Б.Баясгалан
01 сарын 29, 2021
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн тэргүүлэх танхимын гишүүд буюу 16 сайдад нэр дэвшүүлж буй хүмүүсээ танилцууллаа. Үргэлжлүүлэн нэр дэвшигчид гишүүдийн асуултад хариулж байна.
Энэ үеэр Монгол Улсын Шадар сайдад нэр дэвшиж буй УИХ-ын гишүүн С.Амарсайхан "Улсын онцгой комисс хамгийн түрүүнд коронавирусийн цар тахлын голомтыг дарах, дэгдэлтийг бууруулах, цаашлаад тохиолдол бүртгэгдэхгүй байх орчныг бүрдүүлэхийн төлөө бүх хүчээ дайчлан ажиллана. Идэр есийн энэ хүйтэн үедд цар тахлын эрсдэл байсаар байна. Цаашид нөхцөл байдал улам хүндрэхийг үгүйсгэхгүй.
Одоо 3 сая гаруй хүн амтай Монгол хэмээх нэг багийн тоглолт, нэг зорилго, иргэн бүрийн оролцоо, үүрэг, сахилга батыг хошуучилж, үлгэрлэж ажиллах хүмүүс бол төрийн албаны бүх шатны албан хаагч юм. Хатуу үүрэг даалгавар, гүйцэтгэл, хяналтыг сайжруулна. Гэхдээ үйлдвэр, үйлчилгээний газруудыг аль болох хаахгүй байх, үйл ажиллагааг нь хэвийн явуулахад анхаарч, ариутгал халдваргүйжүүлэлт зохион байгуулах хяналтыг шат шатанд нь явуулна. Хяналт гэдэг бол бүгдийг хааж, бооно гэсэн үг биш, хүн бүр эрүүл мэндээ хамгаална гэсэн үг юм.
Шаардлагатай дүрэм, журмыг өөрчилнө. Ямар нэгэн учир битүүлэг үйл ажиллагаа явуулахгүй. Мэдээллийн ил тод байдлыг нэгдүгээрт тавьж, иргэдээ мэдээллээр бүрэн хангана. Айдас хүйдэсгүйгээр ажил амьдралаа явуулах боломжийг бүрдүүлнэ. Мөн технологийн дэвшлийг түлхүү ашиглана.
Дээрээ шийдвэр гаргадаг, доод шатандаа замхардаг байж болохгүй. Өмнөх Засгийн газар, Улсын онцгой комисс сайн ажилласан. Харамсалтай нь зарим шатанд хангалттай биелэгдээгүй учир асууудал үүссэн. Бүх асуудалд хатуу хяналт, өндөр зохион байгуулалт, иргэдийн оролцоог хангаж ажиллана" хэмээлээ.
Засгийн газрын гишүүдийг УИХ болон Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд өөрөө томилдог.
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [66.181.161.117] ・ 2021.01.29 Хариулах
Gaduur ene tvtsnvvdig haah heregtei bohir zawaan orchin tsag barihgui shinjin ajildag