Улс орны хөгжилд баялаг бүтээгч, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлнэ

Л.Дэлгэрмаа
08 сарын 29, 2022

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор “Эдийн засгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь” үндэсний чуулган Төрийн ордонд болж байна.

Чуулганаар эдийн засгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо, боломж, дэмжлэг, олон улсын туршлага, жендерийн мэдрэмжтэй санхүүгийн салбар, хариуцлагатай бизнесийн  байгууллагыг хөгжүүлэх, хөдөлмөр эрхлэлт, хүний нөөц зэргийн талаар илтгэл сонсож, хэлэлцэх юм.

Чуулганаас эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр ойрын хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргэнэ.

Нийслэл, 21 аймаг, иргэний нийгэм, хувийн хэвшил, олон улсын байгууллагын төлөөлөл болох 800 гаруй хүн оролцох чуулганыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Олон улсын эмэгтэйчүүдийн худалдаа, аж үйлдвэрийн холбоо, Азийн сан хамтран зохион байгуулж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх үндэсний чуулганыг нээж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

“Эрхэм хүндэт бизнес эрхлэгч, баялаг бүтээгч эмэгтэйчүүд ээ,

Эрхэм хүндэт зочид оо,

Та бүхэнд энэ гэгээн сайхан өглөөний мэндийг өргөн дэвшүүлье.

Эмэгтэй бизнес эрхлэгчдийн үндэсний чуулган цар тахлын давлагаа үргэлжилж, олон улсын хурцадмал байдал, тээвэр ложистикийн саатал, үнийн өсөлт, ард иргэдийн худалдан авах чадвар буурах зэрэг улс төр, нийгэм, эдийн засгийн тулгамдсан олон асуудалтай нүүр тулсан хүндхэн цаг үед болж  байна.

Энэ онцгой хүндрэлтэй он жилүүдэд бизнесээ эрхэлж, ажлын байраа хадгалан, төр улсаа дэмжиж ирсэн бизнес эрхлэгч, баялаг бүтээгч, хөрөнгө оруулагч эмэгтэйчүүд Та бүхэндээ Монгол төрийн нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.

Хүн төрөлхтөн, дэлхий нийтээрээ цар тахал, геополитикийн амаргүй цаг үеийг хамтдаа туулж байна.

Ялангуяа манай хойд хөрш дайны байдалтай, улс төр, эдийн засгийн хүчтэй хориг, хязгаарлалтад орсон, урд хөрш цар тахлын хязгаарлалттай, улс төр, геополитикийн нэн эгзэгтэй, хурцадмал нөхцөл байдалд байгааг Та бүхэн мэдэж байгаа.

Биднээс үл хамаарах гадаад нөхцөл байдал, түүний сөрөг үр дагавар, нөлөөлөл манай улсын эдийн засаг, ард түмний аж амьдрал, бизнес эрхлэгчдэд хүндээр тусаж байна.

Дэлхий нийтийг хамарсан цар тахал, дайн тулаан, зэвсэгт мөргөлдөөн, улс төр, эдийн засгийн хямралт байдал нь дэлхийн ихэнх улсад бараа, үйлчилгээний нийлүүлэлтийг доголдуулж, үнийн хөөрөгдөл бий болгож, инфляц сүүлийн 10 жилд байгаагүй өндөр түвшинд хүрч байгаа нь эдийн засаг, дотоод аюулгүй байдалд ч сөргөөр нөлөөлж байна.

Тухайлбал, цар тахал, бүс нутгийн геополитикийн хурцадмал орчин, хил боомтын нэвтрэн өнгөрүүлэх чадавхын сул байдал зэрэг нь 2020 оны эхнээс манай улсын эдийн засагт хүнд цохилт өгч, ажилгүйдлийн түвшин 7.5 хувь, ядуурлын түвшин 27.8 хувьтай болоод байна.


Бараа, үйлчилгээний үнийн өсөлт буюу инфляцын түвшин манай улсад сүүлийн 13 жилд байгаагүй өндөр түвшинд хүрч, нүүрс болон бусад уул уурхайн бүтээгдэхүүний экспортын биет хэмжээ огцом буурснаас гадаад валютын орох урсгал багасаж, монгол төгрөг америк долларын эсрэг тодорхой хэмжээгээр сулрах суурь шалтгаан боллоо.

