"Говь" компани өндөр нууцлалтай шүгэл үлээгч систем нэвтрүүлжээ

Д.Даваадулам
07 сарын 07, 2025

АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийг “Говь” хувьцаат компанийн үйл ажиллагаатай саяхан танилцах үеэр шүгэл үлээх систем нэвтрүүлж, найдвартай сувгаар мэдээллийг өндөр нууцлалтай авдаг гэсэн мэдээлэл анхаарал татсан юм.

“Говь” компанийн  цахим хуудсаар орвол үндсэн цэсийнхээ нэг цонхыг шүгэл үлээхэд зориулсан байна. “Ёс зүйн зөрчил болон шударга бус үйлдлийн талаар цахимаар мэдээлэхэд нээлттэй. Энэ программ нь нэр, хаяг шаардахгүй шүгэл үлээгчийн мэдээллийг нууцлах зориулалттай. Мэдээллийн нууцыг чандлан хадгална. “Говь” ХК-ийн нэр дэвшүүлэх хороо, мөн Ёс зүйн хороо асуудлыг30 хоногийн дотор хянаж шийдвэрлэдэг” гэж холбогдох ажилтан танилцуулав. 

Ийм байдлаар 2023 оноос хойш өнөөдрийг хүртэл нийт 151 зөрчил, мэдээллийг тус компани хүлээн авч шийдвэрлэсэн байна. Тогтвортой хөгжлийн зорилтуудын шалгуур үзүүлэлт болох хүний эрх, жендэрийн тэгш байдлыг хангах арга хэлбэрийн нэг нь энэ юм.  

Мөн Тогтвортой хөгжлийн стратегийн бодлоготой компанийнхаа хувьд Тогтвортой хөгжлийн 17 зорилгыг үйл ажиллагааныхаа үндсэн чиглэл болгож, үйлдвэрлэлийн шат дамжлага, үйл ажиллагаа бүртээ уяж ажилладаг гэж “Говь” компанийн Тогтвортой хөгжлийн хэлтсийн дарга З.Ариунзул танилцуулсан юм. Тус компани “Хүний эрх жендэрийн бодлого” оо 2024 онд баталжээ. 

Зураг
Тайлбар




Өнгөрсөн 2024, 2025 оны хавар орон нутагт хоршоодоор дамжуулан нийт 500 малчдаас ноолуур худалдан авахдаа уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, даван туулах, жендэр, хүний эрхийн мэдлэг мэдээлэл олгох, малчин эмэгтэйчүүдийн орлогыг нь тогтворжуулахад чиглэсэн сургалт, сурталчилгааны ажлыг газар дээр нь зохион байгуулсан байна. АХБ-наас  2023 онд “Говь” ХК-д олгосон 30 сая ам долларын хөнгөлөлттэй зээлийн шалгуур шаардлага ч мөн тогтвортой хөгжлийн зорилттой уялддаг байна.

Тухайлбал АХБ нь зээлдэгч түншлэгчийн үйл ажиллагаанд жендерийн тэгш байдлыг хангах чиглэлээр хэд хэдэн шалгуур, шаардлага тавьдаг байна. Эмэгтэйчүүдийг дэмжин хөгжүүлэхэд туслалцаа үзүүлэх, үйлдвэртээ шинээр авах ажилтнуудын тал нь эмэгтэйчүүд байх, эмэгтэй ажилтнуудыг мэргэжил дээшлүүлэх боломжоор хангах,“Говь” ХК-ийн малчдад зориулж зохион байгуулах сургалтын тал хувийг эмэгтэйчүүдэд зориулах, бэлчээр, сүргийн менежментийг хэрэгжүүлэх малчдын бүлэгт эмэгтэй малчид нэгдэхийг уриалах, жендерт суурилсан хүчирхийллийн талаарх мэдлэг олгох материал боловсруулах зэрэг зорилтуудыг багтаадаг байна. 

Монгол Улсын ноолууран бүтээгдэхүүний 60 гаруй хувийг үйлдвэрлэдэг “Говь” ХК нь1500 гаруй ажилтантай. Тэдний 70 хувь  нь эмэгтэйчүүд юм.  

Холбоотой сэдвүүд

шударга ёс шүгэл үлээгч

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.