Г.Батзориг: Урт хугацааны хуримтлал нь банкны хадгаламжаас хоёр дахин илүү өгөөжтэй

Хүдэрчулууны Хулан
03 сарын 09, 2026

Мандал Санхүүгийн Нэгдэл “Мандал хуримтлал” аппликэйшнд шинэчлэл хийж, хэрэглэгчдэд хуримтлал үүсгэхээс гадна өрхийн санхүүгээ бүртгэх, мөнгөний менежментийн мэдлэг авах боломжийг нэг дор бүрдүүлжээ. Энэхүү шинэчлэл болон урт хугацааны хуримтлалын ач холбогдлын талаар Мандал Санхүүгийн Нэгдлийн Ерөнхий эдийн засагч Г.Батзоригтой ярилцлаа.


-“Мандал хуримтлал” аппликэйшнд хийсэн шинэчлэлийн талаар ярилцлагаа эхэлье. Энэ удаагийн өөрчлөлтийн гол санаа юу вэ?

-Сүүлийн 10, 20 жил бид “хадгаламж гэж юу вэ” гэдгийг л ярьж ирлээ. Харин одоо арай ахисан түвшний яриа хийх цаг нь болсон гэж бодож байна. Өөрөөр хэлбэл, хүмүүс орлогоо зөвхөн хадгаламжид хийх биш, төрөлжүүлж сурах хэрэгтэй.

Орлогоо төрөлжүүлэх хамгийн зөв арга бол хөрөнгийн зах зээлд оролцох. Гэхдээ бодит амьдрал дээр ихэнх хүнд энэ нь ойлгомжгүй, төвөгтэй санагддаг. Хувьцаа, бонд, P/V харьцаа гэх мэт ойлголтууд шууд гарч ирэхээр хүмүүс эргэлздэг.

Тиймээс бидний зорилго бол энэ бүхнийг энгийн болгох. Хэрэглэгч аппликэйшнд нэвтрээд, сар бүр тодорхой хэмжээний мөнгөө хуримтлуулна. Харин тэр мөнгийг бид хөрөнгийн зах зээл дэх хувьцаа, бонд зэрэг бүтээгдэхүүнд хуваарилж удирдаж өгнө. Өөрөөр хэлбэл, санхүүгийн зөвлөхийн ажлыг технологиор дамжуулж хийж байгаа гэсэн үг.


-Аппликэйшний шинэчлэл яг ямар боломжуудыг нэмж өгч байна вэ?

-Бид энэ удаагийн шинэчлэлээ гурван үндсэн хэсэгт хувааж хийсэн. Нэгдүгээрт, хуримтлал. Энэ бол тулгын эхний чулуу. Хүн урт хугацааны зорилгодоо зориулж тогтмол мөнгө хуримтлуулж эхлэх ёстой.

Хоёрдугаарт, өрхийн орлого, зарлагын бүртгэл. Өрхийн санхүү ихэвчлэн тухайн хүний сэтгэл зүйн шийдвэр дээр явж байдаг. Өглөө босоод машин авах шийдвэр гаргах ч юм уу, эсвэл зээл авах ч юм уу. Харин бүртгэлтэй бол санхүүг илүү бодит тоон дээр үндэслэж удирдаж болдог.

Гуравдугаарт, мэдлэгийн хэсэг. Бид мөнгөний менежментийн хичээлүүдийг “Мэдлэг” цэсэнд оруулсан. Өрхийн санхүү, хуримтлал, хөрөнгө оруулалтын талаар хүмүүс суралцах боломжтой.

Өөрөөр хэлбэл, хуримтлал, санхүүгийн бүртгэл, санхүүгийн боловсрол гэсэн өрхийн санхүүгийн гурван тулгын чулууг аппликэйшнд нэг дор шийдэж өгсөн.


-Урт хугацааны хуримтлал яагаад чухал вэ?

-Мөнгө өсгөх гэдэг зүгээр л мөнгөө үржүүлэх тухай асуудал биш. Энэ бол урт хугацаанд өөртөө санхүүгийн болон сэтгэл зүйн амар тайван байдал бий болгох процесс.

Судалгаагаар салсан гэр бүлүүдийн ихэнх хувь нь санхүүгийн асуудлаас болж маргадаг гэсэн дүн байдаг. Санхүү тогтворгүй байхад гэр бүлийн харилцаанд хүртэл нөлөөлдөг.

