БНХАУ-ын мэдээллийн технологийн тэргүүлэгч компаниудын нэг “Huawei” компанийн үүсгэн байгуулагчийн охин Мэн Ваньжоуг АНУ-ын хүсэлтийн дагуу Канадын хууль сахиулах ажилтнууд баривчилжээ.

“Huawei” компанийн санхүүгийн албаны дарга Мэн Ваньжоуг 12 дугаар сарын 1-нд Ванкувер хотоос баривчилсан бөгөөд АНУ-ын талд удахгүй шилжүүлэн өгнө” гэж Канадын Хууль зүйн яамнаас мэдээлжээ.

Харин “Huawei” компанийн мэдэгдэлд тэмдэглэснээр, Мэн Ваньжоу ноцтой буруу үйлдэл хийгээгүй ажээ. Тэрбээр компанийн үүсгэн байгуулагч Рэн Жэнфейн охин бөгөөд түүнийг Ванкувер хотын нисэх буудал дээр нислэг хооронд шилжих гэж байхад нь баривчилсан байна.

Мэн Ваньжоуг батлан даалтанд гаргах эсэхийг шийдэх шүүх хурал баасан гарагт болох ажээ. Түүний хүсэлт болон шүүхийн шийдвэрийн дагуу Канадын Хууль зүйн яамны хэвлэлийн албаны төлөөлөгч уг хэргийн талаархи дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзжээ. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, NewYorkTimes