Л.Дэлгэрмаа
02 сарын 06, 2026
Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх, өрхийн амьжиргааг дэмжих зорилготой төслийг хэрэгжүүлэхээр нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар, Монгол Улс дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовска, “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Гангамөрөн нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Төслийн хүрээнд нарны эрчим хүчний системийг батарей хуримтлууртай хослуулсан бичил сүлжээ (mini-grid) шийдлийг туршин нэвтрүүлж, гэр хорооллын 800 өрхийг төвлөрсөн цахилгаан сүлжээнд холбон, сэргээгдэх эрчим хүчээр халаах юм.

Тодруулбал, нийт 2.5 МВт хүчин чадалтай нарны бичил сүлжээ байгуулж, 800 өрхийг цэвэр, найдвартай эрчим хүчээр хангана. Мөн эдгээр өрхөд цахилгаан халаагуур болон батарей хуримтлууртай хосолсон, 80–1000 кВт хүртэлх хүчин чадалтай нарны хавтанг суурилуулахаар төлөвлөжээ. Төслийг 2027 оны арванхоёрдугаар сард багтаан бүрэн хэрэгжүүлнэ.
“Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг дэмжих төсөл” нь Улаанбаатар хотын эрчим хүчний хэрэглээг цэвэр эх үүсвэрээр нэмэгдүүлэх, цаашид өргөн хүрээнд хэрэгжүүлэх боломжтой жишиг загвар болох юм.
Эх сурвалж: НЗДТГ
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [66.181.178.30] ・ 2026.02.07 Хариулах
Xamragdiildaaa kkkk