Улсын онцгой комиссын Шуурхай штабаас өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр Монгол Улс хоёрдугаар сарын 1-ээс хойш нийт 4300 гаруй иргэнээ татан авсан гэв.

Эдгээр иргэдийн 2195 буюу 1,7 тэрбум төгрөг тусгаарлах байрны зардалд багтсан.  Үүнээс 60 иргэн нийт 39,5 сая төгрөгийн төлбөрөө төлөөгүй байгаа гэлээ. Энэ дотор БНХАУ-д ял эдэлж байсан төлбөргүй чадваргүй иргэд ч бас байгаа учраас уг асуудлыг эргэн харж, шийдвэрлэх юм байна.

МИАТ" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Баттөр:

"Франкфурт чиглэлийн нислэг нь зургаадугаар сарын сүүлээр нээгддэг чиглэл. Гэхдээ Улсын Онцгой комиссоос гарсан шийдвэрийн дагуу үйлдэхээр болоод байна. Иргэдээс энэ чиглэлийн тасалбар өндөр үнэтэй байна гэж гомдол гаргажээ.  

Энэ нислэгээр ирж байгаа иргэдийн  50 гаруй хувь нь уг чиглэлд тасалбараа авчихсан байсан. Үлдсэн 30-40 хувь нь "МИАТ"-ийн үндсэн зорчигч байгаагүй, шинээр тасалбар авч байгаа хүмүүс. Тэдний тасалбар нь 700 гаруй евро болно. Энэ бол 2015 онд батлагдаж, таван жил мөрдөгдөж байгаа тариф юм. Энгийн ангиллын тариф нь арваад төрөл бий. Хамгийн хямд нь 400 еврогоос эхэлдэг.  Тэгэхээр 725 евро нь дунджаас бага зэрэг дээгүүр байна гэсэн үг. 

Учир нь нэгдүгээрт, энэ хүмүүс "МИАТ" ТӨХК-аар зорчигч биш, хоёрдугаарт, эрэлт ямар байгааг хүмүүс бүгд мэдэж байгаа байх. Мөн тусгай үүргийн нислэг нь зөвхөн нэг талдаа зорчигчтой байгаа нислэг юм." гэлээ.