Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн мэндэлсний 85 жилийн ойн хүрээнд “Үндсэн хуулийн эхийг баригч - Б.ЧИМИД” олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр Төрийн ордонд болж байна.

Энэ удаагийн олон улсын эрдэм шинжилгээний хурлыг анх удаа Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор зохион байгуулж буй юм.

Тус хурлыг УИХ-ын Тамгын газар, Хууль зүйн үндэсний хүрээлэн, “Чимид” сан, Монгол Улсын Их Сургууль, Монголын хуульчдын холбоо, Ханнс-Зайделийн сан зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна.

Уг хурал нь олон улсын хэмжээнд хийгдэж буй хоёр дахь удаагийн эрдэм шинжилгээний хурал бөгөөд Монгол, Америкийн Нэгдсэн Улс (АНУ), Холбооны Бүгд Найрамдах Герман Улс (ХБНГУ), Оросын Холбооны Улс (ОХУ), Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ), Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ), Япон зэрэг долоон улсын эрдэмтэн, судлаачид оролцож илтгэл хэлэлцүүлж байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар орон нутагт албан томилолттой байгаа учир түүний илгээлтийг УИХ-ын дэд дарга Я.Санжмятав уншиж танилцуулав.

УИХ-ын дарга Г.Занданшатар илгээлтдээ, “Энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурал нь Монгол төрийн түүхэн, чухал үйл явдалдтай давхцан зохион байгуулагдаж буйгаараа онцлог юм. УИХ 14 хоногийн өмнө 1992 оны ардчилсан Үндсэн хуульд суурь үзэл баримтлалынх нь хүрээнд улс төр, эдийн засаг, нийгмийн хэрэгцээ шаардлагад үндэслэсэн нэмэлт, өөрчлөлт орууллаа. Уг нэмэлт, өөрчлөлтийг Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах засаглалыг тунхагласан өдөр буюу 11 дүгээр сарын 26-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нотлон баталгаажууллаа.

Үндсэн хуулийн энэхүү нэмэлт, өөрчлөлт өмнө нь УИХ-д өргөн мэдүүлж байсан хэд хэдэн төсөл болон эрдэмтэн, судлаачдын дүгнэлт, судалгаа, ард иргэдийн санал бодолд суурилсан. 

Түүнчлэн Б.Чимид агсан “Улс төрийн явцуу бүлэглэлүүдийн албан тушаал, эрх ямбын өрсөлдөөний золиос болсон өөрчлөлтийг жам ёсны хэмээн андуурч хууртагдан, Үндсэн хуулийн үнэт зүйл болсон гол зарчмаасаа хазайхад хүрүүзэй гэж л болгоомжилмоор байдаг юм” гэж хэлснийг марталгүй санаж, мөрдлөг болгосон. 

Үндсэн хуулийнхаа үнэт зүйлийг хөндөлгүйгээр жам ёсны өөрчлөлт оруулсан гэж үзэж болно. Монгол Улс 1992 онд ардчилсан Үндсэн хуулиа баталж, дагаж мөрдсөөр даруй 27 жил болоод байна. Ард Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн, нарийн бичгийн дарга Б.Чимид агсан Үндсэн хуулийн эхийг баригч төдийгүй, Үндсэн хуулийн агуулга, үзэл санааг тайлбарлан таниулах, түүний дархлааг сахин хамгаалахад нэн чухал хувь нэмэр оруулсан нь та бидний эрхэмлэх учиртай үнэт өв мөн билээ” хэмээн дурджээ.


“Үндсэн хуулийн эхийг баригч - Б.ЧИМИД” олон улсын эрдэм шинжилгээний хурлаас гэрэл зургаар хүргэж байна.