Их унтах нь эрүүл мэндэд хортой болохыг тогтоов

peak.mn
12 сарын 14, 2018

Хятадын эрдэмтэд Канадын мэргэжил нэгтнүүдтэйгээ хамтран өдөрт наймаас илүү цаг унтдаг хүмүүст зүрх судасны өвчний эрсдэл нэмэгддэг болохыг тогтоосон байна. Shine мэдээллийн цахим хуудсанд мэдээлснээр, ийм судалгааг Бээжингийн Фувай эмнэлэг болон Канадын Макмастер их сургуулийн мэргэжилтнүүд хийжээ.

2003 оноос хойш явуулсан энэ судалгаанд 21 орны 35-70 насны 116 мянган хүн оролцжээ. Судалгааны эхний найман жилд зүрх судасны өвчний 4300 гаруй тохиолдлыг эрдэмтэд бүртгэсэн байна.

Цуглуулсан мэдээлэлдээ дүн шинжилгээ хийхдээ мэргэжилтнүүд нас, хүйс, архи, тамхины хэрэглээ, зүрх судасны өвчин удам дамжсан эсэх, чихрийн шижин, цусны даралттай эсэх зэрэгт анхаарлаа хандуулж байжээ. Насанд хүрсэн хүн хоногт 6-8 цаг унтах нь хамгийн тохиромжтой бөгөөд эрүүл мэндэд асуудал үүсэх эрсдэл бага байсныг тогтоосон байна.

Харин өдөрт 8-9 цаг унтах нь өвчин тусах эрсдэлийг 5 хувиар, 9-10 цаг унтвал 17 хувиар, 10-аас дээш бол 41 хувиар нэмэгдүүлдэг аж. Гэхдээ 6-аас бага цаг нойроо авах нь мөн эрүүл мэндэд асуудал үүсгэх эрсдэлийг 9 хувиар нэмэгдүүлдэг байна. Түүнчлэн шөнийн цагаар зургаагаас олон цаг унтдаг хүмүүс өдрийн цагаар 30-60 минут дуг хийх хэрэггүй гэж эрдэмтэд зөвлөж байна. Харин шөнө хангалттай нойр авч чадаагүй хүмүүс өдрийн унтлага нойроо нөхөхөд тустай бөгөөд өвчлөх эрсдэл нь төдийлөн нэмэгддэггүй ажээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, TASS

Холбоотой сэдвүүд

унтах эрүүл мэнд

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.