Хөвсгөлийн тайгын түүхийг, хүн ардынх нь ахуйтай гурван арван жилээр, магадгүй судалсан, мэдсэн, ойлгосон, амссанаараа түүнээс ч урт жилээр өгүүлэх нэгэн бол “Байгалийн эсрэг хэрэгтний харанга” Ж.Төмөрсүх гуай юм. Түүнд хулгайн анчид, нинжан толгойлогчдыг байгалиа хамгаалагч болгон өөрчилж явсан түүх ч бий, хувь заяа мэдэг гээд тайгын хуулинд сөхөрч, мэгшиж явсан үе ч бий. Зах зухаас нь багахан хөөрөлдөв. Жалын Төмөрсүхийн амьдрал бол Хөвсгөлийн хөх тайгын том зураг юм байна гэж бодсон доо. 

- Нуурын эрэг дээр жижиг дүнзэн байшинд хонолоо. Үүрээр даараад эвхэрч эвхэрч босч ирлээ. Бүх юм хөлдчихөж. Хаврын сар гарсан ч Хөвсгөлд сүрхий хүйтэн хонож байна шүү.

-Харин энэ жил манай нутагт их дулаахан өвөл болж өнгөрлөө. Гурван еснөөр Дархадын хотгорт байнга манантай, -40-өөс дээш градустай байдаг. 

Энэ өвөл цагаан сар дамнаж жаахан хүйтэрч, нөгөө цагаан манан маань татаж байх шиг байна. Одоо ч манан татсан хэвээрээ.

-Яг ийм хүйтэнд та бүхнийг тайгад хөр цасан дээр хонодог гэж бодохоор. Тайгад галаа манаад суучихсан, хэвтчихсэн уур манан савссан зураг тавьчихсан байгааг нь зөндөө харж байлаа...?

-Ер нь байгаль хамгаалагчийн ажил сумын төвийн байшин, дулаан контор биш. Байгаль хамгаалагч бол байгалийн л хүн, байгальдаа л явж байх ёстой. 

Хариуцсан газар, харж хамгаалах юмнууд байгаа газраа л байх ёстой гэж би боддог. Тэгвэл ажлын байр нь байгаль дээрээ юм бол байгаль дахь орон гэр нь хаана байх вэ?Хуш модны ёроол, агуй, нөмөр нөөлөгтэй тогтоц бүхий л газар шүү дээ. Өвлийн хүйтэнд хаана хоногловол дулаан байх вэ гэдгээ байгаль хамгаалагчид сайн мэднэ. 

Салхины хөлд, хамар хянган дээр хоноход -45 хэмийн хүйтэн байдаг бол нөмөр нөөлөг газрынхаа байцыг харж байгаад дулаан газар олвол 10 градусаар бага хүйтэн газар хоночихно. Үүнээс өөр гарцгүй дээ. 

Өвлийн цагт хээрийн галд өвөр талаасаа жавраар хайруулаад, ар талаасаа халуун галын илчээр төөнүүлээд хэвтэж байхад бараг л нэг төрлийн аз жаргал гэх үү дээ. Энэ ажил өөрөө аз жаргал байх ёстой. Үүнээс төвөгшөөвөл байгаль хамгаалагч болох боломжгүй. Төвөгтэй хэцүү санагдаж байвал энэ ажлыг хийх шаардлагагүй. 

Харин гэртээ ирэхэд хацар ам дэлбэрчих гээд халууцаад нүүр ам чинэрээд бүгчимдээд хамаг цонх хаалгаа онгойлгож эхнэр хүүхдээ уурлуулчих гээд байдаг.

-Та бүтэн жилийн хэд хоногийг нь хээр гадаа, ой тайгад өнгөрөөдөг бол?

-Би 1987 оноос эхлэн 35 дахь жилдээ байгаль хамгаалах ажил хийж байна. Үүний 25 жилд нь Хөвсгөл нуур, Хордил сардигт, сүүлийн 10 жилд Улаантайга, Тэнгэр шишигт, Хордил сардигт ажиллалаа. Эхний жилүүдэд хүүхдүүд нялх балчир, эхнэр маань хөдөө гадаа явуулах их дургүй. 

Явж явж ирчхээд дахиад уул руу явах хэрэгтэй гэдгээ эхнэртээ яаж ойлгуулах вэ л гэж боддог байсан. Тэгээд цайгаа ууж суухдаа л буцаад хаашаа  хэзээ явахаа хэлж, ярина.

