Д.Даваадулам
03 сарын 14, 2022
Хөвсгөлийн тайгын түүхийг, хүн ардынх нь ахуйтай гурван арван жилээр, магадгүй судалсан, мэдсэн, ойлгосон, амссанаараа түүнээс ч урт жилээр өгүүлэх нэгэн бол “Байгалийн эсрэг хэрэгтний харанга” Ж.Төмөрсүх гуай юм. Түүнд хулгайн анчид, нинжан толгойлогчдыг байгалиа хамгаалагч болгон өөрчилж явсан түүх ч бий, хувь заяа мэдэг гээд тайгын хуулинд сөхөрч, мэгшиж явсан үе ч бий. Зах зухаас нь багахан хөөрөлдөв. Жалын Төмөрсүхийн амьдрал бол Хөвсгөлийн хөх тайгын том зураг юм байна гэж бодсон доо. Ярилцлагын эхлэлийг эндээс уншина уу.
-Та нарт тайгын дараагийн хамгаалагчдыг бэлтгэнэ гэдэг нэг том үүрэг бий болов уу?
Энэ бол миний сэтгэл зовоож явдаг сэдэв. Мэдээж би насаараа ажиллаж чадахгүй. Тайга бол 55-аас дээш насны хүмүүс яваад хамгаалах газар ч биш. Үхэл амьдралын зааг дээр булчин шөрмөс шалгасан ажил. Тийм учраас байгаль хамгаалагчдыг 55 нас хүрэхээр нь тэтгэвэрт гаргаж өгөөчээ гэж гуйгаад хүсээд байгаа юм. Улаан тайгад Хөвсгөлийн амь амьдрал нь байна. Дархадын дөрвөн сумаас үүний төлөө чин сэтгэлээсээ ажиллах хүн байна уу гэдэг бодол надад байнга орж ирдэг.
-Ер нь та бүхэн хэчнээн га талбайг хамгаалж байна вэ?
Нэг байгаль хамгаалагчид ногдох дархан цаазат газар бол 50 мянган га, байгалийн цогцолборт газар бол 70 мянган га гэж тооцдог. Тайгын бүсэд нөхцөл байдал өөр. Хүн хүч дутуу ажиллаж байгаа учраас нэг хамгаалагч 40-90 мянган га-г хариуцаж байна. Хөвсгөл аймгийн дархадын хотгорын дөрвөн сумын газар нутгийг хамаарч байгаа юм. 1.6 сая га газарт 30 гаруй байгаль хамгаалагч ажиллаж байна гэсэн үг.
Сүүлийн 10 жил 6-10 байгаль хамгаалагчийн орон тоон дээр хүн ажилласангүй.
Төрийн албаны шалгалтад тэнцсэн байх ёстой гэдэг. ТАЗ-аас тэнцсэн нь гээд өвлийн хүйтэнд нимгэн тирко өмдтэй эмэгтэй хүүхэд явуулж байгаа шүү дээ. Тийм хүнийг тайга руу үх гэж явуулах уу. Хэн ч байсан тийм охин хүүхдээ тайга руу явуулахгүй шүү дээ. Амьдралаас аюултай хол зүйл. Сумын төвд нэг хоноод л даараад буцаад явчихдаг.
Манай 32 байгаль хамгаалагчаас 10 гаруй нь төрийн албаны шалгалт өгөөгүй, зарим нь өгөөд тэнцээгүй. Гэсэн ч уул тайгад гүйцэтгэх ажлаа хэнээс ч дутуугүй хийдэг. Тэднийг халчих юм бол тайга өнөөдөр эзгүйрнэ.
Миний үүрэг бол энэ тайгыг л хамгаалах учраас энэ хүмүүстэйгээ ийм цалингаар ажиллаад өгөөч гээд заримыг нь гуйж аргадах маягаар ярилцаж тохироод гэрээ байгуулаад ажиллаж байна. Үндсэндээ гэрээт ажилтан. Үндсэн орон тоон дээр авахаар Төрийн албаны хууль зөрчих гээд байдаг зовлон бий. Тэр битгий хэл баклаврын дипломтой хүн байгаль хамгаалагч хийх ёстой гэдэг. Гэтэл их дээд сургууль төгссөн залуучуудыг тайгад ажиллах уу гэхээр үгүй л гэнэ.
