Г.Ууганцэцэг: Хотын иргэдийн амьд явах баталгаа бол нэгдсэн стандарт

Сүүлийн үед нийгмийн сүлжээгээр дамжуулан нарийн ширхэгт тоосонцор, хотын стандарт, сургууль орчмын стандарт, ногоон байгууламжийн стандартын талаар мэдээлэл бэлтгэн түгээсээр буй Анагаах ухааны доктор Ганболдын Ууганцэцэгтэй хийсэн ээлжит ярилцлагаа хуваалцаж байна.  Энэ удаад хотын стандартын талаар дэлгэрүүлэн ярилцлаа. 

Стандартгүй нийгэмд амьд явах баталгаагүй

Бид гадны өндөр хөгжилтэй орнуудаар явахдаа “Ямар гоё хот вэ, ямар гоё цэцэрлэгт хүрээлэн бэ” гэж сэтгэл хөдөлдөг. Тийм байгаагийн шалтгаан нь стандартаа л ягштал баримталж ирсний илрэл юм. 

Магадгүй та стандарт гэхээр нэг л олон тоо, үсэг холилдсон хол зүйл юм шиг санаж магадгүй. Гэтэл стандарт бол бидний өдөр тутамд байдаг энгийн л зүйл. Жишээ нь хотын ногоон байгууламж барилаа гэж бодъё. 

Аль хэсэгт нь хүн суух уу, ямар газар нь машин тэрэг явах ёстой вэ, барилга байгууламж хэдий хэмжээнд нь байрлахыг нарийн тодорхой заахыг хэлж буй юм. Ингэж хотынхоо стандартад санаа тавьдаггүй, оролцдоггүйгээс үүдэж Улаанбаатар хот хүнд биш машин, барилгад зориулагдсан хот болчхоод байна. 

Бичлэг үзэх:

 


Манай хот дагаж мөрддөг нэгдсэн стандарттай юу? 

Энэ жил  Улаанбаатар хотын 384 жилийн ойн тохиож байна. Харамсалтай нь бид урьдынхаараа стандарт хэм хэмжээ тодорхойгүй, иргэндээ ээлгүй хот хэвээр угтаж байна. 

“Ингэж ч хүүхэд цонхоор унажээ, хүүхэд алга боллоо, ингэж ч замын осол гарлаа, энд тэнд ямар нэгэн хөдөлмөрийн аюулгүй байдлыг бариагүйгээс осол гарлаа” гэсэн муу мэдээнүүд биднийг угтах болоод удсан. Энэ юунаас болж байна вэ гэвэл стандартыг бариагүйгээс л болж байгаа хэрэг. 

Ер нь бол стандартыг шалгадаг ганц зүйл нь байгалийн шалгуур юм байна. Бид Улаанбаатар хотын нөхцөл ямар байгааг өнгөрсөн зуны үерийн нөхцлөөс харж болно. Усархаг бороо орох төдий л эд хөрөнгөө алдах,  бяцхан хүүхдүүд алга болох,  амь насаа алдах, тогонд цохиулж амиа алдах эрсдэлтэй нүүр тулсан. 

Судлаад үзэхэд манай хот өнгөрсөн 2022 оноос стандарт гаргаж дөнгөж эхлүүлээд байгаа юм байна. 


Мэргэжлийн хүмүүсээр хариуцуулж ажиллуулах 

Хамгийн эхний шийдэл юу вэ гэвэл мэргэжлийн хүмүүсээр удирдуулах явдал.  Жишээлбэл цахилгааны бүх эрсдэлүүдийг тооцоод цахилгааны компаниуд нь хийдэг,  Замыг замын инженерүүд нь хийдэг, муу усны сувгийг усны инженерүүд нь хийдэг.ногоон байгууламжийн инженерүүд, дендрологич нар нь хийдэг байгаасай гэж хүсэж байна. 

Зөв хандлагатай, сэтгэлтэй удирдагчид хэрэгтэй

Аливаа зүйл удирдагчаас их шалтгаалдаг. Сүүлийн үед эмэгтэй хотын даргатай байвал зүгээр ч юм уу гэж бодогдох боллоо.  Эмэгтэй хүн айл гэрээ яаж өөд нь татаж, зохицуулж явдаг билээ. Макро түвшинд томруулаад харвал хот гэдэг маань нэг том айлыг л авч явахтай адилхан. 

Стандартаа хэрэгжүүлэхийг иргэд нэхдэг байя

Тэгэхээр жинхэнэ стандарттай, хүндээ ээлтэй хот болгохын тулд иргэн бүрийн оролцоо чухал гэж бодож байна. Үнэхээр стандартын бус хавтангаар зам тавьж байвал түүнийг нь мэдээлдэг, зургийг нь аваад сошиал дээр тавиад, эрх бүхий байгууллагад нь дуу хоолойгоо хүргэдэг байя.

Нөгөө талаас даруу төлөв, хүлцэнгүй явах биш хотын энэ удирдлагуудаас стандартаа нэхдэг баймаар байна. Дарга нар нь ч “Уучлаарай” гээд тонгойгоод ажлаа өгчихдөг биш, хариуцлагаа хүлээдэг, юун дээр алдаа гаргасан түүнийгээ засах гэж хичээдэг болох ёстой.  

Эрх бүхий хүмүүс нь  зөвхөн сонгуулийн үеэр ажилладаггүй, жирийн үедээ ч гэсэн хотын нөхцөлдөө санаа тавьдаг жишиг тогтоох болох нэн шаардлагатай. 


Стандартаа мөрдөөд явчихвал бүх зүйл их амархан 

Ер нь том зургаар нь харвал стандарт гэдэг улс эх орны эдийн засаг, хөгжилд маш их тустай.  Бид стандартаа л мөрдөөд явбал бүх зүйл их амархан болно. 

Жишээлбэл монголчууд бид 70 сая гаруй малтай ч махаа экспортолж чадахгүй л байна. Учир нь олон улсын стандартад тавигдсан маханд агуулагдах бактерийн тоог бууруулж чадахгүй байгаатай холбоотой.

Өөр олон бүтээгдэхүүнээ экспортод гаргаж чадахгүй нь дэлхийн стандартыг хэрэгжүүлж чадахгүй олон жил явсны үр дагавар. Тийм учраас дэлхийн жишигт нийцэхийн тулд заавал стандарт хэрэгтэй. Тухайн стандартаа дагаж, мөрдөх гэж хичээдэг байх ёстой.  

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.