Эртхэн ойлгуулахын тулд л тэгж байгаа хэрэг шүү дээ. Нэг удаа эхнэр маань уйлаад “Чи нэмэргүй юм байна. Үнэндээ залхлаа. Биднийг хаяад л явах юм байна. Ядаж гэртээ орж ирэнгүүтээ явах тухайгаа битгий яриач. Явах цагтаа дуугүй л явчхаж бай” гэдэг юм байна. 

Миний нөгөө эрт ойлгуулах гэсэн оролдлого маань буруу байж таарсан. Нэг удаа эхнэр маань “Чи жилийн 289 хоног гэртээ байсангүй” гэж гомдоллодог юм байна. Ер нь жилд жилдээ дунджаар 200-аад хоног хээрээр явсан байдаг.

Бичлэг үзэх:

-Нэг удаа дунджаар хэд хоног ой тайгаар явах вэ?

-1990 он шиг санагдаж байна. 56 хоног гэртээ ирэлгүй явсан. Ер нь дунджаар 14 хоног л явдаг. 

2019 онд бас гэрийн бараа харалгүй их удсан нэг тохиолдол бий. 12 дугаар сарын 25-нд гэрээсээ гараад 2 дугаар сарын 16-нд сар шинийн өмнөх өдөр гэртээ ирсэн. Дунд нь 5-6 хоног л төв суурин газарт хоносон. 

Халиуны судалгаа хийх гэж ид хүйтэн үед олон хоногоор явсан нь тэр. Шөнөдөө -50 градус хүйтэн. Гаднаас судлаачид ирчихсэн. 

Тэд ингэж олон хоногоор бартаа саадтай Шишигтийн голын усан манан дунд явж чадахгүй л дээ. Яг тэр цаг хугацаанд амжуулах ёстой байсан учраас би хоёр байгаль хамгаалагчаа дагуулаад явган явж байлаа. Гал түлээд ч нэмэргүй тийм л жавартай хүйтэн байсан даа. 

Шишигтийн голын хөндий бол энэ хавьдаа хамгийн жавартай газар. 

Дархадын хотгорын голууд нэгдэж нийлээд доод Шишигт болон урсаж уруудаад Енисей мөрний эх болж байгаа гэсэн үг.  Цагаан нуур сумаас цааш 40  км уруудна. Тэнд хамгийн хүйтэн агаар урсгалын том хаалган дээр л хонож байна гэсэн үг. Магадгүй -50 градус давсан болов уу даа.

Яг голын олтриг дотор хонож байсан. Ойрхон уул нөмөр бараадах боломжгүй учраас голын тохойд хуурай газар бараадаад хоносон. 

Халиу гэдэг амьтан сонин амьтан. Маш их бартаатай, хүн амьтан очихын аргагүй газар амьдардаг учраас бид Шишигтийн голд халиа гүйхээс өмнө идэр есийн жавар тачигнаж байх хугацааг тааруулан судалгаа хийсэн. 

Гол ус нь аймаар, ногоон цээл л эргэлдээд, түүн дээгүүр уначихгүйн тулд уяагаар оосорлоод явна. Их эрсдэлтэй л ажил.

                                              “Нэг даарвал дахиж бараг дулаацахгүй дээ”  


-Тэр -50 градуст шөнө унтах уу?

-Хээрийн нэг дүрэм бий. Гурван хүн галын хажууд хоноход хэн даарсан нь босож гал түлнэ. Даарахгүй бол унтаад л байна. 

-Ямар хучлага дулаалгатай явдаг юм вэ?

-Ер нь явган бол хөнжил хучлага авч явах боломжгүй. Хоол хүнс үүрнэ. Морьтой явж байгаа үед тохмоо доороо хаяад унтчихдаг. Тохомны дор цасан дээр чийг цохихоос хамгаалж модны мөчир, холтос, эсвэл шургааг мод дэвсэнэ. 

Цасан дээр шууд хэвтэхээр хайлж нороод байдаг болохоор тэгж зулаад хэвтэнэ дээ. Тэгээд дээрээ дээл, арьс үс юу байгаагаа нөмөрч хучаад галгүй талынхаа жавар салхийг хаана. Нуруулдаж унтана. Ер нь нуруунаасаа элчтэй байхаар нойр хүрээд байдаг. 

Жавартай талаасаа даарахаар эргэж хараад дулаацуулчихна. Шөнийг уртыг даван туулах ч амаргүй л дээ. Ууланд орой 17 цаг гээд харанхуй нөмөрч, өглөө бараг 9 цаг өнгөрч байж гэгээ орно.  Тэр хооронд унтаад байдаг хүн гэж байхгүй. Галаа түлж тойрч юм ярьж байгаад шөнө нойроо хүрэхээр өөрийн эрхгүй хэвтэнэ. Өглөө 5 цаг гээд босохоос өөр аргагүй. 

Модгүй газар өвлийн шөнийг авахад хүнд шүү дээ. Хордил сардгийн өврөөр Өвөр нүцгэн гээд нүцгэн газар ямар ч түлээ байдаггүй.

                      

   “Тайгын хууль ямар ч номд байхгүй, ямар ч дарга хэлэхгүй...”


-Хөвсгөлийн Хордил сардиг гэхээр модтой өндөр уул л нүдэнд харагдаад байна. Тэгээд түлэх модгүй гэхээр гайхах сонсогчид байж магад?

-Уулынхаа өврөөр модгүй газрууд бий. Бүр Хордил сардигийн нүцгэн нэртэй. Далайн түвшнээс дээш 2700 м өндөр газар. Салхи нь хүртэл аймшигтай хүйтэн. Нэг даарвал дахиж бараг дулаацахгүй дээ.   

-Тэгээд яах болж байна аа?

-Бүр болохоо байвал шөнө явган уул өөд мацаж дулаацна даа.

-Харанхуйд уу?

-Тийм. Харанхуйд уул өөд гишгэнэ ш дээ. Хэвтээд байвал хөлдчихнө. Арай жаахан дулаацаад ирэхээр дулаанаа алдахгүйг хичээнэ. Гар тасарчих гээд хэцүү л дээ. Даарахаар хумс хүртэл хүн хайрдаг юм, тэр тачигнасан жавартай хүйтэнд. Тайгад тайгын хуулиар л ажиллаж амьдарч явна.  

-Та нар ямар гутал өмсөж явдаг юм вэ?

-Яг тайгад ажиллаж амьдарч байгаа хүмүүст тохирсон гутал гэхээр юм одоогоор алга. Ууланд хальтардаггүй арзгар ултай гутал өмсөхөөр хөл хөлдөөчих гээд. Эсгий, дамбагар цагаан өмсөхөөр хальтарч унаад болохгүй. 

Ер нь эсгий, ноосгүй гутал ямар ч хүйтэнд нэмэргүй, хайрагч л болдог. Манайхан годон гутал л гэнэ. Тэр тайгад ямар ч нэмэргүй. Сүүлийн үед манай байгаль хамгаалагчид ОХУ-аас оруулж ирдэг янгирын зурагтай, цас мөсөнд халтираад байхааргүй ултай эсгий гутал өмсөж байна. Явган явахад хөнгөн их зүгээр санагдсан. Худал хэлдэг хүнд муухан эхнэрээс илүү хань болохоор эд байгаа юм. /инээв/

Гэм нь усанд норговол агших аюултай. 

Ер нь тайгад амьд байхын тулд яах вэ гэдгээ хүн өөрөө л шийднэ. Ямар ч номд байхгүй, ямар ч дарга хэлэхгүй, өөрийнх нь мэдрэмж, овсгоо, туршлага л мэднэ. Үүнийг л тайгын хууль гээд байгаа юм. 

Ер нь гар, хөл, хацар хайрагдах үед шууд зөөлөн цасаар үрчихдэг. Гүн хөлдчихвөл мэдээж нэмэр болохгүй л дээ.                                 

-Өвөл зунгүй, өөд уруугүй гэр орон, үр хүүхдээ марттал уулаар явах ямар хэрэг байна аа гэсэн асуулттай тулдаг л байх даа та нар?

-Ер нь тэгдэг. Жирийн иргэд битгий хэл Тусгай хамгаалалтай газрынхан маань ч ингэж асууна гээч. Бид ажлаа л хийж байна гэхээр ямар ажил байдаг юм бэ гэнэ. 

