Солонгосын эртний сурвалж бичгүүд дэх Их Монгол улстай холбогдол бүхий зүйлүүдийг нягтлан судалж их эрдэмтэн Ч.Сумьяабаатар абугайн тэртээ дөчин хэдэн жилийн өмнө хэвлүүлсэн “XIII-XIV зууны Монгол Солонгос харилцааны бичгүүд” хэмээх номд “Гуулин улсын судар”-аас монголчилсон нь: “Шарагчин туулай жилийн наймдугаар сар. Шарагчин хонин өдөр. 

Монголын элч Чхаггойө нарын арван гурван хүн, Зүүн Жин улсын найман хүн ирсний нэг нь эмэгтэй хүн байлаа” гэжээ. 

Дундад зуунд монголчууд бүсгүй хүнийг ухаан богино хэмээн ад шоо үзэх нь бүү хэл, төрийн хэрэгт эрчүүдээс яавч дутахгүй байр суурь олгож байсны жишээ баримт үүгээр дуусахгүй буй заа.

Дээр өгүүлсэн явдлаас даруй 700 жилийн дараа буюу 1924 онд Зөвлөлт Орос улс Александра Коллонтайг Норвеги улсад суух элчин сайдаар томилсон нь түүхэн дэх анхны эмэгтэй элчин сайд гэгддэг. (Үүнээс өмнө иймэрхүү жишээ ганц нэг байдгийн илүү тодорхой нь 1632 онд Катарина Стопиа хэмээх швед эмэгтэй Орос улсад суух элчин сайд нөхрөө дагаж тус улсад очоод удалгүй нөхөр нь нас барсан тул Шведийн парламентын зөвшөөрлөөр элчин сайдын албыг хүлээн авч хоёр жил хашсан бий).     

Яг 800 жилийн өмнө тийнхүү эмэгтэй хүнийг гадаад улсад элчээр илгээж байсан Монгол улс харин энэ өдрүүдэд, нийт элчин сайдууд дундаа эмэгтэй дипломатчидын эзлэх хувь хэмжээгээр дэлхийд дээгүүрт орох болсон төдийгүй түүхэндээ анх удаа хамгийн олон эмэгтэй элчин сайдтай болов. 

Э.Сарантогосыг БНСУ-д, Д.Гэрэлмааг Швейцарьт суух элчин сайдад томилсноор Монгол улсаас хилийн чанадад суух 31 бүрэн эрхэт төлөөлөгчийн 6 нь бүсгүй хүн болвай. Цаана нь Италид Ц.Нарантунгалаг, Кубад Ш.Батцэцэг, Болгарт Л.Саянаа, Францад У.Нямхүү буй. Дипломат ажлын зузаан туршлагатай, мэргэжлийн, гадаад хэлний мэдлэг, харилцааны чадвар өндөр, нягт чамбай эдгээр хүүхнүүдийн хэнийг нь ч “Энэ ч дээ” гэж голохын нөхцөл алга” гэж учир мэдэх хүний хэлэхийг сонсоход урамтай сайхан байна. 

Зургаа гэдэг бага тоо мэт боловч нийт элчин сайдуудынхаа эгнээнд эзлэх хувь хэмжээгээр бол (бараг 20 хувь) аргагүй өндөр юм аа. Дэлхийд шүү. 

Арабын Нэгдсэн Эмират улсын Засгийн газрын дэргэдэх Дипломатын академийн (AGDA) өнгөрсөн онд хийсэн судалгааны дүнг үзвэл өнөөдөр эмэгтэй элчин сайдуудынхаа тоогоор дэлхийд Швед (48.1%), Канад (46.3%), Норвеги (44%) тэргүүлж байна. 

Шведийн 104 элчин сайдын 50 нь, Канадын 95 элчин сайдын 44 нь, Норвегийн 75 элчин сайдын 33 нь эмэгтэй гэх мэт. 

Эмэгтэйчүүдийнх нь нийгэмд эзлэх байр суурь хэзээнээс өндөр улс л даа. Цаашилбал АНУ 30.9%, Европын холбоо 23.4%, Франц 21.2% гэж явсаар манай Монгол хэрвээ 20 хувь гэж үзвэл дэлхийн 200 шахам орноос 21 дүгээрт жагсах нь баттай харагдана (энэ судалгаанд гэхдээ багтаагүй). 

Хятад хөрш 10.2 хувьтай 34-т, Орос нь 0.7 хувьтай 40-д л цохиж явна. 