-Тэгэхээр гэрээт ажилтнууд цалин бүр бага авна гэсэн үг үү?
Тийм. Удаан жил ажилласны, сайн ажилласны гээд ямар нэгэн нэмэгдэл байхгүй, бор зүрхээрээ зүтгэсээр. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр л цалинжина.
-Энэ бол зөвхөн Хөвсгөлийн тайгын байгаль хамгаалагчдад тулгамдсан асуудал биш байх. Сэлэнгэ аймгийн байгаль хамгаалагчтай ярилцаж байхад мөн л энэ тухай хэлж байсан.
-Тэгэлгүй яах вэ. Говийн бүс нутагт ч ийм асуудал бий. Тэр аагим говь цөлд дээд сургууль төгссөн залуучууд очих нь юу л бол. Тийм учраас би энэ байгаль хамгаалагчдад тавьж байгаа амьдралаас тасарчихсан шаардлага шалгуураа эргэж харах хэрэгтэй гэдгийг байнга хэлдэг. Буугаар зэвсэглэсэн хулгайн анчидтай байгаль хамгаалагч ганцаараа л тулна.
Утсаар тусламж дуудах боломжгүй, цэрэг цагдаа хөдөлгөөд очих боломжгүй. Тайгад, ууланд түймэр гарахад бид мориныхоо тохмыг аваад ганцаараа л нүдэж байдаг.
-Нэг байгаль хамгаалагч багадаа 40 мянган га талбай хариуцдаг гэж байна. Түүнийгээ бүтэн тойрч эргэе гэхэд ямар хугацаа шаардах бол?
Тайгад бүх газраар нэг нэгдгүй явж чадахгүй. Тийм ойлголт ч байхгүй. Хордил сардигт 10 гаруй хоногт үзэх ёстой газраа үзээд хянаад явах боломж бий. Цаадах Улаан тайга, Тэнгэр шишигт зэрэг газраар сар яваад ч тойрч амжихгүй.
-Техник технологи хөгжсөн үед холбоо барих, хэл дуулгах асуудлаа шийдчихэж болдоггүй юм уу гэвэл?
Бид сансрын утсыг хувиасаа мөнгө нийлүүлж байгаад авч үзсэн. Нэг минут нь 1.3 долларын үнэтэй. Төлбөр хураамж нь 2013 онд сарын 70 мянган төгрөг байсан.
Ашиглах эрхээ 500 мянган төгрөгөөр нээлгээд жил болсон. Бараг ярьж ашиглаагүй байхад жилийн төлбөр нь 2.8 сая төгрөг болж байлаа. Зардал мөнгийг нь хариуцах байгууллага, төсөв олдохоо байчихдаг. Алтны нинжанууд орж ирэх үед үүнийг ашиглах гэж үзээд шууд хаалгасан.
“Морь амьд босоод ирэхэд уй хүрдэг...”
-Та бүхний унаж эдэлж байгаа морь, бусад гол хэрэгслийг хаанаас гаргах уу?
-Ер нь ихэнхдээ өөрсдийнхөө амины морьдыг л унаж байна. Албаны ганц нэг морь бий. Зарим морьгүй байгаль хамгаалагчид малчдаас нэг явахдаа шуудай гурил авч өгөөд унана. Тайгаар 7-14 хоног яваад ирсэн морь дахиад 2-3 сар унах боломжгүй мууддаг. Тийм учраас малчид тэр болгон морио өгч явуулаад байхгүй. Ер нь тайгад унаж сурчихсан морь гэдэг бол гайхамшигтай.
Би нэг удаа тайгад хадан хясаан дунд явж байгаад морьтойгоо хальтраад уналаа. Морь маань 10 гаруй метр хясаа руу давж өнхрөөд ганц модонд тулж зогссон. Богцтой хүнс бүр доошоо 100 м газар шидэгдээд голын наад талын бургасанд тогтож үлддэг юм байна. Морио амьд босоод ирэхэд хээр ганцаараа уй хүрдэг байхгүй юу. Уйлж байгаа юм. Хэцүү шүү дээ. /уйлав /. Хэрвээ морь минь үхчихвэл ирж чадах уу, үгүй юу. Энэ бол тайгын л амьдрал юм даа.
