Фото: "Өдөрт 1000 алхъя" өдөрлөг Богд ууланд боллоо

Б.Баясгалан
11 сарын 10, 2018

“Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт”-ыг дэмжих зорилтын хүрээнд иргэдэд эрүүл амьдралын хэв маяг, идэвхтэй хөдөлгөөний ач холбогдлыг сурталчлах зорилготой “ӨДӨРТ 10 МЯНГА АЛХЪЯ” эрүүл мэндийн өдөрлөг өнөөдөр Богд Уулын Баруун ширээт аманд боллоо.

ЭМЯ, ДЭМБ-аас хамтран зохион байгуулсан уг арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Дордица, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Содномжамц нар оролцож, Улаанбаатар аялагч, Алтайн ирвэс” клубын хамт олонтой 10 гаруй км алхлаа.

Монгол Улсын эрүүл мэндийн статистик үзүүлэлтээр зүрх судасны тогтолцооны өвчний нас баралт 10000 хүн тутамд 503,9 буюу нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байна. 

2017 оны байдлаар энэ өвчний улмаас жил бүр 5000-5500 хүн буюу өвчин нь хүндэрсэн 3 хүн тутмын нэг нь нас барж байгаа харамсалтай мэдээ бий. Энэ өвчин нь гол төлөв зохисгүй хооллолт, амьдралын буруу хэв маяг, ажил амралтаа тэнцвэржүүлэхгүй байх, стресст өртөх, хөдөлгөөний дутагдлаас үүдэлтэйг эмч мэргэжилтнүүд тогтоогоод буй.

Бүх нийтийн эрүүл мэндийг хамгаалж, эрүүл мэндийн хүртээмж үйлчилгээг хүн нэг бүрт хүргэхэд дан ганц салбарын яам, эмнэлгийн байгууллага, эмч мэргэжилтнүүд биш иргэдийн өөрсдийн оролцоо, санал санаачилга, идэвх зүтгэл чухал юм. Сүүлийн жилүүдэд нийслэлийн иргэд амралтын өдрүүдээр Богд ууланд алхдаг хэвшил тогтсон нь энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд олон нийтийг уриалах, оролцоог хангах, зөв үлгэр дууриал үзүүлэх нэг чухал ажил болохыг сайд Д.Сарангэрэл хэлсэн үгэндээ сайшаагаад цаашид иргэдийн өөрсдийн санаачилга бүхий эрүүл мэндийн эрсдэлээс сэргийлэх аян, зөв зүйтэй санаачилгыг салбарын зүгээс дэмжинэ гэдгээ илэрхийллээ.  

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.