Шинэ коронавируст халварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Өчигдөр хийсэн шинжилгээгээр ОХУ-аас ирж ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан нэг цэргийн оюутнаас коронавирус илэрч, манай улсад коронавирусийн нийт 141 тохиолдол бүртгэгдсэн байна. Өнөөдөр хоёр хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарснаар коронавирусийн халдвар авсан 141 хүний 28 нь эдгэрчээ.

Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү "ДЭМБ-ын баруун эргийн бүсэд хамаарагддаг 37 орон өчигдөр онлайнаар хуралдаж, зөвлөлдлөө. Үүнд манай улс хамрагддаг. Хуралд Монгол Улсын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээг дэлгэрэнгүй танилцуулсан. Манай улсыг өндөр хэмжээнд маш сайн зохион байгуулалттай арга хэмжээ авсан гэж үнэллээ. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл ирэх долоо хоногт тус бүсийн хуралд сайдын түвшинд танилцуулга хийхээр болсон. Энэ нь 37 орноос Монголыг сонгож, танилцуулга мэдээлэл, туршлагаа хуваалцахыг урьж буйгаараа онцлог. 

Өчигдрийн хурлаас онцгой урам авлаа. Өнгөрсөн таван сарын хугацаанд манай улсыг маш сайн зохион байгуулалт, зөв менежмент, төлөвлөгөөтэй ажилласныг онцлон үнэлсэн нь бидэнд урам, зориг өглөө. Цаашид энэ амжилтаа батжуулан үргэлжүүлэхийг мөн сануулсан.

Иймд иргэд маань бүгдээрээ үлдсэн цаг хугацаанд урьдчилан сэргийлэлт, хамгаалалттай сайжруулж, хамтдаа коронавирусийг амжилттай даван туулцгаая" хэмээлээ.