Бичлэг үзэх:
Бас нэг удаа, зургаан сард эзгүй тайгад ганцаараа морьтой явж байсан. Гэтэл морины хөл том үхэр асга хаданд хавчуулагдчихаад гарах янзгүй. Хөвх нь бараг өвдөг давж байна. Доор нь асга хад, мөс гээд юу байгаа нь мэдэгдэхгүй, яах ч аргагүй болсон. Ядаж байхад усан бороо цутгаад. Морь минь тонгочиж тонгочиж сүүлдээ “чи л намайг гарга. Би хөдлөхгүй зогсъё” гэсэн янзтай хөдөлгөөнгүй болчихсон.
Надад тэр хад чулууг хөших мод, хагалж бутлах лоом багаж байхгүй болохоор хөл гараараа үзсээр хагас цаг хэртэй ноцолдож байж гаргасан. Тэгээд цааш эгц налуу энгэрээр морио хөтлөөд алхлаа. Морь яг миний гишгэсэн мөрөөр л яваад байгаа юм.
Мөсөн ангал таардаг юм байна. Нэг метр хэртэй өргөн ангалын доогуур нь ус урсана. Би “морь минь амьд гарья гэж байгаа бол намайг л дагаарай” гэж дотроо ярьж залбирлаа. Ингээд өөрөө эхэлж харайж гарчхаад морио зөөлөн татахад үнэрлэж байгаад яг тэр мөрөөр харайгаад гараад ирсэн. Адуу ийм л ухаантай амьтан.
Би 1987 оноос 2007 он хүртэл гурван мориор л энэ тайгыг туулсан даа. Аавын маань өгч байсан тайгын хар нэртэй морь надтай цуг их ч юм үзсэн. Ер нь эцэж цуцсан үед, шөнө харанхуйд зам мөрөө олохоо байгаад ирэхээр мориныхоо амыг сул тавиад мориндоо л даатгачихаж байгаа юм. “Эндээс гарахгүй л бол хоёулаа үхнэ” гээд найдахад гараад ирчихсэн л байдаг.
“Тайгын нууцын нууц”
-Хүмүүс Хөвсгөл гэхээр нуураар л голдуу төсөөлдөг. Ер нь Дархадын хотгор, Улаан тайга, Тэнгэр шишигтийн бусдаас ялгарах гайхамшиг нь юу юм бэ?
-Мэдээж Хөвсгөлийг зорин ирж байгаа улс нууранд ирээд биширч гайхдаг. Түүний ард байгаа өндөр хөх уулсын хойно дахин нэг гайхамшиг байгаа нь Дархадын хотгор. Маш олон хэв маяг, хэлбэр дүрстэй үзэсгэлэнт тогтоцтой баялаг байгалийн өвөрмөц газар нь Дархадын хотгор юм. Гэхдээ зөвхөн нүдэнд харагдах байдал нь энэ.
Хөвч тайгын гүн руу орж мэдрэхээр ямар ч хүн хайрлахаас аргагүй болно. Дархадын хотгор орох замд харж байгаа байгаль бол тэр сайхны дөнгөж 10 хувь нь. Цаана нь 90 хувь нь хэлж ч болохгүй, хэлэх ч шаардлагагүй зүйлүүд бий. Нууцын нууц. Би угнаасаа хүмүүст хэлдэггүй. Үнэхээр гайхамшигтай, хараад л сэтгэл алдарна. Ямар азаар энд хүн болж төрөв, ямар азаар энд байгаль хамгаалагч гэдэг ажлыг хийж, энэ сайхан газрыг үзэв гэж биширдэг.
Олон жил энэ байгалийг хамгаалах гээд үхэн хатан зүтгээд байгаа гол шалтгаан нь тэр сайхныг нүдээрээ үзэж, сэтгэлээрээ мэдэрч яваа болохоор л тэр. Шантрахгүй яваад байгаа учир нь энэ. Юун цалин мөнгө, юун унаж босох. Цалингийн цэс хардаггүй гэдэг чинь ийм учиртай юм.
-Би таны нууцын нууцыг шалгаахгүй ээ. Харин нууцаасаа л хэлчих.
