Анагаах ухааны доктор Г.Ууганцэцэгтэй энэ удаа угаарын хийн хордлогын талаар ярилцлаа.


Нийслэлчүүд угаарын хийн архаг хордлогод өртсөнөө мэдэхгүй явж байна 

Өглөө босоод гудамжинд гарахад утаа үнэртэж, гашуун амт амтагдаад, толгой эргэж, ханиалгамаар санагдаж байна уу?

Энэ бол бид өдөр тутамдаа угаарын хийн хордлогод өртөж буйн илрэл юм. 

Угаарын хийн хордлогыг архаг болон цочмог гэж ангилдаг. Цочмог хордлогод орсон хүн тэр даруйдаа угаартаж нас барах эрсдэлтэй бол архаг хордлого аажим аажмаар хүний эрүүл мэндэд нөлөөлж байдаг. Үнэндээ нийслэл хотын хүн бүр архаг хордлогод өртсөнөө мэдэхгүй явж байна. 

Монголчууд хорт хавдраар дэлхийд тэргүүлж, урт насалж чадахгүй байгаа нь угаарын хийн хордлоготой шууд холбоотой. 

Нэг жилийн зургаан сард нь хордлогын байдалтай явна гэдэг чинь юу гэсэн үг вэ? Сүүлийн 10 жилийн хугацаанд хоёр аймгийн хүн амтай тэнцэх тооны хүн хорт хавдрын өвчлөлөөр нас барсан байна шүү дээ. 

Ялангуяа бага насны хүүхэд болон жирэмсэн ээжүүдэд хөнөөл нь хамгийн их мэдрэгдэж байгаад эмч хүний үүднээс үнэхээр сэтгэл зовнидог. 

Жишээлбэл, дэлхий дахинд нөхөн үржихүйн индексийг хэмжихдээ мянган төрөлт тутамд хэдэн дутуу төрөлт, өсөлтгүй жирэмслэлт байгаа вэ гэдгийг гол үзүүлэлтээ болгодог. Гэтэл сүүлийн 10 жилд монгол жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд өсөлтгүй жирэмслэлт, амьгүй төрөлт тасралтгүй өссөн байна. Ингэхдээ утаатай улиралд үргэлж өсөж байсан статистик гарчээ. 


Бичлэг үзэх:


Бодит нөхцөл байдлыг мэдээлэхгүй байна 

Өнөөдөр утаа харагдахуйц их, хүхрийн давхар исэл, нүүрсхүчлийн хий үнэртээд байхад агаарын чанарын индексийг харуулдаг “agaar.mn” дээр Улаанбаатар хот бохирдолгүй гээд мэдээлээд байгаа. Үнэн хэрэгтээ стандартын зөвшөөрөгдөх дээд хэмжээгээ хэт өндөр тавьчхаад манай хот бохирдолгүй гээд л сууж байгаа хэрэг.

2023.12.20-ны агаарын чанарын индекс

 Дэлхийд бол энэ үзүүлэлт маш хортой түвшинд орно шүү дээ. 

Угтаа бол өдөр бүр телевиз радиогоор ярьж байх ёстой. “Өнөөдөр нүүрстөрөгчийн давхар исэл буюу угаарын хий зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 5, 10 дахин их байна. Тиймээс та өглөө оройдоо гудамжинд гараад хэрэггүй” гэх мэтээр анхааруулга сэрэмжлүүлгийг маш сайн өгч байх ёстой. 

Энэ мэдээллийг ил тод, нээлттэй мэдээлж байж иргэд өөрсдийгөө хордлогод өртөхөөс сэргийлэх арга хэмжээ авах юм. 


Хордлогын цаана яг юу болж байдаг вэ? 

Хүмүүс утаа хортой гэдгийг мэддэг ч яг яаж хүний биеийг хордуулж байдгийг төдийлөн мэддэггүй юм билээ. Үүнийг маш энгийнээр тайлбарлая. 

Бид хэвийн үедээ хүчилтөрөгчөөр амьсгалж тэрхүү хүчилтөрөгч цусны улаан эсэд байгаа гемоглобинтой нэгдэн оксигемоглобин гэдэг нэгдлийг үүсгэдэг. Ингээд оксигемоглобин хүчилтөрөгчийг эд эртхэнүүд рүү зөөвөрлөдөг. Гэтэл бид угаарын хийгээр амьсгалаад эхлэхээр хүнд металлууд цусны улаан эсэд байгаа гемоглобинтой нэгдээд карбоксигемоглобин болж хувирдаг. Энэ нэгдэл хүний биед хүчилтөрөгч орох нөхцөлийг дарангуйлж, аажмаар тэжээлийн дутагдалд оруулдаг. 

Угаарын хийн хордлоготой удаан явбал амьсгалын эрхтнүүдийн үйл ажиллагаа доголдож эхэлдэг. Ингээд зогсохгүй ухаан санаа самуурах, уушгины хавдар, зүрх судасны эмгэгт хүрэх, мартах санах гээд янз бүрийн өөрчлөлтүүд гарна. Мөн бага насны хүүхдүүд өвчлөх зэргээр бид маш их аюулд өртөөд л яваад байгаа. Цөөхөн монголчуудыг үхэлд хүргэж буй энэ утаанаасаа яагаад бид салахгүй байгаа юм бэ?


Утааг арилгахад хангалттай мөнгө зарцуулсан ч үр дүн гарсангүй 

Төрөөс яндан хөөлнө, угаарын хийн мэдрэгч байршуулна, түүхий нүүрсийг шахмал түлшээр орлуулна гээд жижиг арга хэмжээ авсаар байгаад 20, 30 жил боллоо. Энэ хугацаанд хэчнээн хүн хавдраар өвдөв, хэчнээн хүн олон хүн эрүүл мэнд, мөнгө санхүүгээрээ хохиров оо

Төсвийг нь судлаад үзтэл сүүлийн 14 жилийн хугацаанд 1 их наяд төгрөгийг утаанд зарцуулсан байна. Их наяд гэдэг маш их мөнгө. Дунджаар 10 цахилгаан станц барих мөнгө шүү дээ.

Хэрвээ өнгөрсөн хугацаанд 10 цахилгаан станц барьчихсан бол өнөөдөр бид утаа, өвчлөл, хорт хавдар яриад суухгүй. 

Тиймээс оновчтой шийдэл гаргадаг, ажлаа зөв хийдэг хүнийг сонгомоор байна. 


Утаа шийдэгддэггүй асуудал биш 

Утаа бол шийдэгддэггүй асуудал биш. Бид дэлхийн улс орнуудын дайраад гарсан замаар л явж байгаа. Хамгийн ойрын жишээ гэвэл Бээжин утаанаасаа болоод 2008 оны зуны олимпыг зохиох үгүй дээрээ тулж байсан. Гэтэл Хятад улс төрийн хүчтэй бодлого хэрэгжүүлээд сүүлийн 10 жилийн дотор утаанаасаа салчихлаа. 

Улс орнуудын туршлагыг судлаад үзэхэд: 


✅нийтийн тээврээ гайхалтай ухаалгаар хөгжүүлсэн байна, 

✅агаар цэвэршүүлэгч цамхгуудыг барьсан байна,

✅хүнд үйлдвэрүүдээ хотоос гаргасан байна, 

✅бензин дизель түлш хэрэглэдэг тээврийн хэрэгслийг биш цахилгаан машинуудыг сонгосон байна,

✅олон төрлийн түлшний үйлдвэрлэлийг төрийн бодлогоор дэмжсэн байна.

Ийм дорвитой алхмуудыг хийж яндан болон чанаргүй автомашины тоог цөөлснөөр бид утаанаасаа салж болно. Одоохондоо бол утаанаас зугтахаас өөр арга алга.