Г.Занданшатар: УИХ-ын дарга болбол эрх мэдлийн хуваарилалтыг оновчтой болгох ажлыг хамгийн түрүүнд хийнэ

Б.Баясгалан
01 сарын 31, 2019

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, УИХ-ын даргад Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарыг дэвшүүллээ.

Удирдах зөвлөлийн хуралдаан дээр Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх түүний нэрийг дэвшүүлсэн бөгөөд Удирдах зөвлөлийн гишүүдийн олонх нь дэмжсэн байна.

Энэ талаар Засгийн Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар "УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага. Би УИХ-ын дарга болбол ард түмний хүсэж буй, нийгмийн шаардлага бол Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, мөн Үндсэн хууль дахь төрийн хариуцлага, эрх мэдлийн хуваарилалтыг оновчтой болгох ажлыг хамгийн түрүүнд хийнэ. Ингэснээр УИХ-ын гишүүдийн үүрэг, хариуцлагаас авахуулаад бүх шатанд сахилга, хариуцлагыг бэхжүүлж, ард түмэн нийгмийн шаардлагыг хэрэгжүүлнэ. Энэ манай төрийн эрх байгууллагад тулгамдаад буй хамгийн чухал асуудал. 

Олон нийтийн итгэлийг бэхжүүлэхийн тулд иргэдийнхээ санал, хүсэлтэд тулгуурлаж ажиллах ёстой" хэмээлээ.

Холбоотой сэдвүүд

г.занданшатар уих

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.