-Дөрвөн улирлын гайхамшиг Дархадын хотгорт байна. Хүн зунаас, намраас, өвлөөс уйдаж болно. Уйдахад чинь дараагийн улирал чамайг тосч авна. Зургаан мэдрэхүйг чинь мэдэртэл байгаль чамд таалагдана. Зургаан мэдэрхүй таалж байхад байгалийг цаашаа гэх хүн байхгүй. Ийм учраас тайгын байгалийн тансгыг нүдээр үзсэн хүн л мэдэрнэ.
Жишээ нь хавар мэлийсэн цагаан цасан дунд яв ягаан цэцэг ургаж л байдаг. Дээд цагаан нуурнаас өвлийн ид хүйтэнд зуны өнгө төрхийг харна. Өвс ургамал нь ногоороод, усны шувууд шаагилдаж байна шүү дээ. Энэ жил 200-аад нугас, 10-аад хун тэнд өвөлжлөө. Усан доторх ургамал нь нов ногоон ч ойр хавиар нь битүү цас. Миний нөгөө далавч нь хугарсан хун аваачиж тавьсан газар чинь тэр шүү дээ. За ер нь би өөрийн мэдэрсэн сайхныг үгээр илэрхийлж чадахгүй байна л даа.
“Шоконд ороод дуу нь гарахаа байчихсан”
-Ой тайгад явж байхад баавгайд бариулчих вий, гахайд хадруулчих вий гэсэн айдас болгоомжлол хэн хүнд төрдөг. Ер нь ийм тохиолдол хэр гарч байв?
-Бид ч гэсэн байнга айдастай л уул тайгад явдаг. Мэдээж орой үдэш унтахдаа аюулгүй газар олох хэрэгтэй. Баавгайн зам дээр хоночихвол тэгээд дуусна. Байгаль хамгаалагчид ихэнхдээ буугүй явна. Хийн гар буу, хутгатай. Аюултай араатан амьтан гэнэт дайрвал яаж ч чадахгүй. Гэхдээ учиргүй дайраад, хүн амьтан үрэгдсэн тохиолдол гарч байгаагүй. Шөнө гал түлээд сууж байхад чоно тойроод уйлах, гэрэлд сүүдэгнэх, баавгайтай таарах тохиолдлууд гарч л байсан.
2020 онд манай нэг байгаль хамгаалагч ойд явж байгаад хоёр бамбарууштай таарсан байгаа юм. Ямар хөөрхөн золигнууд вэ гээд харж байтал мод руу авираад гарчихаж. Тэгээд хартал цаахан талд нь 10 орчим метрийн зайд эх баавгай, түүний цаана дахиад нэг баавгай гараад ирж л дээ. Манай хүн чихээ таглаад доошоо сөхрөөд суучихсан байгаа юм. Одоо дууслаа, хэзээ ирээд бариад авах бол гэж яс нь хавтайж хэсэг сууж байгаад чихээ онгойлгосон чимээгүй байна гэнэ. Нүдний булангаараа харсан чинь ашгүй хоёр баавгай бамбаруушнуудаа дагуулаад цаашаа явж байсан гэдэг. Тэгээд шоконд ороод дуу нь гарч чадахаа байчихсан, эрүү нь заачихсан юм шиг болоод юм ч ярьж чадахгүй өнжсөн. Хэрвээ би буутай явсан бол сандраад буудаж орхиод яах ийхийн зуургүй бариулах байсан биз гэж ярьдаг.
Ер нь аливаа амьтантай улаан нүүр тулчихгүй зайнаас харсан нөхцөлд тэд цаашаа л явдаг. Хэд ойрхон байх үед бол дуу ч гардаггүй.
-Биднийг бага байхад хээр гадаа дуу гаргаж яваарай гэдэг байсан?
Чимээ өгч аюулт амьтантай нүүр тулахгүй байх үүднээс тэгж байгаа юм. Баавгайтай таарлаа гэхэд хол байвал аль болох огцом хөдөлгөөн хийхгүй аяархан холдох л хэрэгтэй. Тухайн мөчид гэнэт орилж дуугарах, буцаж гүйх зэрэг хөдөлгөөн хийвэл баавгай шууд л дайрна.
