ИСПАНИ: Сарын тэмдгийн үеэрээ хүндээр өвддөг эмэгтэйчүүдэд 3 хоногийн чөлөө олгох хууль хэлэлцэж байна

Испанийн засгийн газраас сарын тэмдэг нь ирэх үед хүндээр өвддөг эмэгтэйчүүдэд сар бүр гурван өдөр ажлын чөлөө өгөхийг зөвшөөрч магадгүй байна. Ингэвэл Европт анхдагч улс болно. Харин Азид үүнтэй ижил төстэй чөлөө олгодог хэд хэдэн улс байдаг. 

Судалгаагаар дэлхий даяар залуу эмэгтэйчүүдийн 60-90 хувь нь сарын тэмдгийн хүнд хэлбэрийн өвдөлттэй байдаг ба Испанид эмэгтэйчүүдийн 75 орчим хувь нь өвддөг гэж олон улсын хүрээлэн буй орчны судалгааны сэтгүүлд дурджээ. 

Тус улсын олон нийтийн эрүүл мэнд, тэгш эрх, жендэрийн хүчирхийллийн эсрэг Төрийн нарийн бичгийн дарга Ангела Родригес шинэ хуульд сарын тэмдгийн үеийн бага зэрэг таагүй мэдрэмжийн тухай биш, харин суулгалт, толгой хүчтэй өвдөх, халуурах зэрэг ноцтой шинж тэмдгүүдийг хамруулж ойлгохыг онцолсон байна.

Энэхүү хуульд эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг сайжруулах бусад арга хэмжээнүүдийг тусгасан. Тухайлбал сургуулиудад охидыг ариун цэврийн хэрэглэлээр хангахыг шаарджээ. Мөн эмзэг бүлгийн эмэгтэйчүүдэд дэвсгэр, тампоныг үнэ төлбөргүй олгож, супермаркетуудад худалдаалагдаж буй НӨАТ-ыг нь хасах юм.

Ангела Родригес "Эмэгтэйчүүдийн сарын тэмдэгтэй холбоотой асуудал, зөрчигдөж буй эрхийн талаар хэзээ ч ярьж байгаагүй. Тоон мэдээллүүд анхаарал татахуйц ноцтой байна. Тухайлбал дөрвөн эмэгтэй тутмын нэг нь санхүүгийн хүндрэлээс болж авахыг хүссэн эмэгтэйчүүдийн эрүүл ахуйн бүтээгдэхүүн, ариун цэврийн хэрэглэлээ сонгож чаддаггүй. Тийм учраас боловсрол, нийгмийн төвүүдэд үнэ төлбөргүй олгохыг санал болголоо" гэж ярьжээ. 


Эх сурвалж: Sky News

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.