Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгч Грета Тунбэрг өөрийн шагналын 1.14 сая ам.доллараас Бразил дахь Амазон ойн бүсийн коронавирусын эсрэг тэмцэлд тодорхой хувийг хандивлахаар болжээ.

Грета байгаль орчны төлөө өргөсөн дуу хоолойныхоо хариуд энэ долоо хоногт Португалын Калоустэ Гулбэнканы сангаас олгогддог Гулбэнканы Хүмүүнлэгийн шагналыг хүртсэн юм. Тэрээр өөрийн твитер хуудаснаа оруулсан бичлэгтээ "Нэр төрийн хэрэг хэмээн мэдэгдээд тухайн шагналыг дагалдах мөнгөн дүн нь түүний төсөөлж чадахаас ч их хэмжээний мөнгө" болохыг хэлжээ.

Тиймээс тэр шагналын мөнгөнөөсөө бусдад өгөхөөр шийджээ. Өөрийн нэрийн сангаар дамжуулан Грета 114 мянган долларыг СОС Амазониа хэмээх Амазоны бүсийн ойг хамгаалах болон нутгийн иргэдийг ариун цэвэр сахих боломж, хүнс, эмнэлгийн төхөөрөмжүүдээр ханган цар тахалтай тэмцэж буй байгаль орчны байгууллагад хандивлах гэнэ.

Мөн 17 настай уг Швед охин экоцид болон байгаль сүйтгэлийг олон улсын гэмт хэргээр тооцуулах Экоцидыг зогсоох санд 114 мянган доллар хандивлах аж.

Грета өөрийн шагналын мөнгөний үлдсэн хувийг өөрийн сангаар дамжуулан "Дэлхийн өмнөд хэсэгт уур амьсгалын болоод экологийн хямралд хамгийн ихээр өртөж байгаа хүмүүст туслахад зориулна" гэдгээ ч твиттер хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

"Тэрээр уг шагналыг 46 орны 136 горилогчоос шалгаран, залуу үеийнхнийг уур амьсгалын эсрэг дуугарахад уриалсан чадвараараа хүртсэн анхны шагнал нь" хэмээн шагнал гардуулах ёслол дээр Ерөнхий шүүгч Йорг Сампайо хэлсэн байна.

Грета өнгөрөгч 5 дугаар сард өөр нэгэн шагнал хүртсэн ба шагналын бүх мөнгө буюу 100 мянган ам.доллараа ЮНИСЕФ-т коронавирусийн цар тахлаас хүүхдүүдийг хамгаалах үйлд хандивласан юм.


Эх сурвалж: CNN