Төрийн ордон бол Монгол Улсын төрийн дээд байгууллагууд байнга байрлаж үйл ажиллагаа явуулж байдаг Монголын архитектор, хот байгуулалт, үндэсний түүх соёл, уламжлал, дизайн урлагийн нэгдмэл зохицлыг илэрхийлсэн төрт ёсны хүндэтгэлийн обьект бөгөөд монгол хүний ур ухаан шингэсэн архитектор урлагийн бүтээл мөн хэмээн Төрийн ордны тухай хуульд заасан байдаг билээ.

Төрийн ордны гаднах хэсгийг засварлах ажил үргэлжилж байна.


БНМАУ-ын Төрийн ордон бариулах асуудлыг нийслэл Улаанбаатарын хот байгуулалтын нэгэн хэсэг болгон 1930 оны сүүлээс сэдэн Төрийн ордны барилгын суурийг 1947 оны 4 дүгээр сард тавьсан бөгөөд барилгын ажилд дотоодын 700, гадаадын /орос, хятад, япон/ 500 хүн ажиллаж 1951 онд бүрэн ашиглалтад өгчээ. Ордны барилгын зураг, баримал чимэглэлийг уран барималчин Чоймбол хийж хожим нь Төрийн шагнал хүртжээ.

Засгийн газрын ордны шинэ барилгад 1951 ондоо багтаж Улсын бага хурал, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Зохион зааварлах хэлтэс, Хянан шалгах газар, Намын төв хороо, Үнэн сонины газар, Улсын төлөвлөгөөний комисс, Шүүх яам, Хэвлэл утга зохиолыг хянах газар, Зохиолчдын эвлэлийн хороо шинээр нүүн байрлажээ.

1954 онд Төрийн ордны цогцолборын нэгэн хэсэг төрийн ордны бунхант индэр баригдсан байна. Бунхант индрийг 1954 оны долдугаар сарын 8-ны өдрийн 16 цагт Сүхбаатарын талбайд ард нийтийн баяр болгон нээжээ. Бунхант индрийн нээлтийн ёслолын дараа амралт, баяр ёслолын үеэр хөдөлмөрчид, зочид төлөөлөгчид бунханд орж хүндэтгэл үзүүлдэг болсон байна.

Төрийн ордны барилгад 1961, 1981, 2006 онуудад өргөтгөл хийсэн. Ордны анхны өргөтгөлөөр ордны зүүн, баруун урд талын хоёр жигүүрүүд болон ордны урд хойт талын сүрлэг баганууд, Ардын Их Хурлын танхим бүхэлдээ нэмэгдсэн. Урд талдаа 4 давхар, хойшоо 3 давхар дөрвөлжин хэлбэртэй цагаан байсан ордон хойшоо дундуураа урт, хоёр талаараа богино, урагшаа хоёр талаараа тэлсэн гадна талдаа тразит шавардлагатай саарал өнгөтэй ордон болжээ.Төрийн ордны анхны өргөтгөл хийснээс хойш 20 жилийн дараа буюу 1981 онд хоёрдахь өргөтгөл хийгджээ. Өргөтгөл хийгдсэнээр АИХ-ын танхим, туслах танхимуудтай болж нийт 126 ажлын байр шинээр бий болсон. Ордон хааш хаашаа 100 метр, өндөр нь 18,7 метр, нийт 500-аад ажлын өрөөтэй, гадагшаа харсан 900 гаруй цонхтой болсон.

Төрийн ордонд хуралдааны 10 гаруй танхим байдаг. Хамгийн том нь Их танхим /хуучнаар АИХ-ын танхим/ олон улсын болон дотоодын томоохон хэмжээний хурал, зөвлөгөөн явагддаг 800 гаруй хүний суудалтай, 12 хэлээр орчуулга хийх чадвартай болсон бөгөөд соронзон бичлэг хийх өрөө тасалгаатай, радио холбооны орчин үеийн тоног төхөөрөмж байрлуулсан байна. Их танхимыг тойрсон А, Б, В, Г танхимуудад намын бүлгийн болон байнгын хороодын хуралдаан явагддаг.Харин 2016 онд Улсын Их Хурлын даргын 22 тоот захирамжаар Төрийн ордны байнгын хорооны хуралдааны “А” танхимыг “Их Эзэн Чингис хаан танхим”, “Б” танхимыг “Жанжин Д.Сүхбаатар танхим” гэж тус тус өөрчлөн нэрлэхээр шийдвэрлэсэн юм.