Монголчууд өвлийн тэргүүн сарын билгийн тооллын 25-ны өдрийг ‘’Зулын 25-ны их дүйчэн өдөр’’ хэмээн тэмдэглэж ирсэн түүхтэй. 

Эл өдрийг монголчууд Зулын 25 хэмээн нэрийдэж, буян үйлдэж, ном хурж, зул өргөдөг.

“Соён гийгүүлэгч их билгийн хүн Богд Зонхова орчлонд мэндэлж мэлмий гийсэн, жанч халж, үүл далдалсан өдөр нь өвлийн тэргүүн сарын билгийн 25 юм. Богд Зонхова 1357 он буюу ‘’Алтан унжлагат’’ хэмээх гал тахиа жил мэндэлж ‘’Хөврөгч’’ хэмээх шороон гахай жил жанч халсан түүхтэй. Богд лам 63 нас сүүдэр зооглосон өдрөө буюу 25-нд ‘’Сундуйн жүд’’ айлдахдаа есдүгээр бүлгийн ‘’Жалбийн сарайсү живар жүр’’зарлигийг уншаад таалал төгссөн гэдэг.  Энэ нь ‘’Би ялгуусан Бурханы хүү болж төрлөө’’ гэсэн зарлиг юм. Тэр цагаас хойш  жил бүр энэ өдрийг зулын 25 хэмээн Гэлэгвангийн данбатай улс гүрэн бүхэн тэмдэглэж ‘’Дончод’’ буюу мянган тахилын зул хүж өргөж их хурал ерөөл хурах болсон.

Мөн өдрийн бас нэгэн үйл явдал нь Монголчууд өвөл идэх идшээ энэ дүйчэн өдрийн өмнө төхөөрч дуусгаад олон амьтны амь тасалсан нүглээ наминчилж, зулын 25-ны  хурлыг даган баясдаг” хэмээн "Зулын 25-ны их дүйчэн өдөр’’-ийн тухай Гэгээн Гэрэл Номын Төвийн тэргүүн Д.Номундалай онцлолоо.