Мөн түүнчлэн олон улсын байгууллагуудын судалгаагаар цар тахлын эдийн засагт үзүүлсэн сөрөг нөлөө манай бизнес эрхлэгчид, тэр дундаа эмэгтэй бизнес эрхлэгчдэд илүү мэдрэгдсэн гэсэн дүгнэлт гарчээ.

Манай улс энэ амаргүй цаг үеийг хохирол багатай даван туулах, цаашлаад эдийн засгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг ханган бэхжүүлэхийн төлөө зохих арга хэмжээнүүдийг шат дараатай авч хэрэгжүүлж ирлээ.

Тухайлбал, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаас хийсэн судалгаагаар цар тахлын үед айл өрх, аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, уур ус, хогны төлбөрийг төрөөс хариуцсан, татвар, Нийгмийн даатгалын шимтгэл, хүүхдийн мөнгө зэрэг зохих дэмжлэг, хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлсэн, мөн “10 их наяд”-ын цогц төлөвлөгөөний хүрээнд ажлын байрыг дэмжихэд зориулж 2 их наяд төгрөгийн зээл олгож, 100 мянга гаруй ажлын байрыг хадгалж чадсан зэрэг нь ард иргэд, бизнес эрхлэгчдэд чухал дэмжлэг болсон гэж үзжээ.

Үүний зэрэгцээ төр, засгийн зүгээс хувийн хэвшил, бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдээ бүх талаар дэмжин хамтран ажиллах чиглэлээр олон талт уулзалт, чуулган, зөвлөгөөн, сургалт, семинар зохион байгуулж, тэднийхээ санаа бодлыг сонсож, санал санаачилгыг нь ажил хэрэг болгохоор зорьж байгаа нь төр, хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд гаргаж, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд зохих үр дүнгээ өгнө гэдэгт итгэж байна.

Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар өнгөрсөн оны 9 дүгээр сард “Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалт”, энэ оны 05  дугаар сард “Бизнес ба эмэгтэйчүүд” зөвлөгөөн, Ерөнхий сайдын ивээл дор “Монголын эдийн засгийн форум” зэрэг томоохон арга хэмжээг зохион байгууллаа.

Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” зэрэг үндэсний хөдөлгөөнүүдийг улс орон даяар хэрэгжүүлж байгааг Та бүхэн мэдэж байгаа.

Үндэсний хөдөлгөөнүүд нь уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, хөдөө аж ахуйг хөгжүүлэх, хүнсний хангамж, аюулгүй байдлыг сайжруулах, аж үйлдвэржилтийг сэргээн хөгжүүлэх, улмаар ажлын байрыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг бий болгох зэрэг улс орны тогтвортой хөгжлийг хангахад чиглэгдсэн эерэг олон үр дүн авчирна гэж тооцож байна.

Мөн УИХ-аас Зөвшөөрлийн тухай, зөвшөөрлийн жагсаалт батлах тухай хуулийг батлан гаргаж, төрөөс олгодог зөвшөөрлийн тоог тав дахин цөөлсний зэрэгцээ Засгийн газраас Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлээд байгаа бөгөөд “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд 94 хөгжлийн төсөл, хөтөлбөрийг хувийн хэвшил, баялаг бүтээгчидтэйгээ хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Хэдийгээр тодорхой үр дүн, ахиц дэвшил гарч байгаа хэдий ч бүх зүйл сайн сайхан болчихсон гэсэн үг биш ээ. Бид амжилт бүтээлээ бататгаж, алдаа дутагдалаа засаж сайжруулах шаардлагатай байна.

Өнөөдрийн үндэсний чуулган ч гэсэн улс орны хөгжил дэвшилд баялаг бүтээгч, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийнхээ оролцоог нэмэгдүүлэх, Та бүхний өмнө тулгарч буй хүндрэл бэрхшээлийг хамтдаа шийдвэрлэхэд зохих алхам болно гэж Төрийн тэргүүн үзэж байна.

