Тээврийн хэрэгслийн "аз"-ын дугааруудыг зөвхөн танил талаараа яриулан эсвэл их хэмжээний мөнгөөр худалдаж авдаг байсан. "Аз"-ын гэх тодотголтой дугаарыг хамгийн багадаа 500 мянган төгрөгөөр худалддаг байсан гэх. Гэхдээ тэр мөнгө улсын төсөв рүү биш хувь хүний халаас руу ордог байсан нь нууц биш.

Харин энэ жилээс нээлттэй дуудлага худалдаагаар худалдах шийдвэр гарсан. Энэ шийдвэрийн хүрээнд анхны дуудлага худалдаа өнөөдөр явагдаж, тодорхой дугаарууд зарагдлаа. Тухайлбал, оролцогч 50.000 төгрөгийн дэнчин тавьж дуудаж эхэлсэн "0001 У**" гэх дугаар 427 сая төгрөгийн үнэ хүрч, зарагдав. Ингэснээр тухайн мөнгө Улсын төсөвт орж, эргэлт үүсгэх боломжтой болж байна гэсэн үг юм.

Хэрвээ дуудлага худалдаа явуулаагүй бол хэн нэгэн дарга нь дуртай тоогоо хэлж, иргэдээс мөнгө авч өөрийнхөө халаасыг дүүргэх байлаа. Харин одоо энэ байдал эцэслэн шийдэгдэж байна. Дугаарыг өндөр үнээр авах уу, үнэгүй дугаар авах уу гэдэг нь хувь хүний сонголт.

Тээврийн хэрэгслийн дугаарыг ингэж ил тод олгодоггүй байхад олон сөрөг асуудал үүсдэг байсан. Дээр дурдсанчилан зарим албан тушаалтан хүссэн үнээрээ зараад мөнгийг нь халаасалдаг гэх мэдээллүүд бий. Үүний нэг жишээг АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн Олон нийттэй харилцах ажилтан Т.Мөнхтунгалаг өнөөдөр цахим хуудаснаа мэдээлжээ.

Т.Мөнхтунгалаг

Тэрээр "Өмнө нь автомашины азын 3000 гаруй дугаарыг бусдад давуу байдал үзүүлж олгосон АТҮТ-ийн 4 албан тушаалтныг мөрдөн шалгаж байгаа. 

Авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах хүрээнд тодорхой журам, уулзалтын үр дүнд авлигын шалтгаан бүхий журам өөрчлөгдөж, яг одоо автомашины азын дугаарыг үнэ хаялцуулах ажил хийгдэж байна. Өмнө нь албан тушаалтны халаасанд орж байсан хэдэн зуун сая төгрөг одоо улсын төсөвт орохоор боллоо. 

Азын 3000 дугаарыг хамгийн багадаа 500 мянгаар өгсөн гэж тооцон үржүүлээд үз дээ. 1.5 тэрбум болж байгаа. Хамгийн багадаа л энэ шүү" хэмээлээ.

Үүнтэй адил төрийн бусад үйлчилгээг иргэдэд нээлттэй, шударга, цахим хэлбэрээр явуулах цаг нэгэнт болжээ. 

Харилцахад хамгийн хэцүү, хүнд сурталтай газар бол төрийн байгууллагууд гэдгийг судалгаагаар тогтоосон. Иргэд ч ам уралдан хэлдэг. Хэн, хаана ямар шийдвэр гаргах нь, хэзээ хэнтэй харьцаж, асуудлаа шийдүүлэх нь тодорхойгүй байдаг. 

Авууштай нэг зүйл нь иргэдэд төрийг үйлчилгээг цахимаар үзүүлдэг E-Mongolia цахим системийг өнгөрсөн онд нэвтрүүлсэн. Одоо тус системээр 182 үйлчилгээг иргэд, ААН-үүдэд үзүүлдэг, 2021 онд 592 болгоно гэдгээ Засгийн газраас мэдээлсэн.