Алтны нинжанууд, хулгайн анчид тэр тайга руу орчих гээд байдаг учраас л бид явдаг. Хулгайн анчдын явдаг үе нь 10-2 дугаар сар хүртэлх. Хөвсгөл аймгийн хойд хэсгээр 7000 жинжа ороод ирчихсэн бужигнуулж байсан үе саяхан. 2013 онд буулгаснаас хойш амар амгалан байна. 

Энэ газар нутгийг хэн нэгэн нь харж хандаж байхгүй бол дахиад нинжанууд ороод ирэхийг үгүйсгэхгүй. Ингэж л бид ан амьтан, байгаль дэлхийгээ хайрлахгүй юм бол байгаль хамгаалагч гэсэн нэр зүүгээд яах вэ дээ.                    

-Тэр тэсгэм хүйтэнд хүнд бэрх даваа, хөл тушсан цасан дунд хулгайн анчид бас явах уу?

-Байлгүй яахав. Цаа гэж бараг цасны мотоцикл байна.

Яг цаг дээрээ асуудал гаргаж байгаа хэргийн эзэд чинь хэрэгсэл сайтай байна шүү дээ. Бид сайндаа л бол морьтой. Морь нь их цасанд явахаа байчихдаг. Явган явна. Би төрийн өмнө, ард түмний өмнө дархад нутгийг хамгаалах үүрэгтэй тул гэртээ зүгээр сууж болохгүй. Ийм л замаар, ийм л эрсдлээр явж байж л энэ ажлыг хийнэ. 

Ний нуугүй хэлэхэд цаандаа яваа нэртэй хулгайн анчид бий. Хоёр түүнээс дээш нохойтой, буутай явна. Бид хандгай, буга алсан, хавх тавиад булга авласан хэргийг барьж илрүүлж байсан. Хамгийн сүүлд тайгын хэдэн залуучууд өнгөрсөн 8 сард хандгай алсан хэргийг илрүүлсэн.  

Хөвсгөлийн тайгад ямар хүмүүс сүйд хийж байна вэ гэдгийг хүмүүс тэр бүр мэдэхгүй. Бид харин дотор нь орчихсон юм шиг л мэднэ.

-Хулгайн анчдыг үйлдэл дээр нь барих тохиолдол цөөнгүй байх. Тэр үед шөргөөцөлдөх, буу шийдэмдээ тулах тохиолдол гарах уу?

-Би ч олон хулгайн анчдыг барьсан. Миний өөдөөс буу шагайсан, хутга барьсан хүн таарч байгаагүй.

Хэдийгээр уурлаж байгаа нь мэдэгддэг ч хүндэтгэлтэй ханддаг. Хулгайн анчдын майхантай таараад дотор нь орж цай хийж уугаад суучихдаг. Өнөө нөхөд хүн иржээ гээд ороод ирнэ. Би сууж байна. Нөгөөдүүл толгойгоо маажаад л уулзах тохиолдол их гарч байсан. 

Хуучин цагт бол байгаль хамгаалагч гэхээр сумын төвд гоожин бичээд сууж байдаг хүнийг хэлдэг байсан байх. Өнөөдрийн нийгмийн байдал шал өөр болсон. Зэвсэг, техник хэрэгсэлтэй шунахай сэдэлтэй хэсэг бүлэг хүмүүсийн эсрэг байгаль хамгаалагчид л ажиллаж байна. 

Гал ус, хулгайн ан, нинжанууд, хил зөрчигдөх асуудал дээр байгаль хамгаалагчид амиараа дэнчин тавьж ажилладаг.

-Ер нь хулгайн ан буурч байна уу?

-Хулгайн анчид 1990-2000 оны үетэй харьцуулахад эрс буурсан. Улаан тайгад бол 90 хувь буурсан гэж хэлж болно. Үүнд олон хүчин зүйл нөлөөлсөн байх. Зах зээлийн нийгэмд шилжих үед монголчуудын амьдрал хэцүү байсан. Арга буюу ан гөрөө хийх тохиолдлууд байлаа.

Одоо бол мал сүрэг нь өссөн. Хүмүүсийн амьдрал дээшилсэн, хэв маяг өөрчлөгдсөн. Хууль чангарч торгууль ял шийтгэл нь чангарсан. Тийм учраас энд буун дуу гаргаж болохгүй нь гэдгийг хүмүүс мэдэрсэн. 