Хятадын 176 элчин сайдын 18 нь, Оросын 149 элчин сайдын 3 нь эмэгтэй аж. Өнгөрсөн гурван жилд эмэгтэй элчин сайдууд нь цөөрсөн орнууд байна, АНУ, Франц, Европын холбоо, Япон, Өмнөд Солонгос гэхчлэн. Манай Монгол хэрвээ энэ судалгаанд хамрагдсан бол өссөнийг харуулсан нэмэх тэмдэгтэй орох нь байна. 

Бүхэлдээ бол дэлхий дахинд эмэгтэйчүүдийг дипломат албанд татан оролцуулах явдал нэгэнт чиг хандлага болжээ. 

Энэ нь хүйсийн тэгш байдлыг хангахдаа ч нарийндаа биш, маргаан, үл ойлголцлоос урьдчилан сэргийлэх, зохицуулах, харилцаан дахь төвөгтэй байдлыг арилгах, намжаах гэх мэт байгалиас заяасан олон чадварыг нь чухалчилж буй хэрэг. 

“Уран бэрийн нүүдэл” гэж монгол хүн ярьдаг бол XIX зууны үеийн Францын нэртэй улс төрч, ерөнхий сайд асан Жорж Клөмансо “Дипломат алба гэдэг бол дан ганц эрчүүдэд найдаж хариуцуулбал маш гоомой болох тийм чухал ажил” гэжээ. Бүр саяхны юм яривал нэг сар гаруйн өмнө У.Хүрэлсүхийг Москвад айлчлахад Төрийн Думын Дээд танхимын дарга Валентина Матвиенко түүнд “Гадаад харилцааны асуудлыг эмэгтэй хүнд мэдүүлсэн нь их ухаалаг, зөв шийдвэр болсныг тэмдэглэмээр байна. Би эрэгтэй хүнийг хүндэлдэг, гэхдээ дипломат ажлыг эрхлэн явуулахдаа эмэгтэй хүн илүү байдаг юм аа” гэж билээ.  

Гэхдээ аль ч газрын дипломат албаны  өндөрлөгт эмэгтэйчүүдийн хүрсэн зам тийм дардан байдаггүй.
Одоо 40 гаруй хэдэн эмэгтэй элчин сайдтай буй АНУ гэхэд л анхны бүсгүй элчин сайдаа энүүхэн 1949 онд л томилж байжээ. 

Төрийн департамент эмэгтэй ажилтнуудаа гэрлэвэл ажлаа өгөхийг шаарддаг ёс 1974 онд л халагдсан гэвэл ямар вэ? Үүнийг би хэлээгүй, АНУ-ын ази гаралтай анхны элчин сайд (Балбад сууж байсан) эмэгтэй Жулиа Чан Блох хэлсэн байна. “Нэг бол амьдралаа, үгүй бол ажлаа сонго!” гэдэг байжээ. 1976 онд АНУ-ын Дээд шүүх Төрийн департаментыг дипломат албанд элсэх шалгалт, томилолт, зэрэг дэв ахиулах, шагналын систем хэрэгжүүлэхдээ хүйсээр ялгаварлан гадуурхаж байгааг тогтоож (Palmer v. Baker), энэ явдлыг арилгуулах эрхийн акт гаргаж байв. 

Зуу хүрэхгүй жилийн түүхтэй АНУ-ын дипломат алба эмэгтэй элчин сайдтай болтлоо 25 жил, ази гаралтай хүнийг элчин сайдаар томилтлоо 65 жил, энэ албаны толгойд эмэгтэй хүн гаргатлаа (Мадлэн Олбрайт) чилийсэн 72 жилийг туулжээ.

АНУ төдийгүй дээр дурьдсан Швед, Канад, Норвеги тэргүүтэн ч өдий хэмжээнд хүртлээ ихийг л үзсэн байж таарна. 

Марзан юм ч их байдгийн нэг жишээ Франц, Итали, Испани, ОХУ зэрэг олон оронд улсаа төлөөлөн сууж байсан Исландын луглагар дипломатч эмэгтэй Берглинд Асгейрсдоттир дурсахдаа “Дипломат албанд, залуу байхад хурал уулзалтанд эрчүүдийн дунд би ганц эмэгтэй сууж байх нь ердийн хэрэг байв. 1982 онд манай ерөнхий сайд Германд айлчиллаа. Германы канцлер биднийг эхнэртэйгээ хүлээж авсан юм. Сайдуудтайгаа мөр зэрэгцээд уулзалтанд явж ороход намайг нэг сайдынх нь эхнэр гэж бодсон нь илт, эхнэрүүдийн ширээ рүү урьж билээ” гэжээ.

