Л.Дэлгэрзул: 0-5 насныхны хатгаа өвчний нас баралтын 45 хувь нь дотоод орчны бохирдлоос болдог

Хүдэрчулууны Хулан
01 сарын 12, 2026

Peak.mn: Дотоод орчны агаарын чанар бидний хэрэглэж байгаа эд зүйлс болон зан үйлтэй шууд холбоотой байдаг аж. Ахуйдаа хэрэглэж байгаа бүтээгдэхүүнүүд удаан хугацаандаа хавдар төрүүлэх эрсдэлтэй байж болдог гэнэ. Тиймээс судлаач Л.Дэлгэрзул агаар дахь дэгдэмхий органикийг илрүүлдэг бичил багажийг Монгол Улсдаа оруулж ирсэн байна. Энэхүү багажаар дэгдэмхий органик нэгдлүүд буюу хавдар төрүүлэгч бодисууд, тоосонцрын бохирдол, нүүрсхүчлийн бохирдлыг хэмждэг. Жишээлбэл, сургуулийн анги танхимд хүүхдүүдийн нойр хүрээд эвшээгээд байвал нүүрсхүчлийн хийн хэмжээ ихэссэн байна гэсэн үг. Түүн шиг цахилгаан тамхи буюу вейпээс ялгарах дэгдэмхий органик маш өндөр гарч байгааг энэ багажийн тусламжтайгаар бид мэдэж болно. Жирийн тамхи ч ялгаагүй.


Орчны эрүүл мэнд судлаач, тэр дундаа агаарын бохирдол судалдаг Л. Дэлгэрзултай бид ярилцлаа. Тэрбээр дотоод орчны агаарын чанар, түүнийг хэрхэн хэмжиж амьдрал ахуйгаа зохицуулах боломжийн талаар бидэнд мэдээлэл өгсөн юм.


Агаарт хавдар төрүүлэгч байгаа нь өвдөх эрсдэлд оруулж байна 


Нэгэн өглөө хичээл нь дөнгөж цуглаад байж байтал манай хүүхэд над руу яриад “Ээж ээ, манай сургуулийн гал тогооны өрөөнөөс хий алдчихсан бололтой. Муухай юм үнэртээд, огиудас хүрээд би бөөлжих гээд байна аа” гэсэн.  Тэгэнгүүт би хүүхдэдээ, “За яг одоо сургуулийнхаа гадаа гараад зогсож бай. Би дараагийн шатны арга хэмжээ авна аа” гэж хэлсэн.  Хамгийн түрүүнд онцгой байдлын 105 дугаар руу залгаснаар ОБЕГ маш хурдан арга хэмжээ авч сургуулийн захирал руу яриад “Хүүхдүүдийг яаралтай сургуулиас нь гарга” гэдэг үүрэг өгсөн байсан.  

Сургууль тэр өдөр онлайнаар хичээллэсэн ч хүүхэд маань хордчихсон байсан учраас би мэргэжлийн байгууллагууд руу ярилаа. Мэргэжлийн хяналтын байцаагч явуулын станцтай ирээд сургуулийн гадаах түгээмэл таван бохирдуулагчийг хэмжиж,  энэ орчмын агаар хэвийн гэсэн дүгнэлт гаргаад явчихлаа. Учир нь манай улсын төрийн аль ч байгууллагад байшин барилгын дотоод орчны бохирдлыг судалдаг ямар ч багаж байдаггүй. 

Тиймээс би надтай  адилхан орчны эрүүл мэнд судалдаг мэргэжлийн хүмүүс рүү имэйл бичсэн. “Миний охин ийм хордлогод орсон байна. Би хамгийн түрүүнд ямар арга хэмжээ авах вэ?” гэж асуулаа. Яагаад гэхээр ямар химийн бодист хордсоноос хамаараад ерөндөг эмчилгээ өөр, өөр байдаг учраас тэр.

Хоёрдугаарт, яг юунд хордсон бэ гэдгээ би мэдэх хэрэгцээ байсан. Ингээд эцэг эхийн зөвлөлийг уриалаад “Ногоон титэм” ХХК-д 700 мянга орчим төгрөг төлж хэмжилт хийлгэхээр боллоо.  Энэ бүх процесс өнгөрөхөд 48 цаг өнгөрчхөж байгаа юм. 48 цагийн дараа дараа “Ногоон титэм”-ийнхэнтэй цуг сургууль руу ороход сонин юм үнэртэж байсан.  Бидний сонгомолоор хэмжүүлсэн дөрвөн бохирдуулагч бодис дөрвүүлээ энэ хэмжилтээр илэрсэн. 

Агаарт хавдар төрүүлэгч байна гэдэг хүмүүсийг өвдөх эрсдэлд оруулж байна гэсэн үг. Та бүхэн санаж байгаа бол “Дүнжингарав орчимд газ үнэртлээ” буюу дизелийн үйлдвэрийнхэн бохироо бохирын шугам руу юүлснээс болсон байсан.

