Шинэ коронавирустэй холбоотой цаг үийн асуудлаар Эрүүл мэндийн яам, холбогдох байгууллагууд өнөөдрийн 11.00 цагт мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү "Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болох Оюу толгойд тусгаарлагдсан долоо, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан нэг, нийт найман хүний шинжилгээний хариу сөрөг буюу шинэ коронавирусгүй гарсан.

Улмаар шинэ коронавирусийн халдвартай нь батлагдсан тохиолдлын хамгийн ойрын хавьтлын нийт 215 хүний шинжилгээний хариуг гаргалаа. Бүгдээс нь тус вирус илрээгүй. Батлагдсан тохиолдолтой холбоотойгоор нийт 414 хүнийг богино хугацаанд олж тогтоон тусгаарлалт, ажиглалтад авсан.

Батлагдсан тохиолдол болох Франц иргэний биеийн байдал тогтвортой байна гэсэн мэдээллийг эмч нь өгсөн.

Дээрхээс гадна энэ сарын 12-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг иргэнээс шинэ коронавирус илрээгүй. Гуравдугаар сарын 13-нд хоёр сэжигтэй тохиолдлыг ХӨСҮТ-д тусгаарлаж, Дархан-Уул аймагт 13 хүнийг ажиглалтад оруулсан.