Таны зан чанар, сэтгэл зүйн байдлыг илтгэдэг гэр доторх зүйлс

Э.Мөнхтуяа
02 сарын 03, 2022

Хувцас болон аяга тавгаа хэрхэн байрлуулдаг, өрөө нь ямар байдаг зэргээс нь тухайн хүний талаар олон зүйлийг хэлэх боломжтой. Өөрийн эргэн тойрон дахь орон зайг хэрхэн зохион байгуулсныг ажиглах нь хувийн зан чанарынхаа талаар илүү ихийг сурч мэдэхэд тусалдаг. Бусад хүмүүсийн талаар ч олж мэдэх боломжтой. 

Хэрвээ та шинэ танилынхаа талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл гэрт нь зочлон дараах байдлуудыг ажиглан зан чанар, сэтгэлзүйн байдлыг нь шинжиж болно. Мөн өөрийгөө ч шинжээрэй.


1. Элдэв новшоо шургуулга, хувцасны шүүгээндээ нуух дуртай


Анхны харцаар тэдний орон сууц, өрөө тасалгаа төгс мэт санагдаж болно. Шал нь цэвэрхэн, номуудыг цэгцтэй өрсөн байдал, тохиромжтой ханын цаас гэх мэт. Гэвч гал тогооны өрөөний шургуулгыг татах юмуу хувцасны шүүгээг онгойлгоход эвдэрсэн хайч, хуучирсан зээлийн карт, овоолсон хувцасыг олж харж болно. Зарим зүйлийн харагдах байдал нь маш чухал, ялангуяа бид бүгдийн зан чанарт маш хамааралтай. 

Тэд хүмүүст сайн талаа харуулахыг хичээдэг ба бусдад онцгой сэтгэгдэл төрүүлэхийн тулд их зүйлийг хийдэг. Эдгээр хүмүүст хаях, эсвэл ангилахын оронд хуучин хэрэгцээгүй зүйлийг нуух нь илүү амар байдаг. Тэдний хувьд харахад цэвэрхэн байх нь цэвэрлэхээс амар юм.


2. Засвар хийсний ямар ч ул мөр байхгүй


Зарим хүн илүү мөнгө зарцуулахгүйн тулд хуучирсан ханын цаас, ус алддаг цорготойгоо, хуучин зүйлээ хайрцагт хадгалан хэдэн жилийг өнгөрөөдөг. Тэд гэр орондоо түр зуурын мэт хандаж, өөр хотод оршин суух, гадаадад ажил хайх, байрны зээл авах, эсвэл амьдралаа өөрчлөгдөхийг хүлээдэг. Гэсэн ч тэд заримдаа энэ “түр зуурын” гэртээ хэдэн арван жил амьдардаг. 

Сэтгэл зүйн хувьд эдгээр хүмүүс нь ирээдүйд амьдрах сонирхолтой бөгөөд одоо байгаа байдлаа түр зуурын тав тухгүй байдал мэтээр ойлгодог. Нөгөөтөйгүүр тэдэнд тогтсон төлөвлөгөө байдаггүй, өөрсдийнх нь энэ байдлыг өөрчлөх гадны дэмжлэг гарч ирнэ гэдэгт үргэлж найддаг.


3. Цэгцгүй ажлын талбар


Ажлын талбар бол орон сууцны хамгийн сонирхолтой цэгүүдийн нэг юм. Зарим хүн бүх зүйлийг цэгцлэн, хавтасанд ялгаж байрлуулдаг. Харин бусад нь бүгдийг нэгтгэдэг. Бичгийн цаас, үзэг, харандаа, зөөврийн компьютер: эдгээр зүйлс нь бүхий л орон зайг эзлэх ба тоостой харагдана. Энэ нь тэдний өөртөө итгэлтэй боловч, тогтворгүй байдлыг илтгэнэ.

Тэдний ширээ нь эмх цэгцгүй ч тэд ажлаа идэвхитэй явуулах боломжтойгоос гадна хэрэгтэй зүйлээ хаанаас олохоо мэддэг. Энэ нь тийм ч муугүй зүйл юм. Ихэвчлэн эмх цэгцгүй ширээ нь бүтээлч, шинэлэг зан чанарын индикатор болдог. 


4. Угаалтуур дүүрэн угаагаагүй аяга таваг, сагсанд бохир хувцаснууд хуримтлагдсан, хогийн саваа хоослоогүй байдал


Маш цөөн хүн цэвэрлэх дуртай гэж хариулах байх. Ихэнхдээ хүмүүс “би залхуу”, “завгүй”, “надад одоо цаг байхгүй”, “маргааш хийнэ” гэх мэтчилэн хойшлуулдаг. Хэрвээ энэ зангаа ажигласан бол жижиг зүйлээс эхлэхийг хичээгээрэй. Хоолоо идсэнийхээ дараа тэр даруйд нь аягаа угаах, хогоо өдөр бүр гаргаж хаях зэрэг нь эрүүл хэвшлийг бүрэлдүүлдэг. Энэхүү хэвшил нь ажил хөдөлмөр, гэр бүл, бусад хүмүүстэй харилцах харилцаанд ч гэсэн чухал нөлөө үзүүлдэг.


5. Хэн ч амьдардаггүй мэт хоосон


Зарим хүний гэр зөвхөн унтахаар ирдэг мэт харагддаг. Энд цэвэрхэн, элдэв тавилга байхгүй, бараг сав суулга гээд байх зүйлгүй. Заримд нь угаалгын машин, хөргөгч, зуух зэрэг шаардлагатай зүйлс ч байдаггүй. Энэхүү орон сууц нь оюутнуудын түгээмэл дүр төрхийг илтгэдэг ба тэдэнд гэртээ өнгөрүүлэх цаг хомс байдаг. 

Харин нас ахих тусам хүмүүс илүү тав тухыг эрэлхийлдэг ба цагийг илүү гэртээ өнгөрүүлдэг. Энэ нөхцөл байдал нь тэдний сэтгэхүйн асуудлыг илэрхийлж болно. Үүний нэг нь: тэд нас биед хүрсэн ч биеэ даагаагүйг илтгэх ба хэн нэгэн ирж түүний гэрийг тав тухтай болгохыг хүлээдэг.


6. Гал тогооны өрөө эмх цэгцгүй байх


Бидний хамгийн цэвэр цэмцгэр байлгах ёстой өрөө бол гал тогоо юм. Угаагаагүй аяга таваг, хоолны үлдэгдэл нь өрөөг цэгцгүй харагдуулахаас гадна эрүүл мэндэд аюул учруулах магадлалтай. Гэсэн ч зарим хүн эмх цэгцгүй гал зуухны өрөөнд дасан зохицох хандлагатай байдаг. Олон судалгаанаас харахад энэ нь сэтгэл гутралын нэг шинж байх магадлалтай аж. 

Тэдэнд гэрээ цэвэрлэх хүч байхгүйгээс гадна цэвэрхэн байх нь чухал биш гэж үзэх юмуу, заримдаа цэвэрхэн байдалд амьдрах эрхгүй гэж үздэгтэй холбоотой. Цэвэрхэн тав тухтай гэрт амьдрах нь сэтгэл санааны байдлыг сайжруулж, сэтгэл гутралын шинж тэмдэщгийг арилгахад тусалдаг.


7. Угаалгын өрөө


Халуун ус, хүйтэн шүршүүр нь хүний мэдрэхүйд асар их нөлөө үзүүлдэг. Үнэр нь биднийг сэрээдэг бол давс болон амин тос нь дотоод эрхтэнүүдийн үйл ажиллагааг сайжруулахад тусалдаг. Угаалгын өрөөний харагдах байдал нь тухайн хүн өөртөө хэр их анхаарал хандуулдгийг хэлэх боломжтой. Зөвхөн биедээ ч биш сэтгэл санаандаа хэр анхаардаг болохыг илтгэдэг. Шингэн саван, төрөл бүрийн тос, чанартай шүдний оо зэрэг нь тухайн хүний арчаатай байдал, өөртөө хэр их санаа тавьдгийг харуулдаг.


8. Хэтэрхий олон зүйл хураасан


Зарим хүн өнгөрсөнд баяртай гэж хэлэх дургүй байдаг. Тэд хэн ч хэрэглэхээ больсон цайны хэрэглэлээ хадгалж, хуучин тавилгаа тагтан дээрээ байрлуулан, хэн ч унахаа больсон дугуй болон хэрэглэхээ больсон зүйлсийг хадгалсаар л байдаг. Энэ нь консерватив шинж чанарыг илтгэдэг. Тэд байгаа зүйлийг өөрчлөхийг хүсдэггүйгээс гадна нуудаггүй. Хамгийн муу нөхцөл бол тэд хэрэгцээгүй зүйлсийг гэртээ цуглуулсаар байдаг ба энэ нь невроз болон сэтгэл зүйн эмгэгийг илтгэдэг талтай.



Эх сурвалж: brightside.me


Холбоотой сэдвүүд

орон гэргүй эр эмх цэгц

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.