“Huawei” нүүр царай таних Оросын технологийг худалдан авчээ

МОСКВА. /TASS/. Хятадын “Huawei” компани ОХУ-ын "Вокорд" компанийн нүүр царай таних технологийн патентыг уг технологийг хөгжүүлэгч багийн хамт худалдан авсан тухай "Ведомости" сонинд мэдээлжээ.


Хуулийн этгээдийн улсын нэгдсэн бүртгэлийн мэдээллээс үзвэл, “Huawei” компанийн ОХУ дахь охин компани болох “Техкомпания Хуавэй” хязгаарлагдмал хариуцлагатай нийгэмлэг болон Хонконгийн “Huawei Digital Technologies Co Ltd” компани "Вокорд"-ын тоног төхөөрөмж, патентыг эзэмших эрхийг худалдсан "Игл софтлаб" компанийн эзэмшигчид болсон байна.


"Игл софтлаб" компанийг худалдан авсан гэх мэдээллийг “Huawei”-н төлөөлөгчид нотолсон боловч гэрээ хэлцлийн талаар тодорхой мэдээлэл өгөөгүй аж.


"Ведомости" сонинд мэдээлж буйгаар, "Игл софтлаб"-ыг "Вокорд" компанийг үүсгэн байгуулагчид 2018 онд байгуулжээ. "Игл софтлаб”-ын 14 хувь нийлүүлэгчийн дор хаяж зургаа нь "Вокорд" компанид ажилладаг бөгөөд тэд тавдугаар сарын 17-нд хувьцаагаа “Huawei”-д худалдсан байна.


"Вокорд"-ыг “Huawei” компани 40-50 сая ам.доллароор үнэлжээ. Харин нүүр царай таних технологиороо Оросын зах зээлд тэргүүлэгчид өөрсдийгөө 50-100 сая ам.доллароор үнэлдэг байна.


Видео тандалтын мэргэжлийн систем болон хиймэл оюун ухааны технологид суурилсан био хэмжүүрт таних систем бүтээгч, үйлдвэрлэгч болох "Вокорд" компанийг 1999 онд байгуулжээ.


“Vocord” системийг арилжааны болон төрийн байгууллагуудын 2000 гаруй төсөлд, мөн ОХУ болон гадаадын “Аюулгүй хот” ангиллын 70 гаруй төсөлд нэвтрүүлсэн байна.


Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой сэдвүүд

huawei гарутас

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.