УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар “Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс тэтгэврийн зээлийн өрийг нэг удаа тэглэх арга хэмжээг 2020 оны 1 дүгээр сараас хэрэгжүүлэх зөвлөмж гаргаж, Засгийн газарт чиглэл өгсөн. 

Уг зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор Ерөнхий сайдын захирамжаар иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээл, зээлийн хүүгийн өрийн дарамтаас чөлөөлөх, байгалийн баялагийн орлогын өгөөж болох Салхитын мөнгө, алтны ордын орлогоос нэг удаа төлөх хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж ажиллуулжээ. Энэ үндсэн дээражлын хэсэг иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн өнөөгийн нөхцөл байдалд дүгнэлт хийж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар нухацтай ярилцан, санал шийдлээ Засгийн газарт танилцуулж, Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийг боловсруулж өргөн мэдүүлээд байгаа юм.

Нийгмийн даатгалын сангаас 2019 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар нийтдээ 422.9 мянган иргэн тэтгэвэр авч байгаа бөгөөднийт тэтгэвэр авагчдын 54.5 хувь буюу 228.6 мянган тэтгэвэр авагч 757.6 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа аж. Иргэдийн тэтгэврийн зээлийн үлдэгдэл төлбөрийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн эзэмшлийн Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаас олох орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргах замаар барагдуулахаар төсөлд тусгасан байна.

Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмал, эрдэс баялгийн ордыг ашиглахтай холбоотой харилцаанд төрийн төлөөллийг хэрэгжүүлэх зорилгоор 2007 онд "Эрдэнэс Монгол” ХХК-ийг үүсгэн байгуулсан. Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий мөнгө, алтны ордуудад төрийн эрхийг хэрэгжүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах, мөнгө цэвэршүүлэх үйлдвэр байгуулах зорилгоор 2019 онд “Эрдэнэс Монгол" ХХК-ийн охин компани хэлбэрээр “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийг байгуулан, Засгийн газрын 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээр Салхитын мөнгө, алтны ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг тус компанид шилжүүлжээ. 

Салхитын мөнгөний орд нь 808.3 тонн мөнгө 1.1 тонн алтны нөөцтэй бөгөөд урьдчилсан тойм тооцооллоор “Салхитын ордын цэвэр ашиг 1 их наяд гаруй төгрөгөөс давахаар байгаа аж.

Иймээс “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Салхитын мөнгө, алтны ордын орлогын төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргах замаар иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээл, зээлийн хүүгийн үлдэгдэл төлбөрийг Салхитын мөнгө, алтны ордын орлогоос нэг удаа хариуцан төлөх боломжтой гэж Засгийн газар үзсэнийг чуулганы нэгдсэн хуралдаанаас дэмжсэн юм.

Хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх явцад УИХ-ын гишүүд тэтгэвэр барьцаалж зээл авсан 229 мянга иргэний 207.8 мянга нь 6 хүртэл сая төгрөгийн зээлтэй байна. Энэ нь нийт зээл авсан иргэдийн 91.5 хувийг эзэлж буй учир зээлийн төлбөрийг чөлөөлөх хэмжээг энэ хүрээнд тогтоох нь зүйтэй. Тэтгэврийн зээл аваагүй байгаа 192 мянган иргэнийг ялгаварлаж болохгүй, иймд эдгээр иргэдэд зориулсан тодорхой шийдэл гаргах шаардлагатай гэсэн санал гаргаж байв. Тиймээс иргэдийн зээлийг тэглэх болон зээлгүй ахмадад зориулсан арга хэмжээг цогцоор нь ярилцаж, саналаа нэгтгэж хэлэлцүүлэх чиглэлийг ажлын хэсэгт өгсөн.

Энэ үндсэн дээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдааны завсарлагаар Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг хуралдаж тодорхой шийдэлд хүрсний дагуу Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, ажлын хэсгээс гаргасан саналуудыг хэлэлцэж дэмжжээ. 

Байнгын хороодын хамтарсан хуралдаанаас Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг,Байнгын хороод, чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийг хэлэлцэх явцад гишүүдээсгаргасан саналыг үндэслэн Улсын Их Хурлын даргын 2020 оны 10 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг тэтгэвэр барьцаалсан зээлийн үлдэгдлийн төрөөс нэг удаа төлөх дээд хэмжээг 6 сая төгрөгөөр тогтоох нь зүйтэй гэж үзсэнийг дэмжжээ. Учир нь тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээ, зээлийн төлбөрийн хугацаанаас хамаарч зээлтэй тэтгэвэр авагчдын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаарх зээлийн үлдэгдлийн дүн  харилцан адилгүй байгаа аж. Иймээс тэтгэврийн зээлтэй иргэдэд тэгш үйлчлэх зорилгоор зээлийн чөлөөлөх дээд хэмжээг 6 сая төгрөгөөр тогтоох, түүнээс дээших дүнг иргэн өөрөө хариуцан төлөх зохицуулалтыг хуулийн төслийн 4.4 дэх хэсэгт тусгажээ. Энэ зохицуулалтыг оруулснаар хуулийн зохицуулалт нь зээлтэй тэтгэвэр авагчдын 90.8 хувийг, зээлийн нийт дүнгийн 75.2 хувийг хамрах юм байна.

