УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж байна.

Хуулийн төсөлтэй холбоотой саналуудыг хэлэлцэж, санал хурааж дууслаа. Хэлэлцүүлгийн үеэр АН-ын гишүүд болон МАХН-ын гишүүн О.Баасанхүү нар "АН-аас дэвшүүлсэн гурван саналын хоёрыг нь эрх баригчид унагалаа. Иймд "доголон" хууль батлах хэлэлцүүлэгт оролцох боломжгүй" хэмээн мэдэгдсэн.

Хэлэлцүүлэг, санал хураалт дууссаны дараа УИХ-ын дарга Г.Занданшатар "Одоо Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжсэн саналуудыг Монгол Улсын Үндсэн хуульд оруулах, нэмэлт өөрчлөлтийн төсөлд оруулж, эцсийн хувилбарыг бэлтгэж оруулж ирнэ. Иймд хуралдааныг түр завсарлуулж байна. Төсөл бэлэн болмогц төслийг бүхэлд нь уншиж танилцуулж, бүхэлд нь батлах санал хураалт явуулна" хэмээн нэгдсэн хуралдааныг завсарлууллаа.