Жендэрийн шударга ёс, охид, эмэгтэйчүүд, хүүхдийн эрхийн төлөө ажилладаг, охид, залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах “Гүнж” төв ТББ, “Хөөрхөн зүрхнүүдийн аян” ТББ болон “Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” ТББ-ууд “Дархан-Уул аймгийн Од цогцолбор сургуульд “охидын үзлэг” зохион байгуулахыг эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ.

Тус сургуульд ахлах ангийн охидыг өөрсдийн болон эцэг, эхийн тодорхой зөвшөөрөлгүйгээр, нийтээр нь албадсан байдлаар бие махбодийн, бэлгийн халдашгүй байдалд халдаж эрүүл мэндийн гэх үзлэг явуулах гэж байгаа нь хүний эрхийг зөрчсөн хэрэг гэж үзэв. 

Учир нь "Охидын үзлэг” буюу бэлгийн харьцаанд орсон эсэхийг шалгах үзлэг нь охид, эмэгтэйчүүдийн хүний эрхийн ноцтой зөрчил, ялгаварлан гадуурхалтын илэрхийлэл бөгөөд шинжлэх ухаанч бус, бэлгийн харилцаанд орсон эсэхийг бүрэн тодорхойлох боломжгүй, эмнэлгийн ач холбогдолгүй, урт, удаан хугацааны эрүүл мэндийн болон сэтгэлзүйн сөрөг үр дагавартай хэмээн дэлхий нийтээр, Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүний эрхийн Дээд Комиссарын газар, НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллага, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зэрэг газруудаас эрс буруушаадаг байна.

Тиймээс тус ТББ-ын зүгээс энэхүү асуудлаар мөн Хүний эрхийн үндэсний комисс, Эрүүл мэндийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Монгол Улсын Засгийн газрын харьяа Жендэрийн Үндэсний хороо болон Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт хандаж өргөдөл гаргахаар болжээ.

ХЭҮК-ийн зүгээс охидын үзлэг дээр эсрэг байр суурьтай байдаг. Шалтгаан нь бодит байдал дээр охидыг бүгдийг нь албадаж үзлэгт оруулаад дараа нь эмнэлэгийн шинжилгээний хариуг нэр устай нь сургуулийн захиргаанд өгсөн тохиолдол цөөнгүй гарсан аж.