УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар гишүүдийн 87.9 хувийн саналаар Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар томиллоо.

Хуралдааны төгсгөлд УИХ-ын дарга Г.Занданшатар “УИХ-ын зүгээс улс орны нөхцөл байдал амаргүй байгаа энэ цагт Засгийн газрын танхимаа нэн яаралтай чадварлагаар эмхлэн бүрдүүлж, УИХ-д  танилцуулах чиглэл өгч байна. Коронавирусийн цар тахлын эрсдэл өндөр, цас зуд ихтэй, хөдөө малчдын амьдрал хүндэвтэр байгаа учир Засгийн газрын шинэ залгамж чанарыг хангаж, мөн шинэчлэлт өөрчлөлтийг тууштай хийх хэрэгтэй. Шинэ Засгийн газраас Монголын ард түмэн шинэлэг, алсын хараатай, шийдвэртэй, зоримог үйл ажиллагаа өрнүүлнэ гэж хүлээж байгаа. Улс орныхоо хөгжил дэвшлийг тэтгэх томоохон төсөл хөтөлбөрүүдийг цаг алдалгүй амжилттай хэрэгжүүлэх нь Монгол Улсын эрх ашигт нийцнэ. 

Монголынхоо баялагт Монгол хүн эзэн байж, үр өгөөжийг ард түмэн хүртэж байх шудрага зарчмыг тууштай, тасралтгүй байх ёстой гэдгийг энэ УИХ, У.Хүрэлсүхийн Засгийн газар тууштай хэрэгжүүлж ирсэн гэдгийг онцлон хэлье. Оюутолгой асуудлын талаар УИХ 92 дугаар тогтоолыг батлаж, У.Хүрэлсүхийн Засгийн газар 2017 онд яаралтай ажлын хэсэг байгуулж гэрээг сайжруулж, Оюутолгойн төсөлд Монголын ард түмний эрх ашгийг хангуулах тухай тогтоол баталж эрчимтэй ажилласан. Нийт төслүүд дээр энэ зарчмыг баримталж ажиллаж эхэлснийг Салхит, Ноён уул зэрэг төслүүд гэрчилнэ. Тиймээс энэ ажил тууштай хэрэгжиж байгаа” хэмээлээ.