлийн цай, загас загасан бүтээгдэхүүн, аяганы хорхог, жимс, жимсгэнэ, цагаан идээ зэрэг нутгийн бренд бүтээгдэхүүн борлуулна.

“Нээлттэй Хөвсгөл-Нутгаа зорьё” сумдын танилцуулгын үеэр Хөвсгөл аймгийн бүх сум өөрсдийн онцлогийн талаар Сүхбаатарын талбайн хуваарилагдсан асарт болон талбайн төв тайзан дээр танилцуулга хийж байхад  “Хөвсгөлийн цуурай” Хөвсгөл аймгийн зураач урчуудын үзэсгэлэн Чингис хааны музей 1 давхарт нээгдсэн байна. 

 “Хөвсгөлөөр аялцгаая” арга хэмжээгээр Хөвсгөл аймгийн байгалийн үзэсгэлэнт газрууд, эвент арга хэмжээ, түүх, соёлын аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцахын зэрэгцээ “Хөвсгөл гоёл” хэмээх  Хөвсгөлийн 6 ястны   соёлыг сурталчлах загварын үзүүлбэрийг сонирхох боломжтой.  Энэ үеэр  олны танил эрхмүүд үндэсний хувцсаар гоёж, иргэдтэй зураг авахуулж, зүүсгэл чимэглэлээ тайлбарлана. Мөн    3х3 сагсан бөмбөгийн талбайд залуусын тэмцээн, чөлөөт тоглолт, сагсан бөмбөгийн үзүүлбэр үзүүлж байхад  Хөвсгөл аймгийн зохиолчид, яруу найрагчид, судлаач, эрдэмтдийн номын үзэсгэлэн худалдаа, номоо солилцох, хандивлах арга хэмжээ зэрэгцэн болно. Ийнхүү  зөвхөн үзэсгэлэн худалдаа бус өргөн хүрээг хамарсан Хөвсгөл аймгийг сурталчлах, таниулах цогц  арга хэмжээ гэдгээрээ онцлогтой. 

“Хөвсгөлийн ирээдүй” нээлттэй уулзалтаар  Хөвсгөл аймгийн хөгжлийн өнөөгийн байдал,  Хөвсгөл аймгийн хөгжлийн боломжууд, Нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны шинэчлэлийг танилцуулж, “Хөрөнгө оруулалтын сан”-ийн үйл ажиллагааг эхлүүлэхээр төлөвлөсөн байна.

“Нээлттэй ажлын байр”-ны үзэсгэлэнгээр  Нийслэл, орон нутаг дахь төр, хувийн хэвшлийн нээлттэй ажлын байрыг танилцуулах, ажил идэвхтэй хайгчдын бүртгэх, зөвлөгөө мэдээллээр хангах, орон нутагт шаардлагатай байгаа ажлын байрны танилцуулга, шилжин суурьшиж ажиллаж, амьдрах иргэдэд үзүүлэх дэмжлэг, боломж бий болгоход чиглэнэ.

Мөн  Хөвсгөл аймгаас гаралтай дуучид, уран бүтээлчид уран бүтээлээ олон түмэндээ өргөнө.“Хөх баавгайн домог” уран бүтээлийн нэгдэл  “Тайгын эгшиглэн” тоглолтоороо

6 ястны язгуур урлагийг олон нийтэд сонирхуулна. “Соён гэгээрүүлэгчдийн өлгий”- Хүндэтгэлийн тоглолт,  “Хөвсгөлд тавтай морил”-Хаалтын шоу тоглолт болно.