2020 оны 10-р сараас эхлэн ипотекийн зээлийн хүүг жилийн 6 хувь болгосон. Гэвч өмнө нь 8 хувийн зээл авсан хүмүүс хүүгээ бууруулж 6 хувь болгох хүсэлтэй байгаа тул иргэн Ү.Баяр УИХ-ын нийтийн өргөдөл хүлээн авах цахим системд хүсэлт гаргаад байна.

Одоогоор энэ хүсэлтийг 17 мянга гаруй хүн дэмжиж гарын үсэг зурсан бөгөөд 100 мянгад хүрвэл УИХ-аар хэлэлцүүлэх боломжтой болно. 

D-өргөдөл буюу “Нийтийн цахим өргөдөл, гомдлын систем”-д Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн “ДАН” системээр эсвэл цахим гарын үсгээр баталгаажуулан нэвтэрч саналаа өгөх юм. Энэ саналыг petition.parliament.mn цахим системд 2023.10.17-нд байршуулсан бөгөөд санал авах хугацаа 11.16-нд дуусна.

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд зааснаар, иргэн та D-өргөдөл цахим системд өргөдөл гарган, тус санаачилга нь 33.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд тодорхой асуудлаар ажлын хэсэг байгуулах, 70.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах, 100.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд Улсын Их Хурлаар шийдвэрлүүлэх боломжтой.