Б.Баясгалан
03 сарын 24, 2021
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын удирдлага, албан хаагчидтай уулзаж, халдварын голомтыг хумих ажлын хүрээнд эрчимжүүлэх шаардлагатай хэд хэдэн чиглэлээр үүрэг, даалгавар өглөө.
Мэргэжлийн хяналт шалгалтын бие даасан, хараат бус, хөндлөнгийн нэгдсэн тогтолцоог хэвээр хадгалах, бэхжүүлэхэд Засгийн газар анхаарч ажиллаж байна.
Өнөөгийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагааны шинэчлэлийг эхлүүлэн урьдчилан сэргийлэх, зөвлөн туслах, тандалт судалгаа хийх зэрэг хяналт шалгалтын олон арга, хэлбэрийг нэвтрүүлж байгаа нь сайшаалтай. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг шинэчлэн найруулж, зарим хяналтын салбар, чиг үүргийг буцаан нэгтгэж нэгдмэл тогтолцоог бэхжүүлэх, байгууллагын нийгмийн үнэлэмж, улсын байцаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг эрс сайжруулах зэрэг олон жил шийдлээ хүлээсэн асуудлуудыг зоригтой хэрэгжүүлэх ёстой гэж Шадар сайд хэлэв.
Тэрээр "Санхүүгийн хяналт шалгалтын чиг үүргийг хяналтын нэгдсэн тогтолцоонд буцаан нэгтгэх ажлыг ойрын хугацаанд хэрэгжүүлэх болно. Төрийн хяналт шалгалтыг шат шатанд, хууль журмын хүрээнд, нугалаагүй, өндөр хариуцлагатай, хатуу зохион байгуулалттайгаар бүх шатанд, бүх хүчээ дайчлан хийх шаардлагатай" гэв.
Мөн ковидын цар тахлын улбар шар түвшинд шилжсэн хүнд цаг үед эдийн засаг нь сэргэж буй аж ахуйн нэгжүүдийг дарамт шахалтад оруулахгүй, зөвлөн туслаж ажиллахыг анхаарууллаа.
Гэхдээ илт хууль бус үйлдэл гаргасан, гамшгийн үеийн дэглэмийг удаа дараа зөрчсөн аж ахуйн нэгжүүдэд хатуу хариуцлага тооцох, олон нийтэд мэдээллэхийг даалгав. Мэргэжлийн хяналтын олон арван шударга зарчимч байцаагчийн хажуугаар тэдний үйл хэргийг нь харлуулж байгаа албан тушаалтнуудтай хариуцлага тооцож ажиллах хэрэгтэй.
Ялагуяа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгодог, ААН-үүдийг дарамталж, үндэслэлгүйгээр үйл ажиллагааг нь зогсоодог, хааж боодог, авлига нэхдэг албан тушаалтнуудтай эвлэрэхгүй гэдгийг Шадар сайд онцоллоо.
Эх сурвалж: Шадар сайдын Ажлын алба
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.