Жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч болон тариалан эрхлэгчдээ дэмжих, органик мал аж ахуй эрхлэгч, мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, экспортлогчдыг дэмжих, хүнсний хангамжийг нэмэгдүүлэн улмаар ногоон эдийн засгийн өрсөлдөх чадварыг өсгөх, шинэ зах зээл, боломжийг нээх зорилгоор Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар болон бусад төр, хувийн хэвшлийн байгууллага, иргэдтэй хамтран “Органик мах Хөвсгөл Экспо-2023” өдөрлөгийг энэ сарын 12, 13-ны өдөр зохион байгууллаа. 

Шадар ван Чингүнжавын талбайд болсон  өдөрлөгт Хөвсгөл аймгийн  21 сум, нэг тосгоны 170 гаруй иргэн, 16 аж ахуйн нэгж 250 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээрээ оролцсон. “Органик мал аж ахуйн баталгаажуулалт ба органик мах, махан бүтээгдэхүүний экспортыг хөгжүүлэх боломжууд” сэдэвт хэлэлцүүлгийг өрнүүлж, хүнс, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг баталгаажуулж, гойд ашиг шимт хээлтүүлэгч мал шалгарууллаа.

Мөн  уламжлалт идээ ундааг сурталчлан,  органик мах, мах боловсруулалт, хоолны технологийг танилцуулж, хоолны амталгаа шоу үзүүлбэр зохион байгууллаа. Хөвсгөл аймгийн орлогын гол эх үүсвэр нь хөдөө аж ахуй тэрдундаа мал аж ахуйн салбар бөгөөд жилд дунджаар 1.5-1.8 сая толгой мал зах зээлд нийлүүлж, мах, сүү, ноос, ноолуур гээд 360 тэрбум төгрөгийн түүхий эд, бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлж байна.

Тус аймаг органик хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлж, 2030 он гэхэд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 5 хувийг органик баталгаажуулалтад хамтруулахаар зорьж,  улмаар 2023 оныг “Органик Хөвсгөл” жил болгон зарлажээ. Энэ жилийн хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа ажлын үр дүнг танилцуулах цогц арга хэмжээ нь “Органик мах хөвсгөл экспо-2023” өдөрлөг юм. 

            “Эсгий туургатан” төслийг  санаачлагч, ерөнхий продюсер М.Галхүү эрчмийн үүлдрийн ямааны боодгоор зочдыг дайллаа. 

М.Галхүү: Монгол орныхоо хоолыг судалж 11 жил ажиллалаа. Баруун бүсийн аймагт ажиллаж ирээд Хөвсгөл аймагт энэ өдөрлөгт оролцож байгаадаа баяртай байна. Монгол үндэсний хоол нарийн учир жаяг, хийцтэй монгол хүний биед зохицсон байдаг.

 Мөн өдөрлөгт эрчмийн хар ямааны сүүн баялаг, амталж, хатаасан борц, нөөшилсөн мах махан бүтэгдэхүүн,нутаг нутгийн цагаан идээ, эсгий, арьс, ноосон гар урлал, сур, дээс, хонь ямааны арьсан эдлэл зэрэг бүтээгдэхүүнээр үзэсгэлэн гаргаж, худалдаалсан нь олны сонирхол, хэрэгцээг их татаж байлаа.

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын малчин П.Батхишиг: 

Суран эдлэл хийх аргыг хөгшин ааваасаа сурсан. Энэ өдөрлөгт  10 гаруй төрлийн эд хэрэглэлтэй оролцож байна. Дан гар аргаар үйлдвэрлээд 7 жил болж байна. Жилд арваад үхрийн шир бэлтгэж эд хэрэглэл хийдэг. Нэг үхрийн ширийг сар гаруй хугацаанд элдэж бүтээгдэхүүн гаргадаг болохоор тийм ч амар ажил биш. Бугуйл 120000, хазар 35000-79000, даруулга, олом 45000-60000, ташуур 25 000 төгрөгний үнэ ханштай байна.  Хотоос хөдөөнөөс захиалга авч хийдэг. Онцлог нь миний бүтээгдэхүүн эдэлгээ сайтай.

Гурван-Эрдэнэ сургуулийн бага ангийн багш Э.Тэгшжаргал:  Ажлынхаа хажуугаар гэр бүлийнхээ хүнтэй хамт хүнсний ногоо тариад 4 дэх жилдээ орж байна. Монгол сармис тариалж эхэлсэн бол одоо таван төрлийн хүнсний ногоо тарьж, борлуулж байна. Энэ жил анх удаа тарвасаа  хураагаад баяртай байна. Зуныхаа амралтын гурван сарын хугацаанд 50 сот газарт тарвас тарьж 10 орчим тн тарвас хурааж авлаа. Нэг кг-ыг нь 2000 төгрөгөөр зарж байна. Энэ жил ургац сайтай, бид ч ажилтай, орлоготой сайхан байна.  Ер нь санаачилж, ажиллаж хийж чадвал бидэнд боломж байна. Хичээлээ зааж ирчихээд амжвал талбайдаа ажиллана. Эсвэл амралтын өдрөөр ажиллана. Одоо ч сайн сурч байна.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ногоочин М.Гантөмөр:

“Шинэ хөдөө” төслөөс хоёр хүлэмжийг зээлээр авч Голландын дээд зэргийн сортын үр тариаллаа. Өөр өөр сортын улаанлоолийн ургацаа хураагаад байж байна. Шар хулуу, борокли, улаан лооль, өргөст хэмх, чинжүү, цагаан лууван  гээд 20 гаруй төрлийн төмс, хүнсний ногоо тариалж байна. Мөрөнгийн төвөө тойроод 10 гаруй га талбайд ногоо тариад 10 дахь жилдээ золгож байна.

1 га-аас 25 тн, жилдээ 150-160 тн  ногоо хураадаг. 2022 онд 3 хувийн хөнгөлөлттэй зээл авч үрээ шинэчилж, тоног төхөөрөмжөө бас шинэчиллээ. Хүлэмжиндээ хураана, борлуулна, бас цэцэрлэгүүдэд өгдөг. Энэ жил ургац сайн байлаа. Одоо их хураалт эхэлнэ.

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сум Я.Сүхболд: Хонины арьс их хаягдаж байна. Хонь, тарваганы арьсаар эцсийн бүтээгдэхүүн хийдэг. Хүмүүс хаяж байхаар авчирж өгч элдүүлж болно. Нэг хонины арьсыг 2000 төгрөгөөр элдэж банйа. Жилд 400-500 арьс элдэх боломжтой жижиг цех ажиллуулдаг. Хуучин аргаар гангаар элдэхээр хүмүүс үнэр танар гээд бас голох маягтай болохоор үйлдвэрийн аргаар хийж байна. Сая сумаасаа, бас Булганы Хутаг-Өндөр дэх “Мах маркет” компаниас хонь, ямааны арьс авч элдэж, суудлын бүрээс, олбог, дээлийн дотор зэрэг бүтээгдэхүүн хийж байна.



           Өдөрлөгийг хамтран зохион байгуулагчид: Хөвсгөл аймгийн Стандарт хэмжилзүйн газар, Мал эмнэлгийн газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Соёл урлагийн газар, сумдын Засаг даргын тамгын газар, “Шинэ Мөрөн” худалдааны төв, МҮХАҮТ-ын Хөвсгөл дэх салбар,  “Чинээлэг малчин” хөтөлбөр, Хөвсгөл таван эрдэнэ”  ХХК, “Хүнс хөдөө аж ахуйн хөгжлийн нэгдэл” ТББ зэрэг байгууллага, хамт олон.