Тагнуул, цагдаагийн байгууллагын бүрэлдэхүүн өнгөрсөн сарын 29-нд Дундговь аймгийн Гурван сайхан суманд тусгай ажиллагаа явуулж, Салхитын мөнгөний ордыг эзэмшдэг БНХАУ-ын хөрөнгө оруулалтай "Жи Пи Эф"компанийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан. Энэ явдлын дараа нийгэмд үүнийг буруутгасан болон зөвтгөсөн яриа гараад буй.

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатараас тодруулахад, 

"Салхитын мөнгөний орд бол хувийн өмч биш. Монгол Улсын Үндсэн хуульд газар, газрын хэвлийн баялаг бол ард түмний өмч хэмээн заасан. Монгол Улсын хууль тогтоомж зөрчсөн бол тусгай зөвшөөрлийг цуцална. Холбогдох хуулийн дагуу үйл ажиллагаа явуулаагүй бол цуцлах хуультай. Түрээсээ төлөхгүй гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй бол өмчөө хурааж, гэрээгээ цуцална биз дээ. Заавал шүүхээр явах процесс биш. Ашигт малтмалын хуульд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох 11 үндэслэл байдаг. Хүчингүй болгохдоо мэдэгдэх хуудас өгсөн. Мэдэгдэх хуудсыг хүлээж авах хүнгүй, гадагшаа зугтсан байсан. Бид мөн сонсох ажиллагаа явуулсан. Тэд 930 сая гаруй төгрөгийн татварыг нуун дарагдуулсан тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжид мэдэгдэх хуудас, шаардлага хүргүүлэхээс эхлээд бүх арга хэмжээг хуулийн дагуу явуулсан. Гэвч зөрчлөө арилгаагүй тул тусгай ажиллагаа явуулсан юм” гэв.