Гэхдээ л ямар нэгэн үйлчилгээ авахад олон төрлийн материал цаасаар бүрдүүлж, ийш тийшээ гүйн тамга тэмдэг даруулж, хэн нэгэн албан тушаалтны харцан дор үйлчилгээ авдаг нөхцөл байдал үргэлжилж л байна. Бүр тодруулбал албан хаагчийн "гарыг цайлгаагүй" бол ажил бүтдэггүй, бүттэлээ асар уддаг. 

Тухайлбал, улсын эмнэлгүүдэд цаг аваад шинжилгээнд хамрагдах гэхээр цаг олддоггүй, байгаа цаг нь хэдэн сарын дараа байх жишээний. Гэсэн ч цаагуураа танил талаараа яриулан хэд гурван төгрөг өгсөн нь оочир дараалалгүй үйлчилгээ авдаг нь нууц биш. Энэ тогтолцооноос болж төлсөн даатгалынхаа үр шимийг хүртэж чадалгүй хоолныхоо мөнгийг хугаслан хувийн эмнэлэг барааддаг иргэдийн цуваа хөвөрсөөр байна. Харин бидний төлсөн татвараар хэн нэгэн эрхэм хаа нэгтээ тансагладаг.

Мөнгөгүй иргэд нь хохирч үлдсээр. Хэдэн төрийн алба хаагч нь ард иргэдийнхээ амьдрал дээр тогтолт хийж халаасаа дүүргэсээр багагүй хугацаа өнгөрлөө. Энэ төрлийн жишээ ч олон байгаа. 

Саяхан л гэхэд Хавдар Судлалын Үндэсний төв эмнэлэгт ходоодны хорт хавдартай иргэнийг 3 сая төгрөгийг цагийн дотор олж өг. Чадахгүй бол хагалгаанд оруулах боломжгүй гэсээр тухайн иргэнийг нутаг буцаасан гашуун түүхтэй. Монгол Улсын иргэн эх орондоо эмнэлгийн тусламж авч чадалгүй, гомдол тээн буцаж байна.

Энэ мэтчилэн үйлдлүүд төрийн бүх шат дамжлагад бий болсон. Энэ тогтолцооны талаар ам нээдэг ч тодорхой шийдэлд хүрдэггүй.

Технологийн эрин зуунд бүх зүйл цахимжсан нийгэмд амьдарч байгаа иргэд бүх зүйлийг өөрийн биеэр, цаасаар, олон шат дамжлага дамжин гүйцэтгэсээр цаг хугацаа болоод хөрөнгө санхүүгээр хохирсоор байна.

Уг нь бид чинь "цахим үнэмлэх"-тэй ард түмэн биш билүү. Ямар нэгэн юм болоход үнэмлэхээ баталгаажуулаад аваад ир гэх. Тэгвэл үнэмлэх цахим болсны хэрэг юундаа байгаа юм бэ? Цахим үнэмлэхээ барьчихаад нотариатоор баталгаажуулаад явдаг улс манайхаас өөр байдаг болов уу? Тухайн иргэний хурууны хээг уншуулахад бүх мэдээлэл гарч ирдэг мэдээллийн дата өгөгдлийг төрийн бүх шат дамжлагад ашиглаж эхлэх цаг аль хэдийнээ болсон.

Ингэснээр төрийн байгууллагын ажлын ачаалал буураад зогсохгүй иргэдийн бухимдал багасаж, гэр бүлдээ цаг зав гаргаж, нэг дор олноороо бөөгнөрөх асуудал багасна. Нөгөө талаар бүх үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлснээр цаас гамнаад зогсохгүй эх дэлхийгээ хайрлаж буй хэрэг юм.   

Бүх зүйл ил тод байх нь авлигыг бууруулж, улс хөгжих боломжийг хангах, нийгмийн шат бүрт бугласан идээ бээрийг шахаж гаргах боломжтой. Мөн энэ тогтолцоо цааш үргэлжилж төрийн бүх зүйл ил тод нээлттэй үйл ажиллагаа явуулах боломжтой гэдгийг өнөөдрийг нээлттэй худалдаа харууллаа.