Манай хойд хөршид Гадаад хэргийн яам нь эмэгтэй хүнийг эгнээндээ авахдаа хэзээний дургүйгээрээ алдартай. Эдуард Шеварднадзе 1985 онд сайд болоод яамны шинэ боловсон хүчний асуудлаар хуралдаж, охид бүсгүйчүүдийг хэр олноор авч байгаа тухай асуусанд хариуцсан хүн нь “Ноднин жилийнхээс даруй хоёр дахин олон эмэгтэй авсан” гэж нүүр бардам хэлжээ. Тэгээд тэр ноднин нь хэдэн бүсгүй авч вэ гээд үзсэн чинь ердөө ганцхан хүн авсан байж гэнэ. Үүнийг бас би зохиогоогүй, энэ яаманд одоо хүртэл ярьдаг яриа гэнэ. 

2002 онд болсон элчин сайд нарын зөвлөгөөн дээр ерөнхийлөгч В.Путин “Оросын дипломат албанд эмэгтэйчүүдийн тоо цөөн байгаа нь энэ улсын гадаад бодлогын сул тал болоход хүрлээ” гэж байв. Улмаар 2004 онд дипломат албанд дотоодын 26 их дээд сургуулийн 189 төгсөгч авсны 54 хувь нь охид байсан нь урьд хожид үзэгдээгүй явдал гэгдэж, шагшаан шуугиан болсон гэнэ. Ямар ч байсан манай их хөрш одоогоор гурван эмэгтэй элчин сайдтай (Индонез, Болгар, Кабо Вэрдэ), ер нь бол түүхэндээ хэчнээн эмэгтэй элчин сайдтай улс вэ гэхээр гарын арван хуруунд хүрэхгүй л юм.         

Дээр нэр гарсан В.Матвиенко бээр улс төрийн ажлаар нэрд гарсан боловч үнэндээ мэргэжлийн дипломатч, элчин сайд хүн гэдгийг монгол бид байтугай орос нь ч бараг мэдэхгүй. 1991-1994 онд Мальта улсад элчин сайд байжээ. Чухам түүний хүчин зүтгэлээр оросуудын жуулчлан очих хамгийн дуртай газрын нэг нь эгнэгт энэ улс болсон түүхтэй. 

Хожим 1997-98 онд Грект ганцхан жил ажиллахдаа хоёр орны хооронд хүмүүнлэг, соёл, жуулчлалын гүнзгий бөх хэлхээ холбоо тогтоосны зэрэгцээ мань Грек НАТО-гийн гишүүн улс атал эднийд Оросын зэвсэг, тэр дундаа зенит пуужингийн цогцолбор худалдаж чадсан явдал мөн түүний гавьяа гэнэм. 

Мальтад байхдаа В.Матвиенкогийн хийсэн нэг ажил их дурсамжтай юм. 

Түүнийг очиход ЭСЯ-ны байшинг тойроод жигтэйхэн өндөр дүлий хана байж гэнэ. Шинэ элчин сайд тэр ханыг даруй буулган хог дээр хаяжээ. Хана үгүй болсонд нүд нь онгойж, хараа нь цэлийгээд ирсэн айл саахалтынхан энэ сайхан үйлд нь талархсаны тэмдэг болгон тус тусын бага жижиг хашааг мөн буулгаж, оронд нь ваартай цэцэг зайгүй өржээ.

Шинэ Орос улс Өрнөдтэй шинэ харилцаа эсгэж эхэлсэн үе юм. Одоо ингээд боджээ байхад, дипломат албаны ажил бол хана нураах ажил юм уу даа. Үл ойлголцлын, хүнд суртлын, явцуу эрх ашгийн гэх мэт өдий төдий хана энд тэндгүй бий. 

Тэр ханануудыг нурааж, монгол хүний ашиг сонирхол хэрэгжих зам харгуйг цэлийтэл нээнэ вий хэмээн элчин сайд бүсгүйчүүддээ эргэлзээгүй итгэнэм.



Б.Бат-Амгалангийн бичвэрээс  зөвшөөрөлтэйгээр нийтлэв