Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаанаар “Говь” компанийн нэгж хувьцааг 100 хуваахаар шийдвэрлэсэн билээ. Үүнтэй холбоотойгоор Монголын Хөрөнгийн бирж “Говь” компанийн арилжааг энэ сарын 3-аас зогсоогоод байсан юм.

Тэгвэл Санхүүгийн Зохицуулах Хорооны Улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 58 тоот албан шаардлагаар “Говь” ХК-ийн хувьцааны арилжааг өнөөдөр нээж байна. Тус компанийн хувьцаа 100 хуваасан бөгөөд ингэснээр 330 төгрөгөөр арилжаалагдаж байгааг Хөрөнгийн бирж мэдээлэв.

Ийнхүү хуваагдахаас өмнө "Говь" ХК-ийн нэгж хувьцааны хаалтын ханш нь 33 мянган төгрөг байжээ.

Хувьцаа хуваагдсан нь хувьцааны хөрвөх чадвар, хувьцаа эзэмшигчдийн тоог нэмэгдүүлэх, компанийн зах зээлийн үнэлгээг өсгөх, цаашлаад хувьцааны төвлөрлийг бууруулах ач холбогдолтой юм.

Монголын хөрөнгийн биржийн топ 20-д багтдаг "Говь"  ХК 2018 оны 06 сарын 30-ны байдлаар нийт 16,238 хувьцаа эзэмшигчтэй. 

Тус компаний нийт хувьцааны 84 хувийг 4 том хувьцаа эзэмшигч Хайд Интер, Эф Си Ай, Таван Богд Трейд, Үлэмж Их компаниуд эзэмшиж байгаа бол 15 хувь нь 17-18 мянган жижиг хувьцаа эзэмшигч нарт байна. Компанийн зах зээлийн үнэлгээ 250 тэрбум төгрөг гэж гарчээ.