Манай нутгийн зарим хулгайн анчид Булган, Сэлэнгэд явж байгаад баригдсан. Энэ бол Тайгад хяналт сайжирсныг нэг илрэл. Ер нь байгаль хамгаалагчид яаж ажиллах ёстой вэ гэдэг тод жишээ нь манай Улаан тайга. Сүүлийн 10 жилийн дотор хангайн амьтад ямар сайхан өссөн гээч.

- Улаан тайгын амьтдын тоо толгой хэчнээн болж байна?

-Тухайлбал Хордил сардигт тав арван гахайтай болчихсон байсан. Өнгөрсөн жил тоолоход 219 болчихсон байх жишээтэй.  Хандгай гэхэд 19 байсан бол 2018 оны тоогоор 180-д хүрсэн байсан. 2006 онд Хөвсгөлийн хэмжээнд 300 гаруй хүдэр байна гэж Шинжлэх ухааны академи тогтоосон. Хүйс тэмтэрсэн байсан гэсэн үг л дээ. Одоо бол хоёр, гурван ууланд л хоёр гурван зуугаараа байгаа. Баавгай нэг хэсэг бараг байхгүй болох шахсан. 

Одоо бол бидний байршуулсан камер бүрд байнга ордог болсон. Янгир бол гайхамшигтай өссөн. Тэр бүхнийг харж хандаж байгаа хүн чинь гэртээ сууж чаддаггүй байхгүй юу. Нэг талдаа ан амьтан элбэг болчихсон учраас хүн хүчээ улам нэмэхгүй бол болохгүй нь.  

Залуучууд ан гөрөөг нэг их сонирхохоо болиод байна. Гол нь миний үеийн нөхдүүд, зах зээлийн үед ан ав хийж, хангайн хишгээр амь амьдарлаа залгуулж явсан идэр залуучууд сурсан зангаа тавихгүй байна.

                                             “Хандгайгаар шинэ жилээ угтахгүй ээ...”

Шинэ жилээр хүмүүс гэртээ оргилуун дарс буудуулаад баярлаж суудаг биз дээ. Харин бид тэр үед ууланд гардаг. 

Олон сар жил хамгаалсан нэн ховор ан амьтнаа нэг шөнийн баяраар солихгүйн тулд бид ууландаа очихоос өөр аргагүй. Би л лав сүүлийн хэдэн жил шинэ жилээр гэртээ байсангүй.

2013 онд 12 дугаар сарын 29-ний өдөр байгаль хамгаалагчдаа дуудаад ажлаа дүгнэж сайн ажилласан хүмүүсээ урамшуулдаг юм байна. Маргааш нь ууланд гарахад хулгайн анчин бидэнтэй зөрөөд хандгай агнаад ачаад явчихсан байсан.

Бид гурав хоног мөрөөр нь мөшгиж явсаар эзнийг нь олж хуулийн байгууллагад шилжүүлсэн. Тэгээд бодсон л доо. "За дархад нутагт шинэ жилийг хандгайгаар хийх юм байна. Хандгайгаар шинэ жилээ гаргахгүй ээ" гээд хамгаалагчдаа ээлжилж дуудаж ажлыг нь дүгнэчхээд буцаагаад ууланд нь гаргачихдаг болсон. 

Би өөрөө ч гараад явчихдаг. Тэгснээрээ хохирсон юм алга. Яахав гэр бүл дотор жаахан зөрчил гарна л даа. 

Усны эх үүсвэртэй, амьдрах орчны ийм таатай нөхцөлтэй учраас Улаан тайгад дахин давтагдашгүй биологийн олон төрөл зүйл амьтан өнө удаан нутаглаад ирсэн. Түүний буяныг мэдрээд нутгийн иргэд хэдэн зуун жил амьдраад ирсэн. 

Энэ тайга бол ирээдүй хойч үед, магадгүй дэлхийн бөмбөрцөг дээр ямар нэгэн бэрхшээл тохиолдоход дэлхийн хүн төрөлхтөн амь зогоох том үүц нөөц газар. Тийм учраас тайгад ажиллах гэж ирсэн хүмүүс  муу ажиллах ёсгүй. Төмөрсүх гэж хүн байснаас болж энэ тайга сөнөх ёсгүй, муу байгаль хамгаалагч ажилласнаас энэ тайга устаж болохгүй. Энэ хүмүүс ажилласнаараа тайга хойч үед үлдэх учиртай. Миний дараагийн хүмүүс ийм ухамсартай, сэтгэл зүрхтэй ажиллах ёстой. 