- Одоо арай өөр сэдэв рүү оръё. Таны бичиж, ярьж байгааг тань анзаарахад ширүүн талдаа шүү. Тэмцэгч талдаа гэх үү дээ. Энэ бол миний л дүгнэлт шүү.
Манай аав тийм шударга, үнэнч хүн байсан. Тэр занг нь өвлөсөн юм болов уу. Хүмүүс “Өвгөн Жалын үг нь үнэн” гэнэ.
-Танай хүүхдүүд одоо хаана юу хийцгээж байна вэ?
Хоёр нь энд бий. Нэг нь одоо байгаль хамгаалагчаар ажиллаж байна. Нэг охин маань нялх багачуудтайгаа энд, нөгөө охин маань АНУ-д суралцаж байгаа.
-Таны хүү ирвэс хамгаалагч Т.Лхагвасүмбэрэл агсныг хүмүүс андахгүй. 2016 онд харамсалтайгаар бурхан болсон. Хэрэг нь шийдэгдсэн үү?
-Тодорхой шийдэгдсэн зүйл байхгүй.
-Шалгаж байдаг юм болов уу?
-Тодорхой баримт гарч ирэхгүй хэргийг тэгээд байлгаад л байдаг юм биш үү. Би тэгж ойлгоод байгаа. Нэг хэсэг эрчимтэй шалгаж байгаад одоо чимээгүй болсон. Миний хүү Өмнөговь аймагт Тост, Тосон бумын нуруунд ирвэс хамгаалах Олон улсын санд ажиллаж байсан. Биологич мэргэжилтэй.
-Хэрэг явдлаас хойш 6 жил өнгөрч байна. Яг юу болсон талаар илүү тодорхой болсон зүйлүүд байна уу?
-Тост, Тосон бумбын нуруу гэдэг газар уул уурхайн үйлдвэрлэл явуулах, элдэв янзын чулуу түүх гэсэн нинжа нар мэр сэр их явдаг байсан юм билээ.
Хэдийгээр миний хүүгийн ажил үүрэгт байхгүй ч гэсэн тэр хууль бус үйлдлүүдийг таслан зогсоох гэж үгээ хэлдэг, ганцаараа, бага залуу ч гэхгүй, өөрт нь хамааралгүй ч гэж бодохгүй санаа зовоод байсан байдаг. Хүний ухсан нүхийг ганцаараа дарж булаад санаа зовоод явдаг байсан байгаа юм. Энэ нутгийг хайрлаж хамгаалахгүй бол болохгүй гэж явсан хэрэг.
Тиймээс “энэ нөхрийг жаахан айлгаж ичээхгүй бол нутгийн иргэдэд мэдээлэл өгөөд буруу зөрүү юм яриад байж магадгүй” гэсэн санаа байсан болов уу гэж боддог л доо. Тэрнээс ууланд гүйж яваа нэг судлаач хүүг хэн яавал гэж дээ. Нутгийн иргэдтэй хамгийн ойр, хүүхэд шиг нь болчихсон байсан.
“Би байгалийн эсрэг гэмт хэрэгтний харанга”
-Та бид хоёрын яриа дуусах дөхөж байна. Сайн сайхныг төсөөлж, билигшээж яриагаа өндөрлөе дөө. Таныхаар ер нь сайхан амьдрал гэж ямар амьдрал юм бэ?
-Эрүүл байвал аз жаргал гэдэг биз дээ. Үнэндээ ямар нэгэн өвчин зовлонгүй бол аз жаргал мөн.
Эрүүл байвал бүх юм болно гээд юу ч хийхгүй өрөө сахиад байвал амьдрал ямар ч утгагүй. Нийгэм ч утгаа алдана. Тэгэхээр хүн болсны мөн чанар юу вэ гээд үзэхээр ул мөр л юм даа.
Хүн, газар нутаг цаашид хэдэн сая жил үргэлжлэн оршихыг таашгүй. Тэгэхээр хүн амьд явах зурвасхан хугацаанд хэн байх вэ гэдгээ л бодох ёстой. Өөрөөр хэлбэл, чиний хийж бүтээсэн зүйл үлдэх ёстой. Аймар баян байна уу, үгээгүй ядуу байна уу тэр сонин биш.
Хөвсгөлд Жалын хүү Төмөрсүх байснаараа Хөвсгөлийн байгаль орчны асуудлыг ямар ч байсан эргүүлж чадсан юм даа гэдэг бодол надад үлдсэн. Хэн ч магтах шаардлагагүй. Ямар ч шагнал урамшуулал хэрэггүй. Миний итгэл үнэмшил, миний 30 гаруй жилийн хөдөлмөр зүтгэл үүнийг үлдээсэн. Тиймээс би үхэж болно одоо. Хүн гэдэг нэрээ хамгаалсан.
Надаас ямар хүн айх вэ, намайг ямар хүн муулах вэ? Энэ бол миний тодорхойлолт. Би танай гэрийн хоолыг булаахгүй, танай гэрт ямар ч аюулгүй. Би байгалийн эсрэг гэмт хэрэгтний аюул, харанга. Би энэ нутагт, Улаан тайгад хэрэгтэй хүн юм байна аа гэдгээ мэдэрлээ. Үүндээ их баяртай байгаа.
-Яаж мэдрэв?
-Сая ажил төрөл солигдоод наана цаана гэхдээ мэдлээ. Улаан тайгад хэрэгтэй юм байна, би, манай хамт олон хэрэгтэй юм хийсэн байна, надыг хүмүүс хүсдэг юм байна гэдгээ ойлгосон. Таягаа тулсан тэтгэврийн хүн ч хэлсэн. Намайг эсэргүүцдэг байсан хүмүүс ч сая дотоод сэтгэлд нь юу байдгыг нээсэн, хэлсэн.
“Улаан тайгаас Төмөрсүх явчихвал манай нутаг сөнөлөө” гэж хэлсэн. Сөнөөх юмыг зогсооход би, бид хувь нэмэр оруулсан юм байна. Хүмүүс түүнийг мэдэрсэн байна. Үүнээс илүү гавьяа шагнал энэ ертөнцөд байхгүй.
-Одоо сумандаа буцаж очоод Улаан тайга руугаа гарах уу?
Одоо очоод дутуу орхисон ажлуудаа хийнэ. 2022 онд байгаль хамгаалагчийн нэг байр бариад дутуу орхисон. Нэг мэдээллийн төв барьж байгаа. Эднийгээ гүйцээнэ. Гурван бамбарууш тэжээж байгаа. Тэднийхээ хоол хүнсийг хүргэж өгнө. Ууланд байршуулсан 50 гаруй камераа шалгана. Тэр камерууд юу бичиж үлдээ бол гээд үзэх гэсэн хүсэл буцлаад байна шүү дээ.
Байгаль хамгаалах ажлын онцлог гэж байгаа юм. Жилийн 11 сар аймар сайн ажиллаж болно. Буутай гадас шиг зогсоод байж болно. Нэг сар нь хаяад явчихвал 11 сарын ажил будаа.
Тэр байтугай би хот хүрээ явахдаа хэнд ч хэлэлгүй явчихдаг. Нэг удаа над руу дүү хүү залгаад хаана явна та? гэж асууж байна. Ах нь ууланд явж байна гэсэн чинь баригдчихсан. Та яг одоо зурагтаар гарч байна гэдэг байгаа.
Ээждээ, эхнэр хүүхэддээ ч хаана, юу хийхээр явж байгаагаа тодорхой хэлдэггүй. Тэдэн лүү шал өөр хүн залгана, асууна шүү дээ. Хулгайн анд явах гэж байгаа нөхөр хэн нэгнээр сураглуулж магад. Байгаль хамгаалагчиддаа ч хаашаа ажилд хамт гарч байгааг заримдаа хэлдэггүй. Замд гарсан хойноо л хэлдэг. Зарим нөхцөлд бол яг тагнуул шиг ажиллах шаардлага гардаг.
Сэтгүүлч Д.Даваадулам
2022.02.10. Хөвсгөл Хатгал тосгон.
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [66.181.161.109] ・ 2022.03.23 Хариулах
Төрийн албаны хуулийг дахин нэг хармаар юм. Ялангуяа суманд огт тохироогүй хууль. Гэтэл манай улс 330 сумтай байдаг.