Эрхэм хүндэт чуулганы төлөөлөгчид өө,

Монголчууд бид эрт дээр үеэс эх хүнийг хүндэтгэн дээдэлж, эмэгтэйчүүдээ эрхэмлэн хайрлаж, үг сургаалыг нь сонсож, үйл хэргийг нь алдаршуулж ирсэн сайхан уламжлалтай.

Аливаа улс үндэстний хөгжил цэцэглэлт, гэр бүлийн сайн сайхан бүхэнд эхчүүд, эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоо онцгой чухал үүрэгтэй байдаг. Тиймээс аливаа улс орны хөгжил дэвшлийг жендерийн тэгш байдлыг хэрхэн хангаснаар нь үнэлдэг жишиг дэлхий нийтэд тогтоод удаж байна.

НҮБ 1948 оны Хүний эрхийн түгээмэл тунхаглалдаа жендерийн тэгш байдал, ижил боломжийг олгохыг гишүүн орнууддаа уриалж, албан ёсоор тунхагласан байдаг.

Төр, засаг нь эмэгтэйчүүдээ сонсдог, бүх талаар дэмждэг, эмэгтэйчүүдээ хайрлаж, хүндэлдэг улс гүрэн илүү их зөв зохистой хөгжин дэвжиж ирсэн туршлага байдгийг дэлхийн түүх Та бидэнд бэлхнээ харуулж байна.

Ийм ч учраас хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэсэн хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэмд улс төр, нийгэм, соёл, эдийн засгийн хөгжилд жендерийн тэгш оролцоотой байх зарчмыг Монгол Улс Үндсэн хуулиараа тунхагласан байдаг.


Монгол Улс жендерийн тэгш бус байдлын үзүүлэлтээр 2019 оны байдлаар 189 орноос 71-д эрэмбэлэгдэж байгаа бөгөөд жендерийн тэгш бус байдлыг бууруулах, түүн дотроо эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих шаардлага байгааг дотоод, гадаадын олон судалгаа харуулж байна.


Монгол Улсад одоогоор 1.2 сая орчим хүн албан ёсоор ажил эрхэлж байгаа бөгөөд үүний 46.5 хувь эмэгтэйчүүд байна.

Манай эмэгтэйчүүдийн дийлэнх нь эрүүл мэнд, боловсрол, худалдаа, санхүү, даатгал болон зочид буудал, байр, орон сууц, нийтийн хоолны үйлчилгээний салбарт түлхүү ажиллаж байна.

Мөн нийт ажил эрхэлж буй эмэгтэйчүүдийн 65.5 хувь нь цалин хөлстэй ажил хийж байгаа бол 13.1 хувь нь хувиараа хөдөлмөр эрхлэгчид, 21.3 хувь нь малчин эмэгтэйчүүд байна.

Түүнчлэн эрэгтэй, эмэгтэй ажиллах хүчний оролцооны түвшин 2008 оноос хойш хэт зөрүүтэй болсон бөгөөд өнгөрсөн 6 дугаар сарын байдлаар эрэгтэй ажиллах хүчний оролцооны түвшин 68 орчим хувьтай байгаа бол эмэгтэйчүүдийнх 52 хувь буюу 16 орчим функтээр эрэгтэйчүүдийнхээс бага байна.

Азийн хөгжлийн банкны судалгаагаар Монгол Улс дээрх зөрүүг арилгаж чадвал 30 жилийн дотор эдийн засгаа 16 хувиар тэлэх боломжтой гэсэн дүгнэлт гарсан байдаг.

Өөрөөр хэлбэл, дээрх тоо мэдээлэл, судалгаанууд нь эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, ялангуяа тэдний бизнес эрхлэлтийг дэмжих, нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт, ажил эрхлэх боломжийг эрс сайжруулах шаардлагатай байгааг тодорхой харуулж байна.

Эмэгтэйчүүд маань улс орны нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт ажиллаж байгаа бөгөөд жижиг дунд, бичил бизнесийн салбарт түлхүү гар бие оролцож, баялаг бүтээж байна.

