Испани эр хүн хооллосныхоо дараа босоод сандлаа тэгшилдэггүй, хоол хийхийг эмэгтэй хүний л ажил гэж боддог гэвэл та итгэх үү. Хүүхдээ өсгөхийг хүртэл ээжүүдийн л үүрэг гэж үздэг эдгээрээ испани эрчүүд “алдартай”.

Энэ мэт аахар шаахар зүйл хийхээс татгалздаг хандлагаа тэд “Мачо мэн”  буюу жинхэнэ эр хүний илэрхийлэл гэж үздэг. 

Гэвч энэ мэт хэзээнээс хүмүүсийн дунд амь бөхтэй оршиж ирсэн, байх л ёстой юм шигээр ойлгогдож ирсэн цаг үеэсээ хоцрогдсон үзэл хандлагуудыг өөрчлөх алхмыг тус улс зоригтой хийжээ. 2003 онд гэхэд энэ бугшсан ойлголтыг халахын тулд Испанийн засгийн газар 1.7 сая евро зарцуулсан ч үр дүнгээ өгөөгүй ажээ.

Иймээс жендэрийн асуудлыг цэгцлэхийн тулд албан ёсоор хуульчилсан байна.

Хуулийн дагуу гэрлэлтээ батлуулсан л бол заавал гэрийн ажлаа хувааж хийх ёстой гэнэ. Хуримын ёслолын үеэр үүнийг баталгаажуулж эхнэр нөхрийн хэн ч бай гэр бүлийн харилцаанд адил, тэгш үүрэг хүлээнэ хэмээн бие биедээ тангараг өргөдөг. 

 Уг хуулийг Испани улс 2005 оноос хэрэгжүүлж буй. Эхнэр нөхрүүд гэрийн ажлаа энэ тэнцүү хувааж хийх шийдвэрийг Испанийн конгрессоор батлуулахад тууштай зүтгэсэн сенатчийн нэг бол Маргарита. 

Тэрбээр “Энэ хууль хэн нь чухам хоолоо хийж, хувцсаа угаах асуудлыг шийдэж байгаа юм биш. Харин эмэгтэйчүүд гэрийн ажил хийх ёстой гэсэн хэвшмэл ойлголтыг халах зорилготой. Гэр бүлийн хандлагын нөлөөгөөр жендэрийн мэдрэмжтэй, нэг нэгнийхээ хүсэл сонирхлыг хүндэтгэдэг хүмүүжилтэй жендэрийн мэдрэмжтэй ирээдүйг бэлдэж байгаа юм” гэжээ. 

Хэрвээ эрчүүд гэрийн ажилд туслах үүргээ биелүүлээгүй шалтгаанаар гэр бүлээ цуцлуулбал шүүх шийдвэр гаргахдаа эмэгтэйчүүдэд давуу эрх олгодог байна. 

Сонирхуулахад саяхны судалгаагаар Испани эмэгтэйчүүд өдөрт дунджаар 6 цагийг гэрийн ажилд зарцуулж байна гэж гарсан юм. Гэтэл эрчүүд дөнгөж 44 минут зарцуулдаг нь нотлогджээ.