Иран, Иракийн хил дагуу болсон 7.2 магнитудын хүчтэй газар хөдлөлтөд амиа алдсан хүмүүсийн тоо 530 давсан билээ. Байгалийн гамшгаас болж орон гэргүй болсон олон мянган иргэнд тусламж хүрэлцээгүй байгаагийн улмаас хүндхэн байдалд байгааг NHK агентлаг мэдээлэв. Тодруулбал, гадаа хүйтэрч, уулархаг нутагт тусламж хүрэхдээ саатаж байгаа аж. 

Иран байгалийн гамшигт 530 хүнээ алдсан бол Иракт долоон хүн амь үрэгдсэн гэв. Аврах багийнхан нурсан барилгуудын доороос шиншлэгч нохойны тусламжтайгаар амьд хүмүүсийг хайжээ. Сарпол-и Захаб хотын гудамж талбай, цэцэрлэгт хүрээлэнгүүдэд майхангууд засч орон гэрээ алдсан хүмүүсийг байрлуулж байна. 

Иранийн Засгийн газраас майхан, хоол хүнс, хүйтнээс хамгаалах зүйлс өгч байгаа ч бүгдийнх нь хэрэгцээг хангаж чадаагүй. Амьд гарсан нэгэн эр хоёр майханд 30 хамаатантайгаа амьдарч байгаа. Хөнжил улсаас өгсөн ч хүрэлцээгүй тул шөнө унтахын аргагүй байдаг тухай хэлжээ.