Тухайлбал, жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа эрхэлж буй бизнес эрхлэгчдийн бараг 70 орчим хувь нь эмэгтэйчүүд байгаа бөгөөд тэдний 80 орчим хувь нь худалдаа, үйлчилгээ болон дахин боловсруулалтын салбарт ажиллаж,   2009-2020 оны хооронд 50 мянган ажлын байр шинээр бий болгожээ.


Цаашид эмэгтэйчүүдийн нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулах хувь нэмэр, гүйцэтгэх үүрэг, шийдвэр гаргах түвшинд оролцох оролцоог нэмэгдүүлэх, жендерийн тэгш байдлыг хангах, хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах, түүнийг таслан зогсоох, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг бүх талаар дэмжих чиглэлд төрийн бүх шатны болон холбогдох байгууллага, албан тушаалтнууд онцгой анхаарал хандуулж ажиллахыг Төрийн тэргүүн чиглэл болгож байна.


Ялангуяа, бүсгүйчүүд, эмэгтэй бизнес эрхлэгчдээ дэмжихэд дараах асуудлуудад анхаарал хандуулах шаардлагатай байна.

Үүнд:

  • Зах зээлийн суурь тогтолцоог гажуудуулахгүй, ямар нэгэн хэт давуу байдал үүсгэхгүй байх зарчмыг баримтлан эмэгтэй бизнес эрхлэгчдийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох;
  • Жендерийн мэдрэмжтэй эдийн засгийн бодлого төлөвлөн хэрэгжүүлэх, ялангуяа, татвар, хөнгөлөлт, чөлөөлөлтийн бодлогоо сайжруулах, урт хугацаатай, бага хүүтэй хөрөнгө оруулалт, санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх;
  • Бүх шатны шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх;
  • Уян хатан хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөр эрхлэх боломжийг сайжруулах, ялангуяа, хүүхэд харах, өдөр өнжүүлэх, ахмад настныг асрах үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах, цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх зэргээр эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэх боломж нөхцлийг бүрдүүлэх;
  • Зах зээлийн эрэлтэд нийцсэн эмэгтэй ажиллах хүчний нөөцийг бэлтгэх, эмэгтэйчүүдийн ажил хөдөлмөр эрхлэлттэй холбоотой тоо, мэдээллийн нэгдсэн сан, платформ хөгжүүлэх;
  • Цахим ажлын байр, цахим шилжилтийг эрчимжүүлэх зэрэг чиглэлээр эмэгтэй бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй хүндрэл, бэрхшээлүүдийг шийдвэрлэхэд төр засаг, холбогдох байгууллага, мэргэжлийн холбоод онцгой анхаарч ажиллах шаардлагатай байна.

Эрхэм баялаг бүтээгчид ээ,

Монгол Улсын Ерөнхийлөгч “100 жил – 10 зорилт” хөгжлийн санаачилгыг дэвшүүлсэн бөгөөд уг зорилтыг ханган хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, үр дүнтэй түншлэл чухал үүрэг гүйцэтгэнэ.

Улс орноо хөгжүүлж, хүчирхэг Монгол Улс болоход дараах зорилтуудыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Үүнд:

  1. Эх орноо эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангаж, цаашилбал эрчим хүч экспортлогч улс болох;
  2. Газрын тосны бүтээгдэхүүн, түлш шатахуунаа эх орондоо үйлдвэрлэж, нефть-химийн аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх;
  3. Хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, мал аж ахуй, газар тариалангаа эрчимжүүлэн хөгжүүлж, бүс нутагтаа органик хүнс экспортлогч орон болох;
  4. Хүнд, хөнгөн үйлдвэрүүд барьж, алт, зэс, төмөр, нүүрс болон бусад байгалийн баялаг, малын гаралтай түүхий эдээ эцсийн бүтээгдэхүүн болгон боловсруулдаг аж үйлдвэржсэн экспортлогч орон болох;
  5. Авто зам, төмөр зам, агаарын тээвэр, байгалийн хийн хоолой зэрэг дэд бүтцийн үндэсний сүлжээ байгуулан, хэвтээ болон босоо тэнхлэгийг холбосон тээвэр логистикийн нэгдсэн сүлжээ бий болгож, олон улсын болон бүс нутгийн сүлжээнд холбох замаар “Транзит Монгол Улс” болох;
  6. Аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгалын цөм технологи болох хиймэл оюун ухаан, блокчэйн, робот, юмсын интернэт, их өгөгдлийг нэвтрүүлж, инновац шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэн Цахим үндэстэн, дижитал Монгол болох;
  7. Унаган байгаль, нүүдэлчдийн өв соёл, зан заншил, түүх, уламжлалд түшиглэсэн соёлын бүтээлч үйлдвэрлэл, түүхэн болон байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэн, эдийн засгийн тэргүүлэх салбар болгох;
  8. Банк, санхүүгийн болон хөрөнгийн зах зээлийг хөгжүүлж, ухаалаг системийг нэвтрүүлэн, олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын идэвхтэй тоглогч болж, Монгол Улс бүс нутгийн санхүү, хөрөнгө оруулалтын шинэ төв болох;
  9. Орон зайн оновчтой бүтэц, нутагшилт суурьшлын зөв тогтолцоотой, метрополитан хотуудыг хөгжүүлж, хот хөдөөгийн хөгжлийг хурдасган, улс орноо бүсчлэн хөгжүүлэх;
  10. Эх дэлхийгээ шүтэн хайрладаг хүн ардтай, экологийн тэнцвэрт байдлыг хадгалан хамгаалдаг төр, засагтай “Ногоон Монгол” болохын зэрэгцээ гадаад харилцаа, хамтын ажиллагааг бүх талаар өргөжүүлэн хөгжүүлж, Монгол Улсын нэр хүнд, байр суурийг олон улсын тавцанд өндөрт өргөх нь чухал байна.

Эдгээр зорилтыг ханган хэрэгжүүлж чадсанаар монгол хүний эрүүл мэнд, боловсрол, амьдралын чанар сайжрахаас эхлээд жинхэнэ утгаараа эдийн засгийн аюулгүй байдлаа хангасан хүчирхэг Монгол Улс болон хөгжих үндэс суурь тавигдана.

Бизнес эрхлэгч, баялаг бүтээгч эмэгтэйчүүд Та бүхний ур ухаан, хичээл зүтгэл, идэвхтэй оролцоо, хамтын ажиллагаа энэхүү зорилтыг ханган хэрэгжүүлэхэд онцгой чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг Төрийн тэргүүн цохон тэмдэглэхийг хүсэж байна.


Өнөөдөр энэ танхимд УИХ, Засгийн газрын гишүүд, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, холбогдох яам, агентлагын удирдлага, албан тушаалтнууд хүрэлцэн ирсэн учтр та бүхэн санаа бодлоо чөлөөтэй хэлж, ажил хэрэгч санал, санаачилга гарган,  илэн далангүй, нээлттэй ярилцаж, тодорхой үр дүнд хүрэхийг хүсэж байна.


Эх дэлхийг диваажин болгож чадах үлэижийн чанар эмэгтэй хүнд, эх хүнд бий. Монголын сайхан ээжүүд, эмэгтэйчүүд, эхчүүд Та бүхэнд нийгмийг анагаах энэрэл хайрын аугаа их хүч бий гэдэгт би бат итгэдэг хүн.

Энд хүрэлцэн ирсэн элбэрэлт сайхан ээжүүд, бүсгүйчүүддээ, бизнес эрхлэгч, баялаг бүтээгч нийт эмэгтэйчүүддээ ажлын өндөр амжилт, эрүүл энх, аз жаргал, энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монголчууд бид оюун ухаан, сэтгэл зүрх, итгэл найдвараараа нэгдэн нийлж, гэрэлт сайхан ирээдүйн төлөө, үр хүүхдийнхээ аз жаргалын төлөө хамтдаа хүчин зүтгэцгээе.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай.”

Холбоотой сэдвүүд

жендэр эмэгтэйчүүд

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.