Их дүйчин өдрөөр хийхийг цээрлэх болоод эрхэмлэх үйлүүд

Бурхан багшийн их дүйчин өдөр буюу Бурхан багшийн мэндэлсэн, гэгээрсэн, нирваанд хүрсэн гурван үйл явдал давхацсан ариун өдөр энэ сарын 11-нд тохиож байна. Буддын шашинтнуудын хувьд маргааш хамгийн хүндэтгэлтэй, буян арвижуулах онцгой өдөр юм. Энэ өдөр буддистууд буян номын үйл хийхийг эрхэмлэж, муу үйлийг тэвчин, сэтгэлээ ариусгахыг хичээдэг.

Дүйчин өдөр цээрлэх зүйлс:

  • Хүнтэй муудалцах, муу үг хэлэх, хэрүүл тэмцэл хийхийг цээрлэнэ. (Бусдыг доромжлох, муу үгээр хэлэх нь энэ өдөрт тохиромжгүй.)

  • Амьтны амь хороох, ан хийх, загас барихыг цээрлэнэ. (Амьтны амь таслах нь хүнд нүгэл тул дүйчин өдөр бүр илүү хүнд буудаг.)

  • Согтууруулах ундаа хэрэглэхийг цээрлэнэ. (Сэтгэл мунхруулах зүйлээс зайлсхийх ёстой.)

  • Хулгай хийх, хүний эд хөрөнгө завшихыг цээрлэнэ.

  • Хүний нэр төрийг гутаах, хов жив тараахыг цээрлэнэ.

  • Хар бараан хувцас өмсөхөөс зайлсхийх. (Энэ өдөр гэрэл гэгээний бэлгэдэл болох цагаан болон тод өнгийн хувцас өмсөх нь зохимжтой.)

  • Махан хоолноос татгалзах 

Харин юу хийхийг эрхэмлэдэг вэ?

  • Сүм хийдээр зочлон ном сонсох

  • Хандив өргөх, буян үйлдэх

  • Амьтанд тустай үйл хийх 

  • Эцэг эх, багш, ахмад настанд хүндэтгэл үзүүлэх

  • Сэтгэлээ ариусгах, бясалгал үйлдэх

  • Цагаан хоол идэх (Амьтанд энэрэнгүй хандаж, амь тэжээх хоол идэх нь буян арвижуулна.)

Их дүйчин өдөртэй холбоотой түүхэн баримтаас: 

1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын дараа VIII Богд Жавзандамба хутагт Монголд буддын шашныг бэхжүүлэхийн тулд Бурхан багшийн их дүйчин өдрийг олон нийтийн баярын өдөр болгон тэмдэглэхийг дэмжиж байв. Ардын хувьсгал ялсны дараа шашны бүхий л үйл ажиллагаа хязгаарлагдсан ч ард түмэн нууцаар мөргөл үйлдэж, буян хураасаар иржээ. Харин 1990-ээд оноос хойш бүх нийтээр дахин тэмдэглэх боломжтой болж, сүм хийдүүд ном хуран, буяны үйлс хийх зэрэг уламжлал тогтож өнөөг хүрсэн байна.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.