Яг одоо Хөвсгөл аймгийн Мөрөн хотоос зүүн урд 2 км-ын зайтай 10мВТ-ын нарны цахилгаан станц баригдаад, ажлынхаа 60 гаруй хувьд ороод байна. Олон зуун нарны толь угсарч байгааг хараад Мөрөнгийн оршин суугчид цахилгааны хүчдэл дийлэхгүй гэх “зовлон” оос салах нь гэж баярлаж буй биз. Яг үнэндээ ус буцалгагч, халуун тогоо хоёр зэрэг залгахад шийт нь унадаг, ид ачааллаар цахилгаан тогоотой хоол хоёр цаг дуншдаг зэрэг нь Сөүлээс УБ цаг гаруй нисдэг, Америк дахь ажлаа Монголын хээр талаас хийдэг болсон энэ цагт том зовлон. Ингэж бодоод Хөвсгөлд хааяахан очдог би хүртэл алга ташиж буй энэ хөрөнгө оруулалтад. Тэгтэл энэ станц цахилгаанаа ганц Хөвсгөлийнхөнд биш баруун бүсийн 20 000 хэрэглэгчид нийлүүлэх юм байна.  


Газар дээр нь ажиллаж буй Эрчим хүчний яамны Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төслийн инженер Г.Хишигдэмбэрэл ““Мөрөн 10МВт нарны цахилгаан станцын төсөл нь суурилагдсан хүчин чадлын хувьд хэдийгээр бага боловч Хөвсгөл аймгийн нийт цахилгаан эрчим хүчний хэрэглээний 50 хүртэлх хувийг хангана. Мөрөн дэд станцаас Завхан аймаг дахь Тэлмэн дэд станц руу татсан 110кВ-ийн цахилгаан дамжуулах агаарын шугамын алдагдлыг бууруулна. Мөн Төвийн бүсийн нэгдсэн систем (110кВ-ийн Булган-А, Булган-Б цахилгаан дамжуулах агаарын шугам)-аас Алтай-Улиастайн эрчим хүчний систем рүү урсах цахилгаан эрчим хүчний хэмжээг бууруулах гээд чухал ач холбогдолтой. Энэ төсөл нь шинэлэг техник технологийг нэвтрүүлж байгаагаараа онцлогтой.

Хуурмаг чадлыг компенсацилах зориулалт бүхий 3МВАр-ын SVG (Static Var Generator)-ийг нарны станцад суурилуулна. Дээр нь нарны станцын дэд станцын тоног төхөөрөмжийг сонгохдоо 110/35кВ-ийн хаалттай хуваарилах байгууламж (GIS)-ийг ашиглахаар шийдэл гаргасан. 

Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төслийн хүрээнд Завхан аймагт 5МВт-ын нарны цахилгаан станц, 3.6МВт.ц-ийн багтаамжтай цэнэг хуримтлуурын станцуудыг 2022 онд ашиглалтад оруулсан. Мөн Говь-Алтай аймагт 10МВт-ын нарны цахилгаан станцын барилга угсралтын ажил дууссан. 2023 оны сүүлээр ашиглалтад орно. Одоо Мөрөнгийн нарны цахилгаан станцыг энэ онд багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Эдгээр станцууд нь бүрэн ашиглалтад орсноор Алтай-Улиастайн эрчим хүчний системийн оройн оргил ачаалал, шөнийн бага ачааллаас бусад цаг (09:00-17:00)-ийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг хангана.  

 Алтай-Улиастайн эрчим хүчний системийн алдагдлыг их хэмжээгээр  бууруулж байгааг энд дурдмаар байна. Мөрөнгийн станц нь Дарханы 10 МВт-ын нарны цахилгаан станцтай нэг өргөрөгт суурилагдсан. Тиймээс хангайн бүсэд амжилттай ажиллана гэдгийг Дарханы станцаас харж болно. Энэ станц доголдолгүй, асуудалгүй ажиллаж буйг бид бүгд харж байгаа” гэж байлаа.

