Асгатын мөнгөний ордыг “Эрдэнэс МГЛ” компанид шилжүүлэхээр болсонтой холбоотойгоор УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр тэрбээр "Ашигт малтмалын хэрэг эрхлэх газарт өнөө өглөө Монросцеветмент компани, "Эрдэнэс МГЛ" компани, УУХҮ-ийн яамны удирдлагууд уулзалт хийсэн. Уулзалтаар дараах асуудлыг ярилцсан.

1. Асгатын ордыг Монросцеветмент компаниас “Эрдэнэс МГЛ” компанид шилжүүлэх чиглэлийг УУХҮ-ийн яам, Ашигт малтталын хэрэг эрхлэх газруудад өгсөн. Өнөөдрийн дотор эрх зүйн асуудлыг дуусгах үүрэг өгсөн. Ингэснээр Асгатын мөнгөний ордыг төрийн мэдлийн компани буюу иргэдийн мэдэлд шилжүүлж байна.

2. Ховд аймгийн Цэцэг сумын Цагаан эрэг хэмээх газар хууль бусаар гянт болд олборлож, голын гольдрол өөрчилж буйг таслан зогсоохоор боллоо. Тус газрын нөөцийг тогтоох, хамгаалалтад авах асуудлаар холбогдох газруудад чиглэл өгсөн.

Үүн дээр үндэслэн "Эрдэнэс МГЛ" компанид нэг сарын хугацаатай тодорхой даалгавар өгсөн. Тус компани бол Монгол Улсын хөгжлийн тулгуур, ард түмэндээ ногдол ашиг олгодог, ард түмэндээ үйлчилдэг нийтийн компани байх ёстой. Хувьцаагаа Хөрөнгийн бирж дээр гаргадаг, хөрөнгө мөнгө босгодог томоохон орд газруудыг эргэлтэд оруулдаг, улс орны баялгийн ирээдүй өв санг бүрдүүлэгч болох учиртай. Энэ зорилгоор сарын дотор өөрчлөгдөн, шинэчлэгдэж томоохон орд газруудыг эргэлтэд оруулж, улс орон, ард түмэнд өгөөжтэй , эдийн засагт хэрэгтэй төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх чиглэл, даалгавар өглөө. Цаашид ард түмэнд өгөөжийг нь хүртээж, ногдол ашиг олгодог болох шинэчлэлийг хэрэгжүүлэх үүрэг өгсөн. 

Өнөөдөр манай ирээдүй өв санд хүүхдийн мөнгө гэж өмнөх жилд тавигдсан өрөө дараад нийт 540 тэрбум төгрөг хуримтлагдаж байна. Ирэх онд 550 тэрбум төгрөг хуримтлагдсан, нийт нэг их наяд төгрөг тогтворжуулалт болон ирээдүйг хөгжүүлэх санд уул уурхайн төрийн өмчит компаниудаас орж ирэх ёстой. Энэ бол Монгол Улс сонгуулиас сонгууль хооронд бие биедээ өр үлдээдэг байсан бол анх удаа өв үлдээж байгаа жишиг болж байна. Үүнийг улам өгөөжтэй болгохын тулд эдгээр алхмуудыг хэрэгжүүлж байна" хэмээлээ.


Мэдээллийг бүрэн эхээр нь дүрс бичлэгээр хүргэж байна.