Нөгөө талаас, хуримтлалтай хүн болон зээлтэй хүний шийдвэр гаргалт эрс ялгаатай. Хуримтлалтай хүн 4-5 жилийн алсын төлөвлөгөө харж чаддаг бол зээлтэй хүний тархи хамгаалах горим руу орж, зөвхөн тухайн мөчийн шийдвэрийг гаргадаг. Тиймээс хуримтлал гэдэг бол зөвхөн мөнгөний асуудал биш, амьдралын чанартай холбоотой ойлголт юм.


-Жишээ нь, урт хугацаанд хуримтлал хийхэд бодит үр дүн ямар байдаг вэ?

-Жишээ нь, сар бүр хүүхдэдээ 100 мянган төгрөг хуримтлууллаа гэж бодъё. Хүүхэд 18 нас хүрэхэд банкны хадгаламжид энэ мөнгө ойролцоогоор 46 сая төгрөг болно.

Харин хөрөнгийн зах зээлд суурилсан хуримтлалын бүтээгдэхүүнд байвал 98 сая төгрөг болж өсөх боломжтой. Өөрөөр хэлбэл, хоёр дахин их.

Энэ ялгаа нь нэг зүйлээс л үүдэлтэй. Тэр нь хүүгээс хүү бодох буюу хуримтлалын хүч юм. Тиймээс урт хугацааны мөнгийг банкны хадгаламжид хийхээс илүү хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулах нь илүү үр ашигтай байдаг.


-Монголчууд урт хугацааны хуримтлал хийхэд ямар бэрхшээл тулгардаг гэж та харж байна вэ?

-Хамгийн том бэрхшээл бол эхлэхэд хэцүү санагддаг. 10, 20 жил хуримтлуулна гэж бодохоор сэтгэл зүйн хувьд хүнд тусдаг юм билээ. Гэтэл хүмүүс урт хугацааг хэсэг хэсгээр нь давж чаддаг. Жишээ нь 10 жилийг бодохын оронд 2-3 жилийн зорилгоор хуваагаад явбал илүү бодит болдог.

Манай хэрэглэгчдийн туршлагаас харахад 3 жил тогтмол хуримтлуулсан хүмүүс дараагийн хугацаанд үргэлжлүүлэхэд илүү амар байдаг.


-“Мандал хуримтлал” аппликэйшний хэрэглээ хэр өсөж байна вэ?

-Өнөөдрийн байдлаар манай аппликэйшнийг нэг сая орчим хүн татсан байна.

Хэрэглэгчид ердөө 3 минутын дотор бүртгүүлж, банкны картаа холбож болно. Дараа нь сар бүр тодорхой хэмжээний мөнгө автоматаар хуримтлал руу орно. Хүмүүст хамгийн их таалагддаг зүйл нь энэ процесс маш энгийн болсон явдал.


-Өнөөдөр банкны хадгаламжтай харьцуулахад ямар давуу тал бий вэ?

-Одоогийн байдлаар банкны хадгаламж татварын дараа гар дээр ойролцоогоор 10.7 хувь орчим хүү өгч байна. Харин “Мандал хуримтлал”-ын өгөөж дунджаар 14-15 хувь орчим байдаг. Өөрөөр хэлбэл, хадгаламжаас 4-5 нэгж хувиар өндөр гэсэн үг. Гэхдээ энд хамгийн чухал зүйл нь жил бүрийн өгөөж биш. Бага мөнгийг тогтвортой, урт хугацаанд хуримтлуулах явдал юм.


-Таны хувьд монголчуудын санхүүгийн хандлага цаашид хэрхэн өөрчлөгдөнө гэж харж байна вэ?

-Өнөөдөр ихэнх хүмүүс зөвхөн цалингаасаа хамааралтай амьдарч байна. Харин хөгжсөн орнуудад хүмүүс цалингаас гадна хөрөнгө оруулалтаас орлого олдог. Гэхдээ тэр орлого богино хугацааны эрсдэлтэй зүйлээс биш, харин 10, 20, 30 жилийн хугацаатай хөрөнгийн зах зээлийн бүтээгдэхүүнээс бий болдог.

Тиймээс бидний гол уриалга бол энгийн. "Орлогоо төрөлжүүл. Төрөлжүүлэхдээ хөрөнгийн зах зээлд оролц". Энэ бүхнийг эхлүүлэх хамгийн амархан арга нь “Мандал хуримтлал” гэж бид харж байгаа.


Холбоотой сэдвүүд

хуримтлал хуримтлалын хүч

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.