"Ганцаардалтай тэмцэх бодлого" боловсруулжээ

Б.Баясгалан
10 сарын 17, 2018

Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй ганцаардлын асуудалтай тэмцэх засгийн газрын бодлогыг танилцуулжээ. Энэ бодлого нь түүхэнд анхных болж буй тухай Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Засгийн газрын цахим хуудсанд мэдээлсэн байна. 

“Өнөө үед ганцаардал бол манай нийгэмд хэт олон хүний хувьд бодитоор нүүрлэж буй асуудал юм. Ганцаардлын зовлон нас, хүйс, оюуны хөгжлийн түвшнийг үл хамааран хүн бүрт тохиолдож болно” гэж Мэй мэдэгджээ. 

Уг баримт бичгээс үзвэл, “нийгмийн заавар зөвлөгөө” гэж нэрлэсэн шинэ туршлага нь ганцаардлаас болж зовж шаналж байгаа өвчтөнүүдийг тэдэнд дэмжлэг үзүүлэхэд туслах нийгмийн ажилтнууд руу явуулах боломжийг эмч нарт олгох бөгөөд энэ нь ганцаардмал хүмүүст сэтгэл санааны байдлаа дээшлүүлэхэд нь тусална гэж үзэж байгаа аж. Энэ туршлага 2023 он гэхэд биеллээ олно гэдгийг Их Британийн Ерөнхий сайд батлан хэлсэн байна. 

Шинэ бодлогоор мөн Английн Эрүүл мэндийн үндэсний алба ганцаардалд орж шаналж буй өвчтөнүүдийг янз бүрийн сургалтад хамруулах санхүүжилтыг Засгийн газраасаа авна. Энэ нь бас ийм хүмүүсийн амьжиргааны түвшнийг сайжруулна гэж үзэж байгаа аж. Түүгээр барахгүй Их Британийн Засгийн газар кафе, зоогийн газар, чөлөөт цагаа өнгөрүүлэх төвүүд зэрэг олон нийтийн газруудын тоог нэмэгдүүлэх зорилгоор нэмж 1,8 сая фунт стерлинг /2,4 сая ам.доллар/ гаргана. 

Мэйгийн хэлснээр, энэ бол ажлын байранд ганцаардах явдалтай тэмцэхийг “ажил олгогч нарт үүрэг болгосон” түүхэн дэх анхны баримт бичиг юм.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг 

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.