Шинэ коронавируст халдвартай холбоотой асуудлаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрээр "Тавдугаар сарын 26-нд нийт 248 хүний шинжилгээг хийсэн. 241-т нь коронавирус илрээгүй. Тодруулбал, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 6 хүн, ажиглах байранд тусгаарлагдсан 171 хүн, тандалтын зорилгоор хийсэн 8 хүний шинжилгээ, Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 17 жолооч, Орхон аймагт тусгаарлагдсан 46 хүний давтан шинжилгээнээс коронавирус илрээгүй.

Долоон хүнээс коронавирус илэрлээ. Тодруулбал, тавдугаар сарын 26-нд Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирж ХӨСҮТ-д тусгаарлагдсан 6 оюутан, тавдугаар сарын 13-нд ОХУ-ын цэргийн онгоцоор ирж тусгаарлагдаж байсан нэг оюутны давтан шинжилгээнд коронавирус илэрсэн.

Сайн мэдээ нь өнөөдөр 6 хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарлаа. Бүгд оюутан бөгөөд 14 хоногт эдгэрч, дараагийн шатны хяналтад шилжиж байна.

Улмаар Монгол Улсад коронавирусийн батлагдсан нийт тохиолдол 148 болсноос 43 нь эдгэрсэн. 105 нь эмчлэгдэж байна. 100-гийнх биеийн байдал хөнгөн, 5 нь хүндэвтэр байна" хэмээлээ.