Тийм учраас энэ хүмүүсийг гэрт нь суулгаад байж болдоггүй юм. Би бол ийм бодол, ухамсраар энэ хүмүүсээ гэр бүлтэй нь хамт шаардаж ажилладаг.   

-Танай Улаан тайгын дархан цаазат газрын хамгаалагчдыг, танай багыг гаднаас ажиглахад их сайхан хамт олон бүрдээ юу даа гэсэн бодол төрдөг. Тийм үү?   

-Би Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газар, Улаан тайгад гээд өнгөрсөн 30 гаруй жилд олон ч байгаль хамгаалагчтай ажиллалаа. Манай албанд орж гарах нь ч олон. 

Нэг шалтгаан нь төрөөс өгч байгаа цалин урамшуулалтай холбоотой байх. Ний нуугүй хэлэхэд байгаль хамгаалагчид 480-520 мянган төгрөгийн л цалин авдаг. Өнөөдөр Улаан тайгын дархан цаазат газрын хамгаалалтын алба 43 хүний орон тоотой ч өнгөрсөн 10 жилд 32-36 хүн ажиллаж байна. Өөр хүн олдохгүй, ажиллахгүй байна.

Төрийн цалин мөнгө тайгад ажиллах хэмжээнд биш байна гэсэн үг. 

Тэгвэл энэ 36 хүн яагаад ажиллаад байгаа юм бэ гэж асууж магадгүй. Энэ бол тусдаа асуудал.  Манай хамт олон дотор 5, 10 жилийн өмнө нутгийнхаа иргэдтэй нийлээд хулгайн ан хийж явсан 8-12 хулгайн анчин бий. Яг энэ дархад нутагт төрж өссөн, энэ тайгыг биднээс илүү мэдэх ан гөрөө хийж явсан хүмүүс. Нинжануудын толгойлогч хүмүүс ч энд ажиллаж байна. Тэд яагаад байгаль хамгаалагч болов оо гэдэг нь чухал асуудал.

      Өчигдрийн анчид өнөөдөр хамгаалагчид болсон түүх 

-Их сонин санагдаж байна. Хулгайн ан хийж, газар шороогоо ухаж байсан хүмүүсийг байгаль хамгаалагч болгочихсон гэх гээд байна уу?

-Энд л учир байгаа. Эднийг ажиллаж чадна гэдгийг би мэдэрдэг. Эцсийн эцэст энэ газар орныг, энэ нутгийг, ан амьтныг мэддэг хүн л энэ нутгийг хайрлаж хамгаалахад нэмэр тус болно гэдгийг баттай мэдэрсэн. Түүнээс биш сургууль төгссөн дипломтой хүн тайгыг хамгаалдаг юм биш байна.

-Их сайхан мэдээ байна.

Өнөөдөр Мөрөнгөөс, Улаанбаатараас сургууль төгссөн нэг хүн авчраад “За энэ тайгад хулгайн ан гарлаа. Анчдыг бариад ир” гэвэл явж чадахгүй,үхнэ. Хүдэр хаагуур байдаг, тэнд ямар замаар очиж болохыг мэдэхгүй. 

Анчинг хаанаас хайх ураа олохгүй. Байгалийн асар том эрсдэлтэй тулгарна. Харин хүдэр хаана байдаг, анчид хаана отоглож, хаагуур нохойгоо тавьж, хаана сууж буудахыг мэддэг хүн бол амдаж очоод л бариад авна.

Ийм хүмүүсийн сэтгэлийг юугаар, ямар аргаар хөндөж хөдөлгөж татах вэ гэдэг нь өөр өөр. Тэр 12 хүн тус бүр дээр өөр өөр арга барилаар ажиллаж байж татсан хэрэг. 

Улаан тайгыг хамгаалсан арга ухаан нь ерөөсөө л энэ. Хүний нүдийг харж, сэтгэлийг нь уншихыг хэлээд байгаа юм. Ер нь хүний нүд их зүйл хэлдэг. Тагнуул байна уу, мэдээлэл дамжуулагч нөхөр үү гэдэг тухайн хүний байц, нүдний харцнаас л уншигдана.             


Үргэлжлэлийг энд дарж уншина уу...

          Сэтгүүлч Д.Даваадулам                       

2022.02.10. Хөвсгөл Хатгал тосгон.