Шинэ коронавирустэй холбоотой асуудлаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрээр "Өчигдөр ХӨСҮТ-ийн хоёр лабораторт 341 хүний шинжилгээг хийсэн. Эдгээрт тандалтын зорилгоор Хан-Уул, Баянгол дүүргийн эмнэлэгт эмчлүүлж буй 11 хүн, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 13 хүний давтан шинжилгээ зэргүүд хамрагдсан бөгөөд бүгдээс нь коронавирус илрээгүй. 

Өнөөдрийн байдлаар 154 хүн ХӨСҮТ-д эмчилгээ, хяналт, тандалтад байна. 

Өнөө өглөөний 05.00 цагт Интермед эмнэлгээс нэг хүний сорьц авчирч, одоо шинжилгээ хийж байна. 69 настай тус иргэний амьсгал бачууран сүүлийн долоо хоногт ханиалгасан, халуунгүй, хоёр уушгиндаа хатгалгаатай, биеийн байдал нь хүнд эмнэлэгт ирж хэвтсэн. Улмаар Интермед эмнэлгийнхэн коронавирусийн түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд эерэг гарсан байна. Тиймээс бид ПиСиАр аппаратаар баталгаажуулахаар ХӨСҮТ-ийн төв лабораторт шинжилгээ хийж байна. Бид үүнийг гайгүй байх гэж тооцоолж байна. Яагаад гэхээр хүүхэд нь нэгдүгээр сарын 27-ноос хоёрдугаар сарын 07-ны хооронд БНСУ руу яваад ирсэн. Үүнээс хойш хоёр сар гаруй хугацаа өнгөрсөн байна. Өвчин байсан бол нууц үе илрэх хугацаа өнгөрсөн гэж тооцоолж байна.

Гэхдээ бид 69 настай тус иргэнд ойр үйлчилж байсан гурван хүнийг тус эмнэлэгт нь тусгаарласан. Мөн Интермед эмнэлгийнхэнд ХӨСҮТ-өөс зөвлөгөө өгсөн. Шинжилгээний хариу өнөөдөр үдээс хойш гарна" хэмээлээ.