Монголын оюун ухааны академи /МОУА/-ийн тамирчин ой тогтоолтын насанд хүрэгчдийн дэлхийн аварга, олон улсын их мастер /ОУИМ/ Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар Гиннессийн номд албан ёсоор бүртгэгдсэн сертификатаа гардан авлаа.

Тэд ихэр эгч дүүс бөгөөд хилийн чанадад эхний хичээлийн жилийн шалгалтаа амжилттай өгөөд Гиннессийн номд албан ёсоор бүртгэгдсэн сертификатаа авсан байна. Эгч нь болох Н.Мөнхшүрийн албан бус нэг дээд амжилтыг сонирхуулахад 4 минутад 80 ханз тогтоож байсныг тэднийг уг замд хөтөлсөн Оюун ухааны академийн ерөнхийлөгч Х.Хатанбаатар фэйсбүүк хуудастаа онцолжээ.

Монголын Оюун Ухааны Академийн баг тамирчид ой тогтоолт, цээж бодолт, хурдан уншлага зэрэг оюуны спортын олон төрлөөр олон улсын 46 тэмцээнд амжилттай оролцож 760 медаль эх орондоо авч ирээд байна. Ихэр охид Бээжингийн их сургуулийн хэлний бэлтгэл ангид суралцдаг аж.