Миний олон улсын судлаач нарт бичсэн имэйлийн хариу ч ирлээ. Маш олон хариу ирсний дотор Тайваниас, “Энэ бол маш түгээмэл гардаг кэйс. Үйлдвэрүүд хаягдлаа үүрийн 03:00-05:00 цагийн үед буюу хүмүүсийг унтаж байх үед бохирын шугам руу хийдэг. Ингээд тэр нь бохирын шугамаар явсаар 05:00-07:00 цагийн хооронд орон байрнуудын шугам руу очиж эхэлдэг. Хүүхдүүд үүнд их өртдөг шалтгаан нь өглөө эрт хичээл эхлэх цагт  дэгдэмхий органик хамгийн их ялгарчихсан байдаг юм. Эцэцг, эхчүүд хүүхдээ хүргэчихээд 00:09 цагт ажил дээрээ очиход дэгдэмхий органик нэгдлүүд хоёр цаг дэгдээд нөгөө хуримтлагдсан их концентрацтай байх үеэсээ багасчихсан байдаг учраас тэдэнд анзаарагддаггүй юм. Гэтэл хүүхдийн уушги 0-7 насанд яг хөгжлийнхөө шатад байдаг учраас ийм холдлогод хамгийн их өртдөг юм аа. Танайд дэгдэмхий органик хэмжигч багаж байгаа юу?” гээд надаас асуулаа.

“Манай улсад үндэсний хэмжээнд тийм багаж байхгүй. Бид хүүхдээ ямар төрлийн хийн бохирдолд хордсоныг мэдэхийн тулд хувийн компанид хандсан юм аа” гэдгээ хэлтэл тэд бүр гайхаад байсан. Олон улсын туршлагаас харахад орчны бохирдолд  өртөж эрүүл мэндээрээ хохирсон хүмүүс шүүхэд ханддаг юм билээ. Монгол Улсын Үндсэн хуулийн 16.2 дугаар зүйл дэх “Хүн эрүүл аюул орчинд амьдрах эрхтэй” гэж заасан. Энэ эрх зөрчигдөх юм бол хүний эрхийн сонсгол хийгээд дараа нь эрхээ хамгаалуулахаар шүүхдэлцэх боломжтой юм билээ. Олон улсын хуралд суусны дараа миний нүд тэгж л нээгдсэн. 


Иргэдийн шинжлэх ухаанд тулгуурласан шийдвэр бохирдлыг бууруулна


“Засаг арга хэмжээ авч биднийг хамгаалахгүй юм бол бид өөрсдөө арга хэмжээ авъя даа. Өөр арга,  сонголт ч алга” гэж би бодсон. Тиймээс миний бие мэргэжлийн судлаачийнхаа хувиар маш олон төрлийн багаж дундаас туршиж, судалсны эцэст энэхүү багажийг Монгол Улсдаа оруулж ирсэн. Айл өрх, албан байгууллага, цэцэрлэг, сургуулийн орчинд хэрэглэхэд хялбар, ойлгомжтой хэрнээ үнийн хувьд  маш хямд  багаж.  



Ард иргэд өөрсдөө шинжлэх ухаан дээр тулгуурласан аливаа шийдвэрүүдийг гаргаад үйлдэл хийж эхэлсэн үед орчны бохирдол аяндаа буурдаг юм байна. Тухайлбал, гэр хорооллын айл өрхүүд дээр өгүүлсэн бичил багажаас авчихсан байлаа гэж бодъё. Галаа яг яаж түлвэл хортой нэгдэл арай бага ялгарч байна вэ гэдгийг үзсээр байгаад өөрийнхөө гэрт тохирсон галлагааныхаа арга, зан үйлийг сонгох боломжтой. 

Бас та хаашаа харсан цонхнуудаа хэдэн цагт онгойлгох вэ, эсвэл хэдэн цагт нэвт онгойлгоход зүгээр байна гэдгийг багажаа харж байгаад л шийдвэрүүдээ гаргана гэсэн үг. 

“Манайх дөрөвдүгээр хороололд амьдардаг. Хүүхдээ хэзээ гадаа гаргах вэ?” гэж ээжүүд надаас асуудаг юм.  Тэгэхээр ээжүүд өөрсдөө энэ багажийг харж байгаад бохирдол хамгийн багатай үед хүүхдээ гаргана аа л гэсэн үг. Ингэж өдөр тутмынхаа амьдралд энэ багажийг хэрэглээд өөрийгөө хамгаалах боломжтой. 

Энэ багаж дээр агаарын чийгшлийн хэмжээ, өрөө тасалгааны  температурыг давхар заадаг. Амьсгалын замын өвчний эдгэрэлтэд агаарын чийгшил шууд нөлөөлдөг. 40-60 хувьтай байвал амьсгалын замын өвчин эдгэхэд эерэг нөлөөтэй. Харин хэт их чийгтэй байвал мөөгөнцөр бий болж агаарт амьд биетүүд хөвж эхэлдэг. 

Бидний өдөр тутамдаа хэрэглэж байгаа угаалгын нунтаг, ариутгалын бодис, угаагч шингэнүүдэд агуулагдаж байгаа дэгдэмхий нэгдлүүд агаарт шууд цацагдаж байдаг. Гаднынхан яагаад угаалгын тусдаа өрөөтэй байдаг вэ гэхээр, угаагч бодисуудаас гарч байгаа бохирдлоор хүн амьсгалах ёсгүй учраас л тэр.




Сэтгэгдэл бичих (7)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.