 МӨРӨНГИЙН ЦАХИЛГААН СТАНЦЫН ОНЦЛОГ

Азийн Хөгжлийн Банк (АХБ)-ны хөнгөлөлттэй зээлээр Эрчим хүчний яамны Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төслийн хүрээнд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод баригдаж 10мВТ хүчин чадалтай нарны цахилгаан станц нь:    

-Монгол Улсын 10 дахь нарны цахилгаан үүсгүүр. Хөвсгөл аймгийн анхны цахилгаан станц

-Жилдээ 20 сая кВт/ цаг цахилгаан үйлдвэрлэж, 20 000 хэрэглэгчид түгээнэ. 

-Төвийн эрчим хүч болон Алтай-Улиастайн эрчим хүчний системийн алдагдлыг эрс бууруулна. 

-Монгол Улсад байгаа нарны цахилгаан станцуудаас цахилгааны чанарыг сайжруулах тоноглолоор, мөн хуучин GIS системийн орон зайг 10 дахин багасгаж, автоматжуулсан дэвшилтэд технологиороо давуутай.

-Жил бүр 16 000 тн нүүрстөрөгчийн давхар исэл (CO2) ялгаруулахаас сэргийлж, цэвэр усны хэрэглээг 145 000 тн-оор бууруулан өвлийн улиралд цахилгаан эрчим хүчний нийлүүлэлт болон дулааны хангамж тасалдах эрсдэлээс хамгаална. Хэрэв нүүрсээр имй хэмжээний цахилгаан үйлдвэрлэсэн бол 145 000 тн цэьвэр ус хэрэглэх нь.

АХБ-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Шэннон Коулин Хөвсгөл аймгийн Мөрөн хотод баригдаж байгаа станцын барилгын ажилтай танилцсаныхаа дараа хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Олон улсын түвшинд, Олон улсын хамтын нийгэмлэг нүүрсний хэрэглээг эрчимтэй бууруулах зорилт дэвшүүлээд буй. Монгол Улс энэ зорилтыг хангах бүрэн боломжтой улс. Монгол Улс эрчим хүчний шилжилт хийх томоохон алхмыг хэдийн эхлүүлсэн.

Хувийн хэвшлийн оролцоотойгоор сэргээгдэх эрчим хүчний төслүүд хэрэгжүүлж байна. Мөн АХБ-ны санхүүжилтээр “Сэргээгдэх эрчим хүчийг дэлгэрүүлэх төсөл” хэрэгжүүлж, үүнийхээ хүрээнд нарны станцууд байгууллаа. Үүний нэг нь Хөвсгөлд баригдаж буй энэ станц. 

Дотоодынхоо төдийгүй Зүүн хойд Азийн хэрэглээг хангахуйц нар, салхины эрчим  хүчний нөөц Монголд бий. Энэ нөөц боломжоо ашиглаж чадвал хөрш орнууддаа эрчим хүч экспортлох, ногоон устөрөгч үйлдвэрлэх бололцоо ч байна.” гэсэн юм.


Мөн “АХБ сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг дуудлага худалдаа буюу аукционы замаар нийлүүлдэг систем рүү шилжихэд нь хэд хэдэн орныг дэмжиж, хамтран ажиллаж байна. Үйл ажиллагаа ил тод, өрсөлдөөний зарчмаар явагдсанаар сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл, нийлүүлэлтийн зардлыг үлэмж бууруулах бололцоотой. Ингэж чадвал сэргээгдэх эрчим хүчний зардал нүүрсээр ажилладаг цахилгаан станцынхаас буурна.” гэсэн байна.              

Тэрээр Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгчөөр томилогдохоосоо өмнө эрчим хүчний мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд Монгол орны сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд хоёр жил гаруй хугацаанд хамтарсан туршлагатай.

Сэтгүүлч Д.Даваадулам