Харин тэтгэвэр барьцаалсан зээл аваагүй иргэдэд 1 сая төгрөгийн үнэт цаасыг эзэмшүүлэх зохицуулалтыг төсөлд нэмж тусгасан байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2 дахь заалтад заасан байгалийн баялгийн өгөөжийг иргэдэд тэгш, шударга хүртээх зарчимд үндэслэн зээл аваагүй үлдсэн 194.2 мянган тэтгэвэр авагчдад “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Салхитын мөнгө, алтны ордын ирээдүйн орлогыг барьцаалан гаргах үнэт цаасыг эзэмшүүлэх зохицуулалтыг Дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд тусгажээ.

Мөн уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд нэмэлт оруулснаар тэтгэвэр, тэтгэмжийг барьцаалахыг хориглохоор зохицуулсан байсан. Харин хэлэлцүүлгийн явцад энэ нь нэг талаас тэтгэвэр авагчдын амьжиргааг хамгаалах, өрийн дарамтад орохоос сэргийлэх арга хэмжээ хэдий ч нөгөө талаас иргэд богино хугацааны хэрэгцээгээ шийдэх боломжийг хязгаарлаж байна гэж үзсэний үндсэн дээр гишүүдээс гаргасан саналыг үндэслэн тэтгэвэр авагч тэтгэврээ барьцаалан 6 хүртэл сарын хугацаатайгаар, жилд 1 удаа авах өөрчлөлтийг хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд тусгасан байна.

Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төсөлд дээрх зарчмын санал тусгагдсантай холбогдуулан боловсруулсан Дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөлд Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль баталсантай холбогдуулан тэтгэвэр барьцаалан банкнаас зээл аваагүй иргэнд Салхитын мөнгө, алтны ордын эдийн засгийн эргэлтэд оруулсан орлогыг барьцаалан гаргах үнэт цааснаас 1’000’000 (нэг сая)төгрөгтэй тэнцэх хэмжээний нэрлэсэн үнэтэй үнэт цаасыг эзэмшүүлэх; 

Уг үнэт цаасны эргэн төлөлтийг 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн хийх; иргэдийн төлөх дүн 1’000’000 төгрөгийн хэмжээнээс бага байвал зөрүү төлбөрт ногдох үнэт цаасыг тухайн иргэнд эзэмшүүлэх; 

“Эрдэнэс Монгол” ХХК нь энэхүү арга хэмжээнд зориулан нийт 900 тэрбум төгрөг хүртэлх дүнтэй үнэт цаас гаргах, үүнээс хуулийн төслийн 4 дүгээр зүйлийн 4.4-т заасан болон Дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан төлбөрт, үлдэх орлогыг “Эрдэнэс Силвэр” ХХК-ийн үйл ажиллагаанд тус тус зарцуулахаар тусгажээ.

Хэлэлцүүлгийн явцад гишүүдээс тавьсан асуулт, саналтай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатарргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс нэг удаа төлөх тухай асуудал нь улстөржиж, талцаад байх асуудал биш. Буруу ташаа мэдээллээр иргэдийг талцуулж төөрөгдүүлж болохгүй. 2018 онд зээлийн хэмжээ 24 хувиар өссөн бол энэ онд 5 хувиар өссөн дүнтэй байна. Мөн эдийн засаг өсөж, инфляци 5 хувь болж буурсан үзүүлэлттэй байгаа. Ингэж эдийн засаг агшсан байна. Иймээс энэ арга хэмжээ нь эдийн засагт сөргөөр нөлөөлөхгүй. Энэ мөнгө валютын зах дээр очихгүй, тэгшитгэж мөнгө өгөхийн оронд талхаа таллаж, тосоо граммлан авч байгаа орлогогүй болсон иргэдийнхээ амьжиргааг дэмжихэд чиглэсэн төрийн бодлого юм. Харин ч энэ арга хэмжээ нь эдийн засаг тэлэхэд эерэгээр нөлөөлнө.  

Мөн зээлийг тэглэх сургаар 100 тэрбум төгрөгийн зээл олгогдсон тухай яриа нь ор үндэслэлгүй юм. Монголбанкны мэдээллээр 2019 оны 12 дугаар сард ахмад настнууд 55 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээл авчээ. Тэгвэл 2018 оны 12 дугаар сард 91тэрбум, 2017 оны мөн сард 63 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээл авч байсан байна. Хэрэв мэдээлэлд ойр байсан хүмүүс зээл авсан бол шалгаж тогтоох чиглэлийг Эдийн засгийн цагдаагийн албанд өгсөн" хэмээв.

Улмаар хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороодод шилжүүлснээр чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.


Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс