Б.Баясгалан
10 сарын 01, 2020
УИХ-ын намрын чуулганыг нээж, УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үгээс онцлох эшлэлүүдийг хүргэж байна.
- Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу Анхдугаар чуулган өнгөрсөн 30 жилд байгаагүй богино хугацаанд Засгийн газраа байгуулж ажилдаа шуурхай орсон. Эрс өөрчлөлт шинэчлэлт хийж, иргэнээ дээдэлсэн төр, хуулиар засагласан нийгэм, хөгжлийг тэтгэсэн эдийн засгийг тохинуулах үйл хэрэгт Засгийн газар, шинэ парламентын гишүүд ханцуй шамлан орж ажлын хэсэг, бүлгэмүүд байгуулан ажиллаж байна.
- УИХ-д нэлээд хэдэн Ажлын бүлгэм байгуулагдсан. Энэ бол зөв жишиг, дэмжихүйц үйл ажиллагаа юм. Шинэ эриний гараан дээр Монголоо хөгжүүлэх, асуудлаа шийдвэрлэх арга замыг эрж хайж, хэлэлцэн ярилцаж, боломж нөхцөлийг судалж, зөв бодлого, шийдвэр гаргахыг эрмэлзэх нь бидний хамтын зорилгод нийцнэ.
- Гишүүд маань хөдөө орон нутагт ажиллах үеэр иргэд сонгогчдын тавьсан саналыг судалж үзэхэд анхаарах нэг гол асуудал нь өвөлжилтийн бэлтгэл байна. Манай улсын нэлээд нутгаар, ялангуяа тал хээр, говийн бүсэд ган гачиг нүүрлэсэн нь өвөлжилтөд хүндрэл учруулж болзошгүй байна. Гамшгийн байдлыг газар дээр нь очиж үнэлгээ хийх, отрын нутаг бэлчээрийг одооноос зохицуулж хуваарилах, мах бэлтгэх квотыг нэмэгдүүлж, хөрш болон бусад орнуудтай мах экспортлох асуудлаар хэлэлцэх асуудлаар Засгийн газар, Улсын Онцгой Комисс шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. Түүнчлэн отроор өвөлжих иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, үр хүүхдийнх нь сургууль боловсролыг тасалдуулахгүй байх болон бусад үйлчилгээг чанартай хүргэх талаар аймаг, орон нутгийн удирдлагууд хамтран ажиллах нь чухал юм.
- Намрын чуулганаар улс орны нийгэм, эдийн засгийн олон салбар, чиглэлийг хамарсан 112 хууль, тогтоомжийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн.
- Төсөв, Төрөөс мөнгөний талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийг УИХ-аас баталсан зээлийн хүүг бууруулах стратегийг хэрэгжүүлэх арга хэмжээнүүдтэй уялдаатай авч хэлэлцэнэ. УИХ-ын шийдвэр гарснаас хойш зээлийн хүү 1 хувь буурсан сайн мэдээтэй байна. Цаашдаа жил тутам дор хаяж нэг хувь буулгахаар төлөвлөж байгаа билээ.
- Банкны зээлийн хүүг бууруулах бодлогын хүрээнд ипотекийн зээлийн хүүг 6 хувь болгон бууруулахаар УИХ, Засгийн газар хамтран ажиллаж байна.
- Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн агуулга, үзэл санаанд холбогдох хууль тогтоомжийг нийцүүлж, “Эрх зүйн шинэчлэл-2” хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь энэ чуулганы нэг гол зорилт юм.
- Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хойшлуулж, хугацаа алдаж суумгүй байна. Энэ хуулиар эрх мэдэл орон нутагт шилжиж, төвлөрөл саарч, нутгийн удирдлагын оновчтой тогтолцоо бүрдэнэ. Аймаг, сум, нийслэл, дүүрэг бие даан хөгжих боломж нөхцөлийг бүрдүүлснээр төвлөрөл саарч, түгжрэл гацаа арилж, иргэдийн амьдралын чанарт өөрчлөлт гарна гэж үзэж байна.
- Хот, тосгоны болон нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиудыг шинэчилж, аймгийн төвүүд, Дархан, Эрдэнэтийг хот болгох асуудлыг энэ чуулганаар шийдвэрлэх болно.
- Шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдлыг хангахын сацуу шударга шүүх, шүүгчтэй болох баталгаа болсон Шүүхийн тухай багц хуулиудыг батална. Шүүх сахилга хариуцлагын хороотой болсноор шүүхийн хяналт сайжрах учир ҮАБЗ-өөс хяналт тавих шаардлагагүй болж, уг хууль нь хүчингүй болно.
- Улс төрийн тогтолцоог боловсронгуй болгох, санхүүжилтийн ил тод байдлыг бүрдүүлэх, намуудын төлөвшлийг хангах шинэчлэлийн үзэл баримтлалтай Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэн найруулж, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийг шинээр батална.
- УИХ гишүүдээсээ эхлээд нийт төрийн алба хаагчдын ёс зүйд анхаарлаа хандуулах шаардлагатай гэж үзэж байна.
- УИХ-д Ёс зүй, сахилга хариуцлагын Байнгын хороо байгуулагдсан. Уг Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд УИХ-ын гишүүдийн ёс зүй, сахилгад хяналт тавих, хуралдааны дэг сахиулах, ирц бүрдүүлэх зэрэг асуудлаас гадна нийт төрийн алба хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын асуудал багтаж байгаа болно.
- Төрийн алба хаагчдын ёс зүй, сахилга хариуцлагын асуудлыг хуулиар зохицуулах шаардлагатай гэж үзэж байгаа. Төрийн алба хаагчдын ёс зүй, сахилга хариуцлага хэр байхаас төрийн нэр хүнд, иргэдийн төрд итгэх итгэл, хууль тогтоомжийг сахих, төрийн байгууллагуудын шийдвэрийг хэрэгжүүлэх асуудал шууд хамаарна.
- Бурууг засаж, сайн сайханд хүрэхийг Монгол Улсын иргэн бүр хүсэж байгаа. Энэ хүсэмжлэлийг биелүүлэхэд нийт нийгмийн өргөн дэмжлэг, бүх шатны төрийн алба хаагчдын идэвхтэй оролцоо, гишүүдийн